“Ар хударга” киног бүр
зорин байж өчигдөр орой үзлээ. Эхлүүлээд
л унтах эсвэл ичээд зугтмаар санагддаг зарим нэг орчин үеийн Монгол киног
бодвол нэг шат илүү бүтээл юм. Ерөнхий плотын хувьд уул урхайн лизенцтэй Алдар
гэх залууг мафийн толгойлогч Канжи, сайн найз хоёр нь нийлэн өмнө нь бие үнэлэгч
байсан Маралаа гэх хүүхнээр өгөөш хийн хэрэгт
хутгаад лизенцийг нь булаан авна. Харин азаар Маралаа нь овоо сэтгэлтэй хүн
байж таараад эргээд Алдарт туслан өшөөгөө авч амар сайхандаа жаргана...
Кино эхлэхдээ л ямар нэгэн оршилгүйгээр өрнөөд л цус нөжиндөө хутгалдчихсан
Маралааг Алдар эмнэлэгт хүргэхээс эхлэх юм. Эхлэл хэсгээс буцаад тэр хоёрын танилцсан
хэсэг очиж хроник биш байдлаар хийгдсэн нь үзэхэд сонирхолтой болгох юм. Эхлэл хэсэг дээр нэг ойлгомжгүй зүйл нь баранд
танилцаж, ганцхан шөнийг хамт өнгөрүүлсэн Маралаад Алдар яагаад тэгж их итгээд
байгаа нь л сонирхолтой байлаа. Бүүр өөрийг нь хүчиндсэн гээд өргөдөл гаргачихаад
байхад л Алдар маань хэзээний найзууд шиг Маралаа тийм хүн биш гэж ирээд л гайхаад
байгаа нь жаахан үнэмшилгүй. Бас Канжигийн туслах, өндөр царайлаг хүүхэн яг л
Тарантиногийн “Биллийг устга”
киноны сцени шиг эмнэлэгт өндөр өсгийт дээр тог тог хийн алхан Марлаагаар
гарын үсэг зуруулж байгаа нь арай л Холливиуд маягтай харагдсан.
Шоронд хоригдож буй хэсэг бол сошл медиагаар тархсан шигээ үнэхээр оргил
хэсэг нь л байна лээ. Бодвол киноны зөвлөх нь үнэмшилтэй бодитой байлгахад тус
болсон юм шиг. Шоронгийн хэсгийн крантай, 180 градус, дээрээс нь авсан нь зураг
авалтууд үнэхээр янзын харагдаж байна лээ. Бас үйл явдлууд нь бодитой, юм
бодогдуулахаар санагдсан. Энэ хэсгийг чимсэн хүн бол яахын аргагүй Ах хүү буюу
жүжигчин Цэрэнболд. Ямар ч жүжиглэлтгүйгээр жинхэнэ хал үзсэн эр хүний дүрийг баргил
хоолойныхоо тусламжтайгаар ёстой сийлэх шиг болсон. Бас нэг таалагдсан зүйл нь
аргагүй л атаман маягын цав цагаан биеийн тамирын хувцастай шоронд нь орж
байгаа нь янзтай. Алдарыг шоронд оруулсан Маралаа маань харин энэ хооронд
сэтгэлээ ариусган машинаа угаалгасан шиг явж байгаа нь жаахан тиймхэн. Хотод
өсвөр насны охин шиг хувцаслан давгүй машин унаад зугаалж явсан Маралаа маань
Алдарыг Дарханд очоод уулзахад өвчтэй охиноо эмчлүүлэх мөнгө хайсан зовлонт
эхийн дүртэй болчих нь жаахан зөрчилтэй санагдсан. Зөрчилтэй ч гэх үү хийсвэр ч гэх үү бас
нэг дүр бол Канжигийн туслах эмэгтэйн дүр. Царайлаг, өндөр, залуухан эмэгтэй
боссынхоо баруун гар нь төдийгүй хамтдаа хар тамхи татаад л, амраглачихдаг
тэгсэн хэрнээ Кадастрын алба ороод ажил хөөцөлчихдөг ёстой “универсаль” туслах байна лээ.
Өшөө авалтын хэсэг дээр өнөөх атаман Аххүү маань цагдаа болж таараад ямар ч
гэсэн сайн тал дандаа ялах нь тодорхой болоод явчихна. Энэ хэсэг дээр өнөөх
найзуудаасаа өөр дотны хүнгүй Алдарын маань урваагүй найз нь (загвар өмсөгч нэг залуу тоглосон) машинаа зээлүүлэхээс өөр ямар ч
үүрэг рольгүй байгаа нь жаахан тиймхэн. Энэ хэсгийг нь үзэж суухдаа зодооны
хэсгийн найруулга манайд жаахан тааруу юм даа гэж бодож суулаа. Уг нь гол
баатар маань мотоциклийн дуулгаа бариад ирэхээр нь тэрүүгээрээ балбаж өгөх нь гэж бодож байсан чинь шидчихээд улаан гараараа
болон Old Boy кинон дээрхи шиг алх ч юм уу сүх ч юм уу бариад
үзэлцээд л байна лээ.
Эцэст нь хэлэхэд манай зах зээл жижиг ч гэсэн киночид маань улам л сайжраад
байна. Жүжигчид маань тогтсон дүрээ эвдээд, зохиолчид маань логик холбоос сайтай
өрнөлтэй зохиолоо бичээд явчихвал ер нь
л хөгжих гээд байна шүү
8/10