Wednesday, January 31, 2018

The Charisma Myth

Оливиа Фокс Кабанегийн "The Charisma myth" номыг олон сарын өмнө аваад дунд хэсэгт нь хүргэчихээд хаячихсан байсан хэд хоногийн өмнөөс дахиж эхлүүлээд шудраад хаялаа. Зохиогч нь АНУ-гийн том сургуулиудад лекц уншдаг болоод ч тэр үү арилжааны номнуудыг бодвол шинжлэх ухааны үндэстэй, олон янзын сэтгэлзүйн туршилтын үр дүнг багтаасан аятайхан л ном байна. Өндөр ур чадвартай, ухаалаг хүмүүс өөрийгөө үргэлж голж, өөрийн амжилтаа үгүйсгэх сэтгэлзүйн синдромтой (Impostor syndrome) байдаг нь илүү амжилтанд хүрэхэд саад болдог санагдлаа. Хэрвээ ийм төрлийн хүмүүс харизмын талаар илүү ойлгож, ур чадвар болгон хэвшүүлж чадвал сайн манлайлагч, энтпренер болж чадах ч юм шиг. Номын бүлэг болгон дээрээ харизмын дасгал ажлууд, дүгнэлтийн хэсэг байгаа нь биеэ даагаад ганцаараа харизмаа бүтээж болох сурах бичиг шиг л санагдлаа. Номонд зөвхөн харизмын хэв маягыг дурдаад зогсохгүй биеийн хэлэмж, илтгэл тавих, харилцааны чадвар гээд олон зүйлийг тодорхой жишээнүүдтэй тавьсан их таалагдлаа. Маркетингийн үүднээс бол CEO, удирдах түвшний ажилтнууд энэ номыг нэг уншчихсан байхад өөрийн хувь хүний брэндийг бүтээхэд их л хэрэг болох ном байна. Номоо уншиж дуучихаад саваагүйтээд Оливиагаас сургалт авбал гэж бодсон чинь доод тал 100k дойлуур хэрэг болох юм шиг байна 




Friday, January 5, 2018

Питер Морроу- Миний Монгол

Санамсаргүй үзэсгэлэн үзэж байгаад ХААН банкны захиралаар ажиллаж байсан Питер Морроу агсаны "Миний Монгол" дурдатгал номыг авсан юм. Барин тавин уншсаар шинэ оны эхний өдөр уншиж дууслаа. Пите Монгол хүмүүс, Монголын нийгмийг бидэнд таалагдах гэж магтаж саймширсангүй, муучилж доромжилсонгүй яг л байгаагаар (миний хувьд санал нийлсэн) нь өөрийнхөө мэдэрснээр бичжээ. Халагдсан ажилтан нь бөөгөөр хараалгуулж байсан түүхээс авахуулаад Гонгор бурхан залсан, авилгалч түшмэдийн дарамт, Монголын өнцөг булан бүрт аялсан аялал, ХААН банкийг хэрхэн орчин үеийн банк болгосон, урлаг соелыг дэмжиж Урлагын Зөвлөлийг байгуулсан зэрэг сайн болоод саар түүхээ хүүрнэжээ. Сайн банкираас гадна их ажигч, гярхай, бичгийн чадвар сайтай, Төв Ази, Монголын түүхийн талаар өндөр мэдлэгтэй хүн байсан нь номыг нь уншихад мэдэгдэж байлаа. Зарим зүйрлэлүүд нь үнэхээр оновчтой бөгөөд элэг хөшөөм Чингис хааныг Исус болон Жорж Вашигтон хоёрыг нэгтгэсэн хүн бурхан, Цагаан сарыг Талархлын баяр, Кристмас, Шинэ жилийн баярын холимог г.м Номны төгсгөл хэсэгт бидний талаар юуг ойлгох талаар бичсэн нь ганцхан гадныханд гэхээсээ илүүтэй бид ч уншаад авахад илүүдэхгүй санагдсан. Төгсгөлд нь хэлэхэд номонд гарсан Буд бөөгийн зөгнөснөөр 86 насалсан бол Монголчуудад их л хэрэгтэй хүн байж дээ гэсэн харуусал төрлөө.