Sunday, November 24, 2024

Инфлюнсер маркетинг

Өнгөрсөн долоо хоногт сургалт явуулж байхдаа маркетингийнхан инфлюнсер маркетингийн талаар их сонирхож байгааг мэдээд энэ талаар жаахан юм сараачая гэж бодлоо. Инфлюнсер маркетинг нь маркетингийн орчин үед гарч ирж байгаа идэвхжүүлэлтийн нэг арга хэрэгсэл. Гэхдээ өнгөрсөнгүй одоо байдаггүй гэгчээр селебрити эндорсмент буюу алдартнуудаар, мэргэжилтнүүдээр сурталчлуулах аргын орчин үежсэн, сошл медиа дээр суурилсан хэлбэр юм. Инфлюнсер маркетингийн гол давуу тал нь инфлюнсер болон дагагч нарын хоорондын парасошл харилцаа юм. Парасошл харилцаа гэдэг нь нэг талт буюу дагагч нар инфлюнсерээ мэддэг, танидаг, сэтгэлийн холбоотой гэж итгэж, төсөөлөхийг хэлдэг. Тийм ч учраас инфлюнсерт бусад масс медиа, селебрити нараас илүү их итгэж зан төлвийг нь дуурайх гэж хичээдэг. Инфлюнсерт итгэдэг энэ үзэгдлийг “нийгмийн баталгаа” гэсэн сэтгэлзүйн ойлголтоор тайлбарлаж болох бөгөөд бид хувь хүний хувиар аливаа сонголт, үйлдэл хийхдээ бусдын үйлдлийг харж түүнийгээ зөвтгөдөг гэсэн тайлбар байдаг. За нилээн онолжоод явчихлаа золиг гэж. Инфлюнсер Хаб байгууллагын судалгаанаас харахад инфлюнсер маркетингид 2025 он гэхэд нийт 22 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоо харагдана лээ. Инфлюнсерүүдийн ангилахдаа тооноос хамааруулан голдуу

- Мега (1 саяаас дээш дагагчтай)

- Макро (100 мянгаас 1 сая)

- Микро (10 мянгаас 100 мянга)
- Нано (10 мянга хүртэлх үнэнч ничэ дагагч нар) гээд ангилдаг.
Энэ ангилал мэдээж манайх шиг хүн ам цөөтэй газар бас ялгаатай байж болно. Инфлюнсер маркетингд дагагчийн тоо нь чухал үзүүлэлт ч ямар бүтээгдэхүүн, брэндэд ашиглах вэ? тухайн инфлюнсерийн дагагчид ямар хүмүүс вэ? Зорилтот сонсогч нар маань мөн үү? Инфлюнсер болон брэндийн хоорондын нийцэл хэр вэ гэдгээ харгалзаж үзэх хэрэгтэй. Жш нь Осоржамаагийн лайвыг хэдэн мянган хүн үздэг, олон хүн дагадаг ч зугаацах, мууг нь харах гэж үзэхээс Осоржамаагийн зан төлвийг дуурайх, нөлөөнд автах нь юу л бол. Нөгөө талаас Ганхүүгийн лайв олон хүнд хүрэх хэдий ч зорилтот зах зээл дээр чинь хүрч чадах уу гэдэгээ бодох хэрэгтэй гэсэн санаа.
Инфлюнсерүүдийн ангилахдаа зөвхөн дагагчийн тоогоор биш хэлбэр маягаар бас ангилж болно. Хэдийгээр сошл медиа олон жирийн хүмүүсийг инфлюнсер болгосон ч сошл медиа дээрх дийлэнх мега инфлюнсерүүд уламжлалт медиа, спорт урлаг, улс төрийнхөн байдаг. Инфлюнсерийг хэв маягаар нь ангилвал:
- Уламжлалт медиагийн урлаг, спортын одод, улстөрчид эсвэл сошл медиа дээр ре брэндинг хийж чадсан одууд; Глобаль жишээ нь Рональду, Холливудын одод Монгол жишээ нь манай хошин урлагийнхан, жүжигчид, Фантастикийн хэд г.м
- Эхэн үеийн сошл медиа хэрэглэгчид. Сошл медиа төдийлөн хөгжөөгүй үед түрүүлж тууштай вираль, креатив контент хийж, өөрийн дагагсдаа бүрдүүлж чадсан Инфлюнсерүүдийг энэ ангилалд багтааж болно. За глобаль жишээ нь mr.Beast Монгол жишээ нь Гремикс юм уу даа
- Вираль сенсаци болон реалити шоунаас төрсөн инфлюнсерүүд: Гэнэтийн вираль сенсациас инфлюнсер болсон хэсгийг энэ хэсэгт багтааж болно. За сүүлийн жишээ Hawktuah girl, эсвэл сошл медиагийн хатан хаан Ким Кардашиан энэ ангилалд орно. За манай Монголд бол Реалити нэвтрүүлэгээс инфлюнсерийн түвшинд хүрсэн Шарк Танкийн шарк Энхтүвшин г.м. Вираль сенсацийн хувьд нөгөө Тэмүүлэн билүү өвснөөс гарч байгаа залуу орж болох юм.
- Зөвхөн нэг төрлийн жанр, хэв маяг, экспертизээр мэргэшсэн хэсэг: олон төрлийн контент биш зөвхөн дагнасан маягын хэсгийг энэ хэсэгт багтааж болно. За глобаль жишээ нь дэндүү олон Монгол хэсэг нь кино ревью хийдэг Мөнгөн, бизнес санхүүгийн контентийн Ө.Ганзориг, загвар, амьдралын хэв маягын Сансармаа байж болох юм.
- Нийгэм, улс төрийн идэвхтэн төрлийн инфлюнсерүүд: За глобаль жишээ ч олон хамгийн ойр нь Малала, Грета гээд явж өгөх биз манайхаас Либерти Амараа, Элий Уянга
- Креатив контентийн инфлюнсерүүд: Өвөрмөц авьяасаа ашиглан контентоо бүтээх замаар дагагчаа нэмдэг хэсгийг энэн ангилалд оруулж болно. За глобаль жишээ Зак Зинг Монгол жишээ MF TV, Баагий Билгүүн, Фото зурагчин Эрдэнэбулган гээд явж өгөх биз
- Жирийн хүмүүс: Голдуу нано болон микро инфлюнсерүүд ч гэсэн өөрийн амьдралын хэв маяг, контентоороо өөрийн хүрээллийг бүрдүүлсэн хэсэг.
- Виртуаль инфлюнсер: Сүүлийн үед виртуаль буюу хүн биш инфлюнсерүүд төрж гараад байгаа глобаль жишээ Lil Miquela Монгол жишээ нь хэн ч билээ нэг виртуаль модель гараад байсан одоо харагдахаа больжээ.
- Амьтан инфлюнсер: Глобаль жишээ нь Jiffpom гээд нохой бий за Монгол жишээ нь талийгаач Вася муу глг юм уу даа.
Инфлюнсер маркетингаа хэрэгжүүлэхдээ аль платформыг сонгож авах нь бас чухал шийдвэр. Зарим инфлюнсерүүд аль нэг платформоор дагнасан байдаг бол зарим олон платформд параллель байх тохиолдол бий. За ерөнхийдөө бол
- Фэйсбүүк: Давамгайлах платформ, олон насныханд хүрэх боломжтой
- Инстаграм: Амьдралын хэв маяг, фэшн, хоол визуаль контентод тохиромжтой
- Youtube: Урт контент, влог, аялал, боловсрол талдаа
- Tiktok: Тухайлсан ничэ контент болон залуу үеийнхэнд
- X:Өрнөж буй үйл явдал, нийгэм улс төр гэж ангилж болох байх
Инфлюнсертэй ажиллах контент хэлбэрийн хувьд
- Шууд сурталчлах буюу спонсорлосон пост, стори
- Төрөл бүрийн уралдаан, бэлэг
- Бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл, хэрэглэх заавар
- Unboxing хийх эсвэл янз бүрийн стори гэх мэт.
За ер нь ингээд үндсэн ойлголтууд дуусч байна даа. Гэхдээ хичнээн инфлюнсер маркетинг хэрэгжүүлсэн ч өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч явах ажил нь өөрсдийн хар толгой дээрээ байдаг гэдгийг ойлгоход илүүдэхгүй байх. Зарим талаар өөрийн брэндийнхээ инфлюнсер болчих нь хамаагүй үр дүнтэй гэдгийг Gate рестораны Мөнхсайханы жишээнээс ч харж болох байх. Зөндөө урт юм биччихлээ ядарлаа байна