Sunday, March 24, 2019

Монгол хүний товчоон

Өөрөө бага хэмжээгээр оролцсон болоод ч тэр үү эсвэл найз ирж удахгүй авна гэснээс болоод ч тэрүү "Монгол хүний товчоон" энэ номыг амралтын өдөр уншлаа. Эхлээд ч за 500 хуудастай муу ном байвал ч аргаад яагаад ч дуусахгүй дээ гэтэл үгүй ээ 4 орчим цагын дараа л дуусчихлаа. Ном нь ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь Монголын төрт улсуудын түүхийг эдийн засаг, нийгэм, улс төр, үнэт зүйл талаас дүгнэсэн хэсгүүдтэй. Энэ хэсгийн хамгийн их таалагдсан нь тухайн үе тус бүрийн монгол хүний үнэт зүйлийг тодорхойлох гэж оролдсон их сонирхолтой. Плано Карпини, Марко Поло, Майский, Рой Чэпман Эндрюс зэрэг аялагчдын Монгол хүний тодорхойлолтууд бидний үнэт зүйлс яаж хувьсаж өөрчлөгдсөнийг илтгэх мэт. 13 зуунд хамгийн глобаль сэтгэлгээтэй Орхоны хөндийд одоогийн Нью Иоркийг байгуулж явсан үндэстэн Хомо Советикус болсон түүх их л сонирхолтой юм даа. Ер нь эхний хэсгийг бичсэн 3 авторууд маань нэгтгэн дүгнэх, өнгөрсөн түүхийг тодорхой фазуудад хуваах,  аналоги загвар сайн ашиглачихдаг улсууд санагдсан. Энэ хэсгийн сүүлд байгаа гадаадад байгаа Монголчуудын талаар ангилал, үе шатыг уншиж байхад 1990 оноос хойшхи  Монголын түүх бичигдээд, эргээд дүгнэгдэх цаг нь ирснийг илтгэх мэт. Номын хоёрдугаар хэсэгт 28 орны хөгжлийн түүхийг 28 өөр автор тус тусдаа бичиж. Би өөрөө энэ хэсэгт орсон болохоор бусад хүмүүсийн бичлэгтэй өөрийгөө харьцуулах гэж бас нилээн тухтай харсан. Ерөнхий формат нь ижил учраас хичнээн олон автортай байсан ч энэ хэсэг тун дажгүй. Зарим улс орнуудын талаарх огт мэддэггүй баримт, түүхийг уншаад их олзуурхсан. Жш нь Польш улс 1791 онд Европын анхны үндсэн хууль бүгд найрамдах улс болж байсан түүхийг хараад угаасаа эрх чөлөөний мэдрэмжтэй сүрхий улсууд байж дээ гэж бодогдов. Ботсвана улс 1966 онд Их Британий колониос гарахдаа 12 км хатуу хучилттай замтай 22 хон дээд боловсролтой батсвана иргэнтэй байж. Гэтэл энэ улс одоо нэг хүнд ногдох ДНБ-ээрээ манайхыг  гүйцчихсэн байх жишээтэй. Энэ мэт улсуудын жишээг ёстой амтархан уншлаа. Зарим хөгжил муутайг нь хараад манай улс энэ зам руу хальтрих вий зарим үсрэнгүй хөжсөнийг хараад шууд атаархал төрж байлаа даа. Ер нь тэгээд улс орон хөгжихөө хүрвэл ч амархан хөгждөг бас унахаа хүрвэл амархан унадаг юм байна. Хөгжлийн томьёо ч тийм хэцүү биш ердөө сайн хуулийн засаглал, өндөр боловсролтой иргэд, нээлттэй эдийн засгийн бодлого л юм байна гэж миний хувьд дүгнэсэн. Номын 2 хэсгийн дараа үндсэн 3 автор маань бүх улсуудын жишээг нэгтгэн дүгнээд явчихсан байна лээ. Номын 3 хэсэг нь ХҮН намын улс төрийн үзэл баримтлал гэж дүгнэж болохоор. Гэхдээ бусад намын мөрийн хөтөлбөр улс төрийн үзэл баримтлал шиг нэг их тунхаг, хүслийн жагсаалт биш нилээн суурьтай үзсэн санагдсан. За тэгээд энэ хэсгийг өөрсдөө дүгнэнэ биз. Ямартай ч Монголын түүхийг үечилж алдаа оноог нь дэнсэлж, Монгол хүний үнэт зүйл дотор луу шагайсан бүтээл болсон байна.
                    

Monday, January 21, 2019

Үй Хуа:Амьдрахуй

Тагтаа паблишингаас орчуулан гаргасан Үй Хуа гэх хятад зохиолчийн "Амьдрахуй" гэх зохиолыг уншлаа. Энэ зохиолыг Монгол зохиолоор жишвэл Ч.Лодойдамба гуайн "Хугараагүй ноён нуруу" Орос зохиолоор бол "Ёстой хүний тууж" шиг гэх юм уу даа. Гэхдээ дээрх 2 зохиолыг бодвол илүү урт хугацааг хамарсан бас илүү гунигтай. Зохиолын гол дүр Фу Гүй гэх эрхмийн залуу, идэр, өтөл насны амьдралыг хроник хүүрнэл байдлаар өгүүлсэн. Чинээлэг айлын залуу ноёнтон Фу Гүй гэр бүлээ огоорч жаргалдаа ташууран мөрийтэй тоглоом, эмс охидод толгойгоо мэдүүлж хөрөнгөө алдсанаар мань хүний зовлонт амьдрал эхлэнэ. Зохиолч Фу Гүйгийн гэр бүлээр төлөөлүүлж Хятадын иргэний дайн, Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал, Өлсгөлөнгийн он жил жирийн Хятад гэр бүлд ямар аймшигтай зовлон учруулсан болохыг харуулахыг хичээсэн гэлтэй. Насан туршдаа нөхрөө үнэнчээр хайрласан Жиа Жэн, зовлонт амьдралд нь итгэл сүүмийлгэсэн хүргэн Ван  Ши, хөрөнгөө алдахад нүүрээ бууруулдаг найз нөхөд гээд л  хүний амьдралд тохиолдох сайн муу саар бүх дүрүүдтэй. Гамингийн цэрэгт хүчээр элссэн Фу Гүй цэргээс оргож тосгондоо очих хүсэлтэй зохиолын хэсэг нь Монгол уншигчийн хувиар их өөр өнцөг байлаа. Хөөрхийдөө бидний нөгөө үзэн ядаад байдаг гамингууд дунд зүгээр л тосгондоо очих мөрөөдөлтэй хятад залуус бас байж дээ гэж бодогдох жишээний. Ер нь тэгээд Монгол ч бай Хятад ч  улс төрийн үймээн самуун, харалган бодлогын хор жирийн ард түмэнд л очиж буудаг юм байна гэсэн бодол л төрлөө. Орчуулга нь нилээн чамбай, хэвлэлт нь бусад Монгол номууд шиг сувинер хэвлэлттэй биш хөнгөхөн, авсаархан байгаа нь бас магтууштай.

Monday, December 17, 2018

Factfulness: Дэлхийн талаарх буруу бодлыг минь өөрчилсөн ном.

Амазон дээр уншчихаар юм юу байна гэж хайж байгаад Factfulness гэх энэ ном их өндөр рейтингтэй, Билл Гейтс ах хүртэл унш гээд санал болгочихсон болохоор нь худалдаж авсан юм. Бидний (эсвэл ганц минийх ч юм уу) дэлхийн талаарх мэдлэг их хуучирчихсан дэлхий ертөнцийн хүн ам нь ихдээд, хоол хүнс нь багадаад, байгаль дэлхий нь сүйдээд  хэцүүдэж байгаа гэж Томас Мальтус (орчин үеийнхээр бол Авенжерсийн Танос) шиг боддог нөхөр гэдгийг минь номын оршил бүлэгт байх 13 асуулттай тест шууд илчлээд өгсөн. Сэтгэлээр жаахан унасан ч энэ 13 асуулттай тестийг 12 мянган хүний түүвэртэй 14 оронд явуулахад нэг ч хүн бүтэн оноо аваагүй гэж бодохоор бас жаахан тайвширсан. Энэ ном дэлхий ертөнц бидний боддогоос илүү сайн, сайхан болохыг (болж байгааг) бидний дэлхийн талаарх зарим бодол, хандлага бодит байдалтай огт нийцдэггүй болохыг баримтаар нотолсон гэж хэлж болно.  Номны зохиогчид нь Ханс Рослинг (1948-2017) гэх Шведийн Каролинска институтын олон улсын эрүүл мэнд судлалын профессор болон өөрийн хүү Ола, бэр Анна. Номын эхэн хэсэгт ер нь бид яагаад дэлхийг улам бүр муудаж байгаа гэдэг бодол санаатай болчихсоныг тайлбарласан хэсэгтэй. Зохиогчийн үзсэнээр бид ердөө  улс орнуудыг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй гэж 2хон ангилж авч үздэгт байх шиг байна. Хөгжилтэй оронд бүх юм нь болоод бүх хүмүүс сайхан амьдардаг,  хөгжил муутай оронд хүн бүр тааруу амьдардаг гэж бодох нь их өрөөсгөл ойлголт болохыг сайхан тайлбарлаж өгсөн. Мань хүний саналаар өдөрт 2 доллар олдог 1-р түвшин, 2-8 доллар олдог 2 түвшин, 32 хүртэлх доллар олдог 3 р түвшин, 64ээс дээш олдог 4р түвшин гэж ангилах нь илүү зөв гэж үзсэн гэх үү дээ. Жишээ нь та хөгжиж буй Монголд амьдардаг ч гэсэн өдөрт 32 доллар олчихдог бол 3 түвшинд амьдарч байгаа чинээлэг дэлхийн иргэн болоод явчихаж байгаа юм. Аж үйлдвэрийн хувьсгал, чөлөөт зах зээл, шинжлэх ухааны буянаар гэх үү 1800 онд хүн төрөлхтөний 85 хувь өдөрт 2 доллар олдог нэн ядуу байсан бол одоо ердөө 9 хувь л энэ түвшинд байгаа гэдэг мэдээг сонсоод сайхан тайвшраад явчихсан. Дундаж наслалтын хувьд ч гэсэн 1800 онд 31 байсан бол 2017 онд 72 болж өссөн байх жишээтэй.  Бас нэг буруу бодол маань дэлхийн хүн ам ингээд л тасралтгүй өсөөд сүйд хийх нь гэтэл 2100 он гэхэд дэлхийн хүн ам ердөө 11 тэрбум болох л НҮБ-ийн таамаглал байгаа юм байна. Учир нь нялхсын эндэгдэл буурч байгаа учраас нэг эмэгтэйд 1800 оных  шиг 6 төрөлт биш ердөө 2,5 төрөлт ногдох болсон (ер нь цаашдаа буурах) прогнозтой юм билээ. Зохиогч Ханс Рослинг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үүсгэж буй айдсыг дэвэргэж байгаа Аль Горийг бас чимхээд авсан байна лээ.  Ер нь энэ медиа дэвэргэлт болон хөөргөн эмо нөхдүүдийг дагаж шувуу хүртэл буруу дэвлээ гэж ирээд  хямрах хэрэггүй  юм билээ шүү. Эцэст нь хэлэхэд бидний ой санамжид өнгөрсөн зүйлс аятайхнаар үлдчихдэг тийм болохоор өнөөдрийг  муу байна гэж бодох айдастай болчихдог юм билээ. Энэ талаар нэмж мэдээлэл авахыг хүсвэл https://www.gapminder.org/ болон талийгаач зохиолчийн TED Talk яриануудыг үзнэ бизээ.
 






Monday, December 3, 2018

Дэлхийн талаар мэдлэг шалгах тест:

Дэлхийн талаар мэдлэг шалгах тест: Энэ тестийг элдэв юм харалгүй үнэн зөвөөр бөглөөд дүнгээ комментоор нь бичээрэй. Зөв хариулт нь доороо бий. Оноогоо бичихдээ (өөрийн авсан оноо/13=Хувь) хэр их олон хүн бөглөснөөс хамаараад сүүлд уншсан нэг номныхоо талаар юм бичих эсэхээ шийддэг юм бил үү  Би бол анх өгөхдөө 50 хувь ч хүрээгүй.
1. Ядуу буурай орнуудад амьдардаг сургуулийн насны охидын хэдэн хувь нь бага сургуульд хамрагддаг вэ?
a. 20%
b. 40%
c. 60%
2. Дэлхийн нийт хүн амын олонхи нь ...... амьдардаг
a. Бага орлогтой улс орнуудад
b. Дундаж орлогтой улс орнуудад
c. Өндөр орлогтой улс орнуудад
3.Сүүлийн 20 жилийн турш дэлхийн нэн ядуу хүн амын тоо
a. Хоёр дахин ихэссэн
b. Хэвэндээ буюу буураагүй
c. Бараг 50 хувиар буурсан
4. Дэлхийн хүн амын дундаж наслалт
a. 50
b. 60
c. 70
5.Өнөөдөр дэлхий дээр 0-15 насны 2 тэрбум хүүхэд амьдардаг. НҮБ-ийн тооцоогоор 2100 онд хэдэн хүүхэд амьдрах вэ?
a. 4 тэрбум
b. 3 тэрбум
c. 2 тэрбум
6. НҮБ-ийн тооцоогоор дэлхийн хүн ам 2100 он гэхэд 4 тэрбумаар нэмэгдэнэ. Гол шалтгаан нь юу вэ?
a. Илүү олон хүүхдүүдтэй болно. (15 хүртэлх)
b. Илүү олон насанд хүрэгчид (15-74)
c. Илүү олон өндөр настантай болно (75-аас дээш)
7. Байгалийн гамшгаас болж амиа насаа алдсан хүмүүсийн тоо сүүлийн 100 жилийн турш.
a. Хоёр дахин нэмэгдсэн
b. Хэвэндээ байгаа
c. Бараг 50 хувиар буурсан
8. Дэлхийн 7 тэрбум хүн ам аль тивүүдэд амьдардаг вэ?
a. Ази тивд 4 тэрбум, Африкт 1 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 1 тэрбум
b. Ази тивд 3 тэрбум, Африкт 2 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 1 тэрбум
c. Ази тивд 3 тэрбум, Африкт 1 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 2 тэрбум
9. Дэлхий дээр байгаа 1 хүртэлх насны хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцинд хамрагддаг вэ?
a. 20 хувь
b. 50 хувь
c. 80 хувь
10. Дэлхий даяар 30 настай эрэгтэйчүүд дунджаар 10 жилийг сургуульд сурч өнгөрүүлдэг тэгвэл энэ тоо ижил насны эмэгтэйчүүдийн хувьд хэд вэ?
a. 9 жил
b. 6 жил
c. 3 жил
11. 1996 онд бар, хулсны баавгай, хар хирс нэн ховор амьтны жагсаалтанд багтсан. Өнөөдөр эдгээр гурван амьтны хэд нь нэн ховор амьтаны жагсаалтанд хэвээрээ байгаа вэ?
a. 3 уулаа байгаа
b. Нэг нь бий
c. Ганц нь ч байхгүй
12. Дэлхийн хүн амын хэдэн хувь нь цахилгаанд холбогдсон вэ?
а. 20
b. 50
c. 80
13. Дэлхийн дулаарлын талаар судалж буй эрдэмтдийн үзсэнээр дараагийн 100 жил дэлхийн цаг агаар
а. илүү дулаарна
b. хэвэндээ байна
c. илүү хүйтрэнэ
Зөв хариулт
1: C, 2: B, 3: C, 4: C, 5: C, 6: B, 7: C, 8: A, 9: C, 10: A, 11: C, 12: C, 13: A

Sunday, November 25, 2018

#Black Mirror



Эхнэр Netflix-ийнхээ нууц үгийг хуваалцдаг болсноос хойш "өнөө муу Дэмбэрэл юм үзээгүй болохоор их л баярлаж байна лээ" гэдэг шиг л амралтын өдрүүдэд Netflix үздэг болсон. Тэр дундаас Netflix-ийн #BlackMirror гэх цуврал бүүр нэг зүрхэнд юм үлдээлээ. Үргэлжилсэн үйл явдал байхгүй тус тусдаа кино болохоор олон ангит кино гэхээсээ нэг сэдвээр хийгдсэн олон кино гэх юм уу даа. Гол сэдэв нь орчин үеийн хиймэл оюун ухаан, робот, технологийн хөгжил дэвшил бидний өдөр тутмын амьдралыг болон хүмүүс хоорондын харилцааг хэрхэн өөрчлөх талаар гэх юм уу даа. Гэхдээ сайн талаас нь харуулах гэхээсээ илүүтэй сөрөг талыг нь харуулсан кино гэж дүгнэж болохоор. Хэрвээ sci fi болон триллер төрлийн кинонд дуртай бол шууд үзэхийг би зөвлөнө. Энэ цувралын зохиолч Чарли Брүүкер гэх нөхөрт бол би үнэхээр атаархлаа. Яаж тийм аймаар твисттэй кино зохиол бодож олдог зүрхэндээ дискотой, футурист хүн болоод төрчихдөг юм. За тэгээд хэрвээ үзчихсэн бол битгий хоцрогдсоноор минь дуудаад байгаарай. Харин үзээгүй нэгэн байвал заавал үзээрэй ялангуяа футуризм сонирхдог, орчин үеийн технологи яаж хөгжих бол гэж боддог бол. IMDB дээрх үнэлгээ 8.9/10 гэхээр л бараг ойлгомжтой юм даа. Жич хүүхдийн кино биш бас гэмт хэрэг, триллерт дургүй бол зарим нэг ангийг үзэхгүй байсан нь дээр шүү.

Wednesday, November 14, 2018

Brief answers to the big questions

Нэрт эрдэмтэн Стивен Хокинг гуайн сүүлийн бүтээл болох "Brief answers to the big questions" буюу "Том асуултуудад өгөх товч хариултууд" номыг өчигдөр орой уншиж дуусгалаа. Стивен Хокинг л хариулж чадах тэдгээр "аймаар" асуултууд нь юу байсан бол, юу гэж хариулсан бол гэдэг нь сэтгэл гижигдээд л нээлтээ хийсэн өдөр нь Kindle-дээ татаж суулгасан юм. Номын бүтцийн хувьд Өмнөх үг, Товч танилцуулга, Яагаад Том асуултууд гэж, тэгээд нөгөө айхтар 10 асуулт, Хокинг гуайн хариултын хамт гэсэн хэсгээс бүрдэж байна. Номны өмнөх үгийг ямар нэгэн эрдэмтэн биш өөрийнх дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн бичсэн нь их сонирхолтой байлаа. Бичгийн хүн биш жүжигчин хүн гэж бодсон ч часхийсэн өмнөх үгийг уншаад л ер нь энэ англичууд айхтар улс юмаа гэж бодогдсон. Номын танилцуулга хэсгийг Калтекийн профессор, мань хүний олон жилийн хамтрагч Кип Торн (Kip Thorne) гэх эрдэмтэн бичсэн байна лээ. Энэ хэсэгт ерөнхийдөө Хокингны гол нээлт нь Хар нүхний температур, цацраг гэдэг зүйл юм байна гэж ойлгосон. Мань хүний нээлт Эйнштений харьцангуйн онол, термодинамик, квантын физикийг холбож өгөхөд хамгийн их тус болсон юм уу даа. Ер нь захихад энэ номыг Kindle дээр уншвал дээр юм билээ. Зарим үгийг шууд википедиа, толь бичгээс харахгүй бол хэл байтугай ухаан хүрэхгүй зүйлс их гарсан. За тэгээд номын эхний хэсэг нь Яагаад том асуултууд гэж оршил хэсэг. Энэ хэсэгт Хокинг өөрийнхөө амьдрал хийгээд яагаад эдгээр Том асуултууд гэж гэдгээ тайлбарласан. Мань хүн өөрийгөө Галилео Галилейгээс хойш яг 300 жилийн дараа төрсөн гэдгээ бичихийн сацуу өөрийгөө шоолохоо мартаагүй байна лээ. Бас Хокингний аав нь Оксфордод сурч байсан мөн өөрийнх багын хоч нь Эйнштейн гэдэг байсан баримтууд нь их сонирхолтой байлаа. Гол санаа нь том асуулт буюу (Бурхан байдаг уу гм.) асуулт асуухаас битгий эмээ, сониуч бай, зорилготой бай гэдэг төгсгөл нь үнэхээр л сэтгэл хөдлөм байсан.
Номын дараах хэсэгт нөгөө айхтар 10 асуулт мань хүний хариултын хамт. Гэхдээ эхлээд асуулт болон хариултаа маш сайн тайлбарлаад хэсэг тус бүрийн төгсгөлд нь өөрийн хариултыг нэг өгүүлбэрт багтааж бичсэн хэлбэрээр бичигдсэн. Эдгээр 10 асуулт хариултынхаа хамт мөхөс миний ойлгосноор бол дараах б
1. Бурхан байдаг уу? - Үгүй. тэр ч бүү хэл урьд амьдрал хойд амьдрал ч гэж үгүй. Хорвоо ертөнц маш энгийн 3 зүйл буюу матери, энерги, орон зай гэсэн 3 зүйлээс бүрддэг. Их тэсрэлт болсны дүнд л бид үүссэн. Гэхдээ бурханаа шүтэж болно шүү гэсэн Хокинг гуай
2. Энэ бүхэн яаж үүссэн бэ?- Их тэсрэлтээс өмнө цаг хугацаа гэдэг ойлголт байхгүй байсан энэ асуулт их эргэлзээтэй юм билээ. Оргүй хоосноос их тэсрэлт тэгээд цаг хугацаа үүссэн гэж ойлгосон. Анти матери гэдэг зүйл байдаг юм билээ.
3. Биднээс өөр оюун ухаант амьдрал бий юу? За ер нь биднээс илүү хөгжилтэй соёл иргэншил байсан бол бидэн дээр аль хэдийн ирчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр бараг л үгүй болов уу харин тэд ирвэл Христофер Колумб уугуул индианчуудтай уулзаж байгаа юм шиг юм болно гэж хэлнэ лээ.
4. Ирээдүйг таамаглаж болох уу? За ер нь бол болно бас болохгүй. Яагаад таамаглаж болох ч бүх зүйлсийн байрлал хурд нь өөр учраас хэтэрхий нүсэр тооцоололтой болох юм билээ.
5. Хар нүхний дотор юу байгаа вэ?: Хар нүх гэдэг айхтар эд дотор орчихвол гэрэл ч зугтаж чаддаггүй, цаг хугацаа ч байхгүй болдог айхтар зүйл гэх чинь. За тэгээд дотор нь орвол нэг айхтар төлөвт орох юм билээ.
6. Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Буцаж бол болохгүй юм билээ харин ирээдүй рүү явчихаж болмоор юм шиг  Гэхдээ эргэж ирэхгүй гэх юм уу даа. Мань хүн энэ хэсэг дээр хийсэн туршилт нь элэг хөшөөм парти зохиогоод өнгөрсөн хойно нь зочиддоо урилгаа явуулах туршилт хийсэн байгаа юм даа.
7. Дэлхий дээр бид амьд үлдэх үү? За ер нь бол цөмийн дайн, цаг уурын өөрчлөлт, солирт мөргүүлэх гэсэн 3 зүйлийг л их анхааруулж байна лээ. Бас генийн инженерчлэл хийлгэсэн супер хүмүүс болон энгийн хүмүүсийн зөрчилдөөнийг сануулсан. Томас Мальтус шиг хүн ам ихдээд дэлхий жижигдэнэ л гэж л байна лээ.
8. Сансар огторгуйг колоничлох хэрэгтэй юу? Шууд л тийм Бүүр НАСА-гийн төсвийг нэм гэж байна лээ. Мань хүний хэлснээр бол 30 жилийн дотор Саран дээр бааз, 50 жилийн дотор Марсыг колоничлох хэрэгтэй гэсэн.
9. Хиймэл оюун ухаан биднээс ухаантай болох уу? За ер нь бол тийм гэж хариулсан хамгийн гол нь бид хянах ёстой гэж зөвлөсөн. Бид ч хөөрхөн киборгууд болох боломжтой юм билээ. Жш нь Квантын компьютерийн тусламжтай тархиа Википедиатай холбочих боломжтой ч гэсэн.
10. Ирээдүйд бид юу хийх ёстой вэ? Энэ хэсэгт боловсролыг хамгийн чухалчилсан тэр дундаа өөрийн дунд ангийн багшаа жишээ болгосон нь их сэтгэл хөдлөм. Мань хүний санаагаар нэг бол олон гаригыг колоничлох эсвэл AI ашиглаад энэ гаригтаа илүү сайхан амьдрах гэсэн зөвлөмжийг өгсөн байна лээ.

Хүн төрөлхтөний сод ухаантан энэ хүний гэрээслэл гэж болох энэ номыг уншсаны дараа ямар ч гэсэн нойр хулжаад бодолд ээрэгдэх л юм билээ.

Wednesday, October 24, 2018

Brain rules: Тархины дүрмүүд



Brain rules: Тархины дүрмүүд 
Өнгөрсөн 3 сард Сингапурт явж байгаад хуучин номын дэлгүүрээс Brain Rules буюу Тархины дүрмүүд гэх энэ номыг худалдаж авсан юм. Талд нь оруулчихаад л мартаад л дахиж эхлүүлсээр байтал 7 сарын дараа бүтэн уншиж дуусав ш дээ. Молекулийн биологич Ж.Медина гэх хүний тархи хэрхэн ажилладаг талаарх 12 дүрмийг багтаасан шинжлэх ухааны хялбаршуулсан энэ бүтээл үнэхээр сонирхолтой. Уншиж байхдаа нээрээ л яг ингэж боддог ш дээ гэж уулга алдахаар жишээнүүд ихтэй. Номын эхний бүлэгт тархины ерөнхий бүтэц, яагаад тархи яагаад хамгийн чухал эрхтэн болох талаарх тайлбарласан. Тархины хүнд гэмтэл авч хувь хүний зан төлөв нь огцом өөрчлөгдсөн Phineas Gage гэх төмөр замчин залуугийн түүхээс авахуулаад IQ нь 70 хүрэхгүй ч олон оронтой тоог чөлөөтэй цээжээр боддог хүүхэд г.м олон кейсүүдтэй. Эхний хэсгийг уншихад л "би" гэдэг зүйл чинь тархи маань юм байна гэж шууд л бодогдох юм билээ. Удаах бүлгүүдэд нь тархи яаж ажилладаг, үйл ажиллагаанд нь юу нөлөөлдөг 12 дүрмийг (ой санамж, хараа, мэдрэхүй, нойр, стресс, анхаарал, дасгал хөдөлгөөн г.м ) тус бүрт нь тайлбарласан. Ингэхдээ бүлэг бүрийн төгсгөлд бяцхан дүгнэлт, зөвлөмж маягын хэсэгтэй. Жш нь бидний тархи ширээний ард 8 цаг суухад зориулагдсан биш учраас зайлшгүй дасгал хөдөлгөөн хэрэгтэй юм байна. Нойр муу байх тархинд маш хортой бөгөөд нойрсож, зүүдлэх нь бидний тархийг чимээгүй бөгөөд аюулгүй галзуурах боломжийг олгодог юм байна. Хэрвээ нойргүй яваад байвал жинхнээсээ галзуурах юм билээ. Аливаа зүйлийг цээжлээд санадаг байх нь асуудал шийдвэрлэх эсвэл ухаалаг байдалтай огт холбоогүй юм байна. Тархиа ачаалуулж ажиллуулж л байвал тархи хөгшрөхгүй, төрөлхийн эрэл хайгуул хийх чадвартай гэх зарчмууд их сэтгэгдэл үлдээсэн. Энэ номыг уншсаны дараа яагаад ч юм хамгийн аймшигтай өвчин зөнөгрөх (dementia) юм байна л гэж бодогдсон.