Тагтаа паблишингаас орчуулан гаргасан Үй Хуа гэх хятад зохиолчийн "Амьдрахуй" гэх зохиолыг уншлаа. Энэ зохиолыг Монгол зохиолоор жишвэл Ч.Лодойдамба гуайн "Хугараагүй ноён нуруу" Орос зохиолоор бол "Ёстой хүний тууж" шиг гэх юм уу даа. Гэхдээ дээрх 2 зохиолыг бодвол илүү урт хугацааг хамарсан бас илүү гунигтай. Зохиолын гол дүр Фу Гүй гэх эрхмийн залуу, идэр, өтөл насны амьдралыг хроник хүүрнэл байдлаар өгүүлсэн. Чинээлэг айлын залуу ноёнтон Фу Гүй гэр бүлээ огоорч жаргалдаа ташууран мөрийтэй тоглоом, эмс охидод толгойгоо мэдүүлж хөрөнгөө алдсанаар мань хүний зовлонт амьдрал эхлэнэ. Зохиолч Фу Гүйгийн гэр бүлээр төлөөлүүлж Хятадын иргэний дайн, Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал, Өлсгөлөнгийн он жил жирийн Хятад гэр бүлд ямар аймшигтай зовлон учруулсан болохыг харуулахыг хичээсэн гэлтэй. Насан туршдаа нөхрөө үнэнчээр хайрласан Жиа Жэн, зовлонт амьдралд нь итгэл сүүмийлгэсэн хүргэн Ван Ши, хөрөнгөө алдахад нүүрээ бууруулдаг найз нөхөд гээд л хүний амьдралд тохиолдох сайн муу саар бүх дүрүүдтэй. Гамингийн цэрэгт хүчээр элссэн Фу Гүй цэргээс оргож тосгондоо очих хүсэлтэй зохиолын хэсэг нь Монгол уншигчийн хувиар их өөр өнцөг байлаа. Хөөрхийдөө бидний нөгөө үзэн ядаад байдаг гамингууд дунд зүгээр л тосгондоо очих мөрөөдөлтэй хятад залуус бас байж дээ гэж бодогдох жишээний. Ер нь тэгээд Монгол ч бай Хятад ч улс төрийн үймээн самуун, харалган бодлогын хор жирийн ард түмэнд л очиж буудаг юм байна гэсэн бодол л төрлөө. Орчуулга нь нилээн чамбай, хэвлэлт нь бусад Монгол номууд шиг сувинер хэвлэлттэй биш хөнгөхөн, авсаархан байгаа нь бас магтууштай.