Wednesday, October 24, 2018

Brain rules: Тархины дүрмүүд



Brain rules: Тархины дүрмүүд 
Өнгөрсөн 3 сард Сингапурт явж байгаад хуучин номын дэлгүүрээс Brain Rules буюу Тархины дүрмүүд гэх энэ номыг худалдаж авсан юм. Талд нь оруулчихаад л мартаад л дахиж эхлүүлсээр байтал 7 сарын дараа бүтэн уншиж дуусав ш дээ. Молекулийн биологич Ж.Медина гэх хүний тархи хэрхэн ажилладаг талаарх 12 дүрмийг багтаасан шинжлэх ухааны хялбаршуулсан энэ бүтээл үнэхээр сонирхолтой. Уншиж байхдаа нээрээ л яг ингэж боддог ш дээ гэж уулга алдахаар жишээнүүд ихтэй. Номын эхний бүлэгт тархины ерөнхий бүтэц, яагаад тархи яагаад хамгийн чухал эрхтэн болох талаарх тайлбарласан. Тархины хүнд гэмтэл авч хувь хүний зан төлөв нь огцом өөрчлөгдсөн Phineas Gage гэх төмөр замчин залуугийн түүхээс авахуулаад IQ нь 70 хүрэхгүй ч олон оронтой тоог чөлөөтэй цээжээр боддог хүүхэд г.м олон кейсүүдтэй. Эхний хэсгийг уншихад л "би" гэдэг зүйл чинь тархи маань юм байна гэж шууд л бодогдох юм билээ. Удаах бүлгүүдэд нь тархи яаж ажилладаг, үйл ажиллагаанд нь юу нөлөөлдөг 12 дүрмийг (ой санамж, хараа, мэдрэхүй, нойр, стресс, анхаарал, дасгал хөдөлгөөн г.м ) тус бүрт нь тайлбарласан. Ингэхдээ бүлэг бүрийн төгсгөлд бяцхан дүгнэлт, зөвлөмж маягын хэсэгтэй. Жш нь бидний тархи ширээний ард 8 цаг суухад зориулагдсан биш учраас зайлшгүй дасгал хөдөлгөөн хэрэгтэй юм байна. Нойр муу байх тархинд маш хортой бөгөөд нойрсож, зүүдлэх нь бидний тархийг чимээгүй бөгөөд аюулгүй галзуурах боломжийг олгодог юм байна. Хэрвээ нойргүй яваад байвал жинхнээсээ галзуурах юм билээ. Аливаа зүйлийг цээжлээд санадаг байх нь асуудал шийдвэрлэх эсвэл ухаалаг байдалтай огт холбоогүй юм байна. Тархиа ачаалуулж ажиллуулж л байвал тархи хөгшрөхгүй, төрөлхийн эрэл хайгуул хийх чадвартай гэх зарчмууд их сэтгэгдэл үлдээсэн. Энэ номыг уншсаны дараа яагаад ч юм хамгийн аймшигтай өвчин зөнөгрөх (dementia) юм байна л гэж бодогдсон.