Tuesday, May 19, 2015

“Зүйлсийн Интернэт” ба Маркетинг


Маркетерууд бид шинэ трендийг соргогоор олж харж дасан зохицохгүй бол хатуу ширүүн өрсөлдөөн, “хаврын тэнгэр” шиг ааштай хэрэглэгчийн зан төлвөөс хамаараад хаягдах аюултай. Зүйлсийн интернэтийн талаар Гүүглийн ахлах инженер Баттулгын блогоос анх уншаад сонирхолтой санагдаж маркетингид яаж нөлөөлөх талаар нь сонирхож үзлээ. Internet of Things буюу Зүйлсийн интернэт гэдэг нь энгийнээр хэлбэл бидний эдэлж хэрэглэдэг бүх зүйлс хоорондоо интернэтээр холбогдож илүү ухаалаг болох трендийг хэлж байгаа юм байна. CMO.com дээр Жизель Абромовичийн бичсэнээс дүгнэхэд дараагийн 5-10 жилийн дотор нилээн их зүйл өөрчлөгдөх төлөвтэй байна. Хамгийн сонирхолтой санагдсан таамаглалуудыг нь түүвэрлэвэл
• 2020 он гэхэд интернэтэд холбогдсон зүйлсийн тоо 50 тэрбумд хүрч нийтдээ 19 триллион долларын ашгийн болон зардлын хэмнэлтийг бий болгоно.
• Гэр ахуйн электрон хэрэгслүүд зүйлсийн интернэтийн хамгийн гол хэсэг болох төлөвтэй бөгөөд 2019 он гэхэд нийтдээ 490 тэрбумын потенциал бүхий зах зээл болно.
• Зүйлсийн интернэтийн технологийн зах зээл 2025 он гэхэд 6,2 триллион долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ өсөлтийн 2,5 триллион эрүүл мэндийн салбараас 2,3 триллион нь үйлдвэрлэлээс орж ирэх байх гэж таамаглаж байна.
• 2020 он гэхэд нийт автомашины 90% нь интернэтэд холбогдсон байна.
• Женерал Электрикийн таамагласнаар интернэтэд холбогдсон зүйлсийн дата, өгөгдлийн шинжилгээний зах зээл дараагийн 3 жилд 200 тэрбумд хүрнэ.
Энэ таамаглалуудаас харахад биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүд ч дараагийн хэдэн жилд айхтар хувьсаж өөрчлөгдөх төлөвтэй байна. Интернэтэд холбогдсон зүйлстэй болсон хэрэглэгчдийн зан төлөв ч гэсэн бас дагаад өөрчлөгдөх биз. Бараг л хөргөгч нь эзнийхээ өмнөөс хэрэгцээтэй зүйлсийн худалдан авах шийдвэрийг гаргалцаад явчих юм байна. Нөгөө талаас датанд суурилсан маркетинг нилээн хөгжих төлөвтэй юм байна. Интернэтэд холбогдсон зүйлс эзнийхээ хэрэглээний зан төлвийг яг таг маркетеруудад хэлээд өгчих учраас шийдвэр гаргалт улам нарийн болох нь ээ.
Эх үүсвэр:
http://www.cmo.com/articles/2015/4/13/mind-blowing-stats-internet-of-things-iot.html

Sunday, May 17, 2015

Үнэ цэнэтэй брэндийн жагсаалт

‪#‎Forbes‬ сэтгүүлийн 2015 оны хамгийн үнэ цэнэтэй глобаль брэндийн жагсаалт сая 05.13 нд вэб дээр тавигдаж. Эхний 5 байрны 4-ийг нь технологийн компаниуд эзэлсэн байх юм. Эппл өмнөх жилтэй харьцуулахад 17% өсөлттэй байх нь ч аргагүй биз харин хуучин бууны хугархай Майкрософт тийм ч хурдан байраа тавьж өгөхгүй нь гэхдээ брэндийн үнэ цэнэ нь Apple -аас 1 дахин бага байгаа тэднийг илүү ажиллах хэрэгтэйг нь харуулж байна. 
Форбесийн 2015 оны жагсаалтын эхний 5 брэнд 
1. ‪#‎Apple‬ 145.3 тэрбум
2. ‪#‎Microsoft‬ 69,3 тэрбум
3. ‪#‎Google‬ 65.6 тэрбум
4. ‪#‎Coca_Cola‬ 56 тэрбум
5. ‪#‎IBM‬ 49.6 тэрбум
Дашрамд хэлэхэд брэндийн үнэ цэнийг тооцох аргачлал нь янз бүр байдаг. Зах зээлийн судалгаа, санхүүгийн гүйцэтгэл, брэндэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд суурилан г.м ялгаатай байдлаар тооцдог. Тийм ч учраас боловсруулсан байгууллагын аргачлалаас хамааран үнэлгээний хэмжээ, жагсаалтанд эзлэх байр өөр өөр байдаг. Үнэ цэнэтэй брэндийн жагсаалтыг боловсруулж гаргадаг байгууллагуудаас Interbrand болон Brand Z жагсаалт их нэр хүндтэй. Brand Z -ийн 2015 оны жагсаалт энэ сард зарлагдах юм байна.


http://www.forbes.com/powerful-brands/list/#tab:rank

Thursday, May 14, 2015

Youtube дээр видер хичээлүүд, FB дээр Маркетер Нандиа


2008 онд саваагүйтэж  маркетингийн мультимедиа сурах бичиг гаргаж билээ. Оюутнуудад дахин дахин тайлбарлахаас өөр аргагүй байдаг үндсэн ойлголтуудаа видео болгочихвол амар юм байна гэж залхуурсан ухаантай.  Тухайн үедээ өөрийн заадаг байсан Маркетингийн Удирдлага, Маркетингийн судалгаа, Борлуулалтын удирдлага гээд 3 хичээлийн нийт 38 бүлэг хичээлийн слайдаа гүйлгээд  өөрийн хоолойтой цуг биччихээд зөндөө их зүйл их хийчихлээ гэж баахан онгирсон. Саяхан нэг PC-гээ ухаж байгаад  дахин  өнөөх видео хичээлүүдээ үзлээ. Хэдийгээр олон жилийн өмнө гаргасан ч хэрэгтэй хүн нь үзвэл бас юм авахаар юм байна. Ингээд л өнөө баахан видео хичээлүүдээ өөрийнхөө Youtube суваг дээрээ  байрлуулчихлаа. Youtube сувгийнх нь хаяг нь энэ https://www.youtube.com/user/nandinerdeneb Ерөнхийдөө видео хичээлийг үзэхдээ бүгдийг нь нэг дор биш аль болох нэг нэгээр нь, зав зайгаараа үзвэл илүү үр дүнтэй санагдсан. Ном уншихаас залхуу тань хүрдэг бас богино хугацаанд ерөнхий ойлголт авах сонирхолтой хүнд видео хичээл маш тохиромжтой. Жишээ болгоод Маркетингийн Удирдлага хичээлийнхээ 1-р бүлгийг энд тавьчихлаа. 
Нэгэнт л видео хичээлүүдээ нээлттэй болгочихсон юм чинь FB дээр хуудастай болмоор санагдаад https://www.facebook.com/marketerNandia гээд хуудас нээчихлээ. Маркетинг, менежментийн талаар өөрийн уншсан, сонссон бага ч гэсэн зүйлээ бусадтай хуваалцая  гэж санагдсаныг нуух юун. Ер нь зорилтот сонсогчоо зөвхөн ангид суугаа 30 хүүхэд эсвэл СЭЗДС-ийн оюутнууд гэж төсөөлөх нь буруу юм байна. Аль болох жаахан ч гэсэн уншиж судалсан зүйлээ хуваалцаж, бусдаас суралцахад FB сайхан тохирох санагдлаа. За тэгээд хэрэг нь гарвал Youtube -ээр орж видео хичээлүүд үзээд хажуугаар нь FB дээрхи Marketer Nandia хуудсаар зочилж хэрэгтэй пост байвал лайк дарчихна бизээ :-)