Библи шиг хавтастай, хуучирч шарлачихсан юм шиг цаасан дээр хэвлэгдсэн Н.Я.Бичурины "Монголын тухай тэмдэглэл" номыг нэг найз маань бэлэглэсэн юм. Монголын түүх, соёлын талаар сонирхдог бас дээр нь 200 гаран жилийн өмнөх орос эрдэмтэн Монголчуудыг юу гэж тодорхойлсон бол гэж бодохоор хорхой хүрээд л хичнээн зузаан ч гэсэн уншина даа гэж бодож явсаар сая л дуусгалаа. Товч тайлбар хэлэхэд энэ ном нь Н.Я.Бичурин гэх нангиадч эрдэмтэн хүн 14 жил Бээжин хотод амьдарч Монгол, Хятадын талаар судлаад Орос нутаг руугаа буцахдаа Монголоор дайрсан тэмдэглэл, Монголын түүх, тухайн үеийн газар нутаг, хүн амын төлөв байдал, хууль эрхзүйн талаар 4 бүлэгт багцлаад хэвлүүлсэн ном. Эхний бүлэгт Бээжингээс Хиагт хүрэх замын тэмдэглэл бөгөөд өдөр бүртээ явсан газрынхаа байр байдал, тохиолдсон адал явдлуудаа товчхон бичсэн байсан. Зарим тэмдэглэл нь нүдэнд их содон тусах юм билээ Жш нь Монголын түйрэн Бээжин хотыг элс шороогоор булдаг, цахруудыг хулгайч, танхай сонор сэрэмжтэй байх ёстой сануулсан Хятад цагдаагийн даргын сануулга, Юндэндорж гэх Монгол ван манж, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг гээд л 200 жилийн өмнө бид ийм байж зарим нь ч хэвээрээ юм шив дээ гэж санагдах тэмдэглэлүүд хөврөнө. Бичгийн хүн болохоор ч тэр үү газар орны байр байдал, тааралдсан хүмүүсийнхээ зан авирыг ч их гярхай ажиж нарийн тэмдэглэж үлдээсэн харагдсан. Өргөө хотод ирсэн тэмдэглэл дотор Маймаачин хот, Богдын өргөөг дүрсэлж бичсэн хэсэг нь тэр үеийн Хүрээнд очсон мэт сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Бороо голын хавьцаа юм уу даа нэрмэл тавьчихаад шоудаж байсан Монгол хүүхнүүдийн тэмдэглэлийг уншчихаад манай хүүхнүүд хэзээнээсээ гарч ордог байж бодогдлоо ;-) Номын хоёрдох хэсэгт тухайн үеийн Монголчуудын ерөнхий төлөв байдал, зан заншлын талаар бичсэн байна лээ. За тэгээд энэ хэсэгт биднийгээ төрөлхийн ухаан сайтай ч олзонд шунахай бас дээр нь эр, эмгүй ор дэрний ариун цэвэр (жаахан явдалтай гэж байгаа юм болов уу) муу сахидаг гэж дүгнэсэн байна лээ. Би ч бол бид ер нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа юм байна л гэж дүгнэсэн. Бас нэг сонирхолтой зүйл байсан нь нэг эхнэртэй байхыг манжууд 17 зууны сүүл үеэс нэвтрүүлсэн гэх өгүүлбэр нүдэнд содон туссан. За тэгээд үлдсэн дүгнэлтүүд яг л одоо хэвээрээ байгааг илтгэсэн дүгнэлтүүд газар нутгийг олон засаг захиргааны нэгжид хувааж тараах бутаргах бодлого Манжууд барьдаг, Монгол ноёд ер нь шан харамжид дуртай гээд л явж өгч байна лээ. Номын 3 бүлэгт Монголын эртний түүхт улсуудын талаар нилээн их судалгаатай он цагийн дарааллаар нь тайлбарласан байсан. Зарим нэрнүүд хятад, орос холилдоод аль улсын үеийн ярьж байгааг нь мэдэхэд төвөгтэй юм билээ. осолдохгүй л Хүннү, Сяньби, Жужань, Уйгар, Их Монгол улсуудаа л салгаж харж чадсан. Энэ хэсгийг уншиж байхад Хаан банкны захирал П.Морроу агсаны Монголчууд Чингисээс өмнөх үеийн түүхээ тоодоггүй гэдэг үг шууд л санаанд орж байна лээ. Уг нь өөрийгөө гайгүй л Монголын түүхийг мэддэг гэж боддог ч зарим Монголын эртний улсуудын түүх дайн тулааны талаар бол ёстой уншиж байгаагүй түүхүүд харагдаж байна лээ. Хичнээн ч олон овог аймаг Монголын тал нутагт байсан юм хичнээн ч олон улсууд мөхөж сүйрч алга болж байсан юм бэ дээ л гэж бодогдсон. Номын сүүлийн хэсэг 200 гаруй жилийн өмнөх Монголын хууль цаазын талаарх орчуулга гэх юм уу даа. Соц түүхээр л харанхуй бүдүүлэг байсан гээд байдаг болов ч Манжийн үеийн Монголын хууль цааз чинь их нарийн заалттай эд байсан юм байна даа гэж бодогдсон. Малын хулгайгаас авахуулаад галзуурсан хүнийг харгалзах тухай хүртэлх заалтууд байна лээ. За жш нь малын хулгайч Торой банди гуай талаарх заалт гэхэд 30 аас дээш адуу хулгайлвал санаачлагч, оролцогч бүгдийг нь цаазлаад хулгайлсан малыг хуваалцсан хамсаатныг халдварт өвчин тусдаг Хятадын муж руу цөлөх заалт байх жишээтэй. Бас эмэгтэй хүн дураараа чавганц болж болохгүй, инжний бэлгийн хэмжээг хэд байх, хүн амын тооллогыг 3 жил тутамд хийж байх сонирхолтой заалтууд их юм билээ.
За тэгээд төгсгөлд нь Монголын түүх, соёлыг сонирхдог хүн бол уншчихмаар л ном байна лээ шүү. Ер нь бид өөрсдийнхөө талаар тодорхойлж бичсэн номоос илүүтэй гадны нүдээр биднийг харж бичсэн ном л их бодитой дүгнэлттэй санагддаг болоод байгаа шүү. Түүнчлэн ер нь энэ 2 хөрш чинь биднийг бол нэвт шувт мэддэг юм байна. Харин бид энэ хоёр хөршөө өөрсдийн нүдээр харж дүгнэсэн бүтээл гэж байдаг юм болов уу. Нэг бол долоочих гэсэн нэг бол муучилсан мэдээллүүд түлхүү харагдах юм билээ.