Өөрөө бага хэмжээгээр оролцсон болоод ч тэр үү эсвэл найз ирж удахгүй авна гэснээс болоод ч тэрүү "Монгол хүний товчоон" энэ номыг амралтын өдөр уншлаа. Эхлээд ч за 500 хуудастай муу ном байвал ч аргаад яагаад ч дуусахгүй дээ гэтэл үгүй ээ 4 орчим цагын дараа л дуусчихлаа. Ном нь ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь Монголын төрт улсуудын түүхийг эдийн засаг, нийгэм, улс төр, үнэт зүйл талаас дүгнэсэн хэсгүүдтэй. Энэ хэсгийн хамгийн их таалагдсан нь тухайн үе тус бүрийн монгол хүний үнэт зүйлийг тодорхойлох гэж оролдсон их сонирхолтой. Плано Карпини, Марко Поло, Майский, Рой Чэпман Эндрюс зэрэг аялагчдын Монгол хүний тодорхойлолтууд бидний үнэт зүйлс яаж хувьсаж өөрчлөгдсөнийг илтгэх мэт. 13 зуунд хамгийн глобаль сэтгэлгээтэй Орхоны хөндийд одоогийн Нью Иоркийг байгуулж явсан үндэстэн Хомо Советикус болсон түүх их л сонирхолтой юм даа. Ер нь эхний хэсгийг бичсэн 3 авторууд маань нэгтгэн дүгнэх, өнгөрсөн түүхийг тодорхой фазуудад хуваах, аналоги загвар сайн ашиглачихдаг улсууд санагдсан. Энэ хэсгийн сүүлд байгаа гадаадад байгаа Монголчуудын талаар ангилал, үе шатыг уншиж байхад 1990 оноос хойшхи Монголын түүх бичигдээд, эргээд дүгнэгдэх цаг нь ирснийг илтгэх мэт. Номын хоёрдугаар хэсэгт 28 орны хөгжлийн түүхийг 28 өөр автор тус тусдаа бичиж. Би өөрөө энэ хэсэгт орсон болохоор бусад хүмүүсийн бичлэгтэй өөрийгөө харьцуулах гэж бас нилээн тухтай харсан. Ерөнхий формат нь ижил учраас хичнээн олон автортай байсан ч энэ хэсэг тун дажгүй. Зарим улс орнуудын талаарх огт мэддэггүй баримт, түүхийг уншаад их олзуурхсан. Жш нь Польш улс 1791 онд Европын анхны үндсэн хууль бүгд найрамдах улс болж байсан түүхийг хараад угаасаа эрх чөлөөний мэдрэмжтэй сүрхий улсууд байж дээ гэж бодогдов. Ботсвана улс 1966 онд Их Британий колониос гарахдаа 12 км хатуу хучилттай замтай 22 хон дээд боловсролтой батсвана иргэнтэй байж. Гэтэл энэ улс одоо нэг хүнд ногдох ДНБ-ээрээ манайхыг гүйцчихсэн байх жишээтэй. Энэ мэт улсуудын жишээг ёстой амтархан уншлаа. Зарим хөгжил муутайг нь хараад манай улс энэ зам руу хальтрих вий зарим үсрэнгүй хөжсөнийг хараад шууд атаархал төрж байлаа даа. Ер нь тэгээд улс орон хөгжихөө хүрвэл ч амархан хөгждөг бас унахаа хүрвэл амархан унадаг юм байна. Хөгжлийн томьёо ч тийм хэцүү биш ердөө сайн хуулийн засаглал, өндөр боловсролтой иргэд, нээлттэй эдийн засгийн бодлого л юм байна гэж миний хувьд дүгнэсэн. Номын 2 хэсгийн дараа үндсэн 3 автор маань бүх улсуудын жишээг нэгтгэн дүгнээд явчихсан байна лээ. Номын 3 хэсэг нь ХҮН намын улс төрийн үзэл баримтлал гэж дүгнэж болохоор. Гэхдээ бусад намын мөрийн хөтөлбөр улс төрийн үзэл баримтлал шиг нэг их тунхаг, хүслийн жагсаалт биш нилээн суурьтай үзсэн санагдсан. За тэгээд энэ хэсгийг өөрсдөө дүгнэнэ биз. Ямартай ч Монголын түүхийг үечилж алдаа оноог нь дэнсэлж, Монгол хүний үнэт зүйл дотор луу шагайсан бүтээл болсон байна.