Маркетингийг хамгийн өргөн ашигладаг салбар бол бизнесээс гадна улс төрийн салбар байдаг. Удам дамжсан маркетер, судлаач Лондонгийн ИС-ийн профессор Николас О ' Шокнессигийн "3-р Рейхийн Маркетинг: Ятгалаг, Өнгөлөн далдлалт, Пропоганда " гэдэг номыг олж аваад ихэд олзуурхан уншиж дуусгалаа. Товчхондоо энэ ном Наци (нацизм) гэх улс төрийн брэнд (идеологи) яаж Европын өндөр боловсролтой Германы ард түмнийг араасаа дагуулсан бүүр дайсан нь хүртэл атаархам брэндийг бүтээж чадсан талаарх түүхэн үйл явдлыг орчин үеийн маркетингийн онолын үүднээс тайлбарлажээ. Номын хувьд эхний хэсэгтээ улс төрийн пропоганда, маркетингийн талаар 2 хэсэгтээ Наци брэндийн бүрдэл болон түүнийг бүтээгчдийн талаар 3 дахь хэсэгтээ хэрхэн яаж Наци брэндийг бүтээсэн болон түүний ул мөр одоо хүртэл хэрхэн орчин үеийн улс төрийн кампанит ажил, соёлын бүтээлүүдэд шингэсэн байгаа талаар тайлбарласан байна.
Улс төрийн пропоганда гэдэг бол "псейдо реалити" буюу хуурмаг бодит байдлыг бий болгох явдал. Хуурмаг бодит байдлыг бий болгосноор өөрсдийн улстөрийн идеологоор ард түмнийхээ тархийг угаах бөгөөд үүнийг түүхэндээ хамгийн "гайхамшигтай" хийсэн улсууд бол нацистууд юм байна гэдэгтэй би лав бүрэн санал нийлсэн. Магадгүй улс төрийн маркетингийнхаа тал дээр нацистуудад хамгийн их дөхөж очих нь большевикууд байх гэхдээ тэд айдас хүйдэс, хядлагаар дамжуулан улс төрийн идеологио тулгасан бол нацистууд цэвэр улс төрийн кампанит ажлаар дамжуулж хийж чадсан байгаа юм. Энэ номыг уншаад гайхширсэн зүйл маань 1920-иод оны сүүл үеийн Германы зар сурталчилгааны сэтгэлзүй, улс төрийн кампанит ажлын хөгжил. Жишээ нь 1929 онд Дэлхийн Зар сурталчилгааны Конференци Берлин хотод зохион байгуулагдаж, Америкийн зар сурталчилгааны агентлагууд Германд салбараа нээж байсан байгаа юм. Нөгөө талдаа Гитлер ч өөрөө зураач, уран бүтээлч хүн учраас намынхаа улс төрийн кампанит ажилд маш их оролцож микро менежмент хийдэг байсан юм билээ. Анхны хас тэмдгийнхээ зургийг гаргах гэж Мюнхений номын санд олон цагаар суудаг байсан улс төрийн томчуулынхаа илтгэлийг өөрөө засдаг зэрэг олон баримтууд дурдсан байна лээ. Хэдийгээр Гитлер дуртай үедээ оролцох эрхтэй ч түүний улс төрийн кампанит ажлын машиныг нь пропоганда тал дээр др.Геббельс, сонин хэвлэл талыг нь др.Дитрех, Аманн, гадаад сурталчилгаан дээр нь Риббентроп, гол сегмент болох хөдөлмөрчдийн фронтыг нь др.Лей гэх улсууд хариуцаж хөдөлгөдөг байсан юм билээ. Геббельс улс төрийн мессежийг явуулах суваг бий болгохын тулд хямдхан Ард Түмний радио хүлээн авагч зохион бүтээж радио сонсогчдын тоог 1933-1942 онд 4,5 саяаас 16 саяд хүргэж байсан, тамганы дардас дээр хүртэл Фюрерийнхээ зургийг байршуулдаг байсан гээд итгэмээргүй инновацлаг аргуудыг ашиглаж байсан юм билээ. Нацизмыг төгс харагдуулахын тулд сүрлэг сайхан байшин барилга босгох, эрдэмтдийг ашиглан псейдо нээлт хийх, Олимп зохион байгуулах, олон нийтийг хамарсан сүрлэг парад хийх, олон төрлийн баримтат болон уран сайхны кино хийх, постер гаргах, улс төрийн илтгэл тавих зэргээр жирийн Герман хүний тархийг сайхан эргүүлсэн юм билээ.