Sunday, November 24, 2024

Инфлюнсер маркетинг

Өнгөрсөн долоо хоногт сургалт явуулж байхдаа маркетингийнхан инфлюнсер маркетингийн талаар их сонирхож байгааг мэдээд энэ талаар жаахан юм сараачая гэж бодлоо. Инфлюнсер маркетинг нь маркетингийн орчин үед гарч ирж байгаа идэвхжүүлэлтийн нэг арга хэрэгсэл. Гэхдээ өнгөрсөнгүй одоо байдаггүй гэгчээр селебрити эндорсмент буюу алдартнуудаар, мэргэжилтнүүдээр сурталчлуулах аргын орчин үежсэн, сошл медиа дээр суурилсан хэлбэр юм. Инфлюнсер маркетингийн гол давуу тал нь инфлюнсер болон дагагч нарын хоорондын парасошл харилцаа юм. Парасошл харилцаа гэдэг нь нэг талт буюу дагагч нар инфлюнсерээ мэддэг, танидаг, сэтгэлийн холбоотой гэж итгэж, төсөөлөхийг хэлдэг. Тийм ч учраас инфлюнсерт бусад масс медиа, селебрити нараас илүү их итгэж зан төлвийг нь дуурайх гэж хичээдэг. Инфлюнсерт итгэдэг энэ үзэгдлийг “нийгмийн баталгаа” гэсэн сэтгэлзүйн ойлголтоор тайлбарлаж болох бөгөөд бид хувь хүний хувиар аливаа сонголт, үйлдэл хийхдээ бусдын үйлдлийг харж түүнийгээ зөвтгөдөг гэсэн тайлбар байдаг. За нилээн онолжоод явчихлаа золиг гэж. Инфлюнсер Хаб байгууллагын судалгаанаас харахад инфлюнсер маркетингид 2025 он гэхэд нийт 22 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоо харагдана лээ. Инфлюнсерүүдийн ангилахдаа тооноос хамааруулан голдуу

- Мега (1 саяаас дээш дагагчтай)

- Макро (100 мянгаас 1 сая)

- Микро (10 мянгаас 100 мянга)
- Нано (10 мянга хүртэлх үнэнч ничэ дагагч нар) гээд ангилдаг.
Энэ ангилал мэдээж манайх шиг хүн ам цөөтэй газар бас ялгаатай байж болно. Инфлюнсер маркетингд дагагчийн тоо нь чухал үзүүлэлт ч ямар бүтээгдэхүүн, брэндэд ашиглах вэ? тухайн инфлюнсерийн дагагчид ямар хүмүүс вэ? Зорилтот сонсогч нар маань мөн үү? Инфлюнсер болон брэндийн хоорондын нийцэл хэр вэ гэдгээ харгалзаж үзэх хэрэгтэй. Жш нь Осоржамаагийн лайвыг хэдэн мянган хүн үздэг, олон хүн дагадаг ч зугаацах, мууг нь харах гэж үзэхээс Осоржамаагийн зан төлвийг дуурайх, нөлөөнд автах нь юу л бол. Нөгөө талаас Ганхүүгийн лайв олон хүнд хүрэх хэдий ч зорилтот зах зээл дээр чинь хүрч чадах уу гэдэгээ бодох хэрэгтэй гэсэн санаа.
Инфлюнсерүүдийн ангилахдаа зөвхөн дагагчийн тоогоор биш хэлбэр маягаар бас ангилж болно. Хэдийгээр сошл медиа олон жирийн хүмүүсийг инфлюнсер болгосон ч сошл медиа дээрх дийлэнх мега инфлюнсерүүд уламжлалт медиа, спорт урлаг, улс төрийнхөн байдаг. Инфлюнсерийг хэв маягаар нь ангилвал:
- Уламжлалт медиагийн урлаг, спортын одод, улстөрчид эсвэл сошл медиа дээр ре брэндинг хийж чадсан одууд; Глобаль жишээ нь Рональду, Холливудын одод Монгол жишээ нь манай хошин урлагийнхан, жүжигчид, Фантастикийн хэд г.м
- Эхэн үеийн сошл медиа хэрэглэгчид. Сошл медиа төдийлөн хөгжөөгүй үед түрүүлж тууштай вираль, креатив контент хийж, өөрийн дагагсдаа бүрдүүлж чадсан Инфлюнсерүүдийг энэ ангилалд багтааж болно. За глобаль жишээ нь mr.Beast Монгол жишээ нь Гремикс юм уу даа
- Вираль сенсаци болон реалити шоунаас төрсөн инфлюнсерүүд: Гэнэтийн вираль сенсациас инфлюнсер болсон хэсгийг энэ хэсэгт багтааж болно. За сүүлийн жишээ Hawktuah girl, эсвэл сошл медиагийн хатан хаан Ким Кардашиан энэ ангилалд орно. За манай Монголд бол Реалити нэвтрүүлэгээс инфлюнсерийн түвшинд хүрсэн Шарк Танкийн шарк Энхтүвшин г.м. Вираль сенсацийн хувьд нөгөө Тэмүүлэн билүү өвснөөс гарч байгаа залуу орж болох юм.
- Зөвхөн нэг төрлийн жанр, хэв маяг, экспертизээр мэргэшсэн хэсэг: олон төрлийн контент биш зөвхөн дагнасан маягын хэсгийг энэ хэсэгт багтааж болно. За глобаль жишээ нь дэндүү олон Монгол хэсэг нь кино ревью хийдэг Мөнгөн, бизнес санхүүгийн контентийн Ө.Ганзориг, загвар, амьдралын хэв маягын Сансармаа байж болох юм.
- Нийгэм, улс төрийн идэвхтэн төрлийн инфлюнсерүүд: За глобаль жишээ ч олон хамгийн ойр нь Малала, Грета гээд явж өгөх биз манайхаас Либерти Амараа, Элий Уянга
- Креатив контентийн инфлюнсерүүд: Өвөрмөц авьяасаа ашиглан контентоо бүтээх замаар дагагчаа нэмдэг хэсгийг энэн ангилалд оруулж болно. За глобаль жишээ Зак Зинг Монгол жишээ MF TV, Баагий Билгүүн, Фото зурагчин Эрдэнэбулган гээд явж өгөх биз
- Жирийн хүмүүс: Голдуу нано болон микро инфлюнсерүүд ч гэсэн өөрийн амьдралын хэв маяг, контентоороо өөрийн хүрээллийг бүрдүүлсэн хэсэг.
- Виртуаль инфлюнсер: Сүүлийн үед виртуаль буюу хүн биш инфлюнсерүүд төрж гараад байгаа глобаль жишээ Lil Miquela Монгол жишээ нь хэн ч билээ нэг виртуаль модель гараад байсан одоо харагдахаа больжээ.
- Амьтан инфлюнсер: Глобаль жишээ нь Jiffpom гээд нохой бий за Монгол жишээ нь талийгаач Вася муу глг юм уу даа.
Инфлюнсер маркетингаа хэрэгжүүлэхдээ аль платформыг сонгож авах нь бас чухал шийдвэр. Зарим инфлюнсерүүд аль нэг платформоор дагнасан байдаг бол зарим олон платформд параллель байх тохиолдол бий. За ерөнхийдөө бол
- Фэйсбүүк: Давамгайлах платформ, олон насныханд хүрэх боломжтой
- Инстаграм: Амьдралын хэв маяг, фэшн, хоол визуаль контентод тохиромжтой
- Youtube: Урт контент, влог, аялал, боловсрол талдаа
- Tiktok: Тухайлсан ничэ контент болон залуу үеийнхэнд
- X:Өрнөж буй үйл явдал, нийгэм улс төр гэж ангилж болох байх
Инфлюнсертэй ажиллах контент хэлбэрийн хувьд
- Шууд сурталчлах буюу спонсорлосон пост, стори
- Төрөл бүрийн уралдаан, бэлэг
- Бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл, хэрэглэх заавар
- Unboxing хийх эсвэл янз бүрийн стори гэх мэт.
За ер нь ингээд үндсэн ойлголтууд дуусч байна даа. Гэхдээ хичнээн инфлюнсер маркетинг хэрэгжүүлсэн ч өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч явах ажил нь өөрсдийн хар толгой дээрээ байдаг гэдгийг ойлгоход илүүдэхгүй байх. Зарим талаар өөрийн брэндийнхээ инфлюнсер болчих нь хамаагүй үр дүнтэй гэдгийг Gate рестораны Мөнхсайханы жишээнээс ч харж болох байх. Зөндөө урт юм биччихлээ ядарлаа байна

Friday, January 1, 2021

Эгчийн пальто

Эрдэнээгийн пальто багадаад жадайчихсан тэрнээсээ болоод даараад дэрчийсэн юм явж байна лээ гэж бага эгч ээжид хов зөөснөөр  энэ хэрэг явдал эхэлсэн юм. Анх сургуульд  ордог жил авч өгсөн цэмбэ үнэртсэн, илээд л баймаар зөөлхөн хар захтай саарал пальто маань гурван жилийн дараа гэхэд дэндүү багадаад ханцуй нь тохой  дөнгөж далдлах төдий, хормой нь формны хормойтой зэрэгцээд тоодойж орхисныг эгч харсан хэрэг. Жавартай хүйтэн өдрүүдэд багадсан пальтотой явахаар нилээн даардаг ч дулаахан өдрүүдэд бол ер түүртэхгүй цасан байлдаан, ноцолдох, гулгахад  туйлын эвтэйхэн хөнгөн байдаг билээ. Эгчийн ховын дагуу ээж оройн хоолны дараа  саарал пальтогоо өмсөөд том өрөөнд ороод ир гэж дуудав. Анх энэ пальтог авчихаад л ээж яг энэ өрөөнд  "наашаа алх", "одоо эргэ" гэж хэлээд л хараад сэтгэл нь тун хангалуун харж байсансан. Томдуулж авсан нь илэрхий  шинэхэн пальтоны ханцуйнаас нь хурууны өндөгнүүд  дөнгөж цухуйж, нүүр халхлам том захны илч нь дүүгэж маргааш хурдан өмсөөд хичээлдээ явахсан гэж гэхээс шөнө нойр хүрэхгүй хөрвөөж хонож билээ. Харин одоо багадсан пальто бид хоёр дахиад нэг өвлийг хамт дуусгах уу эсвэл өөр пальто юу гэдэг сонголт дээр нэгэнт иржээ. Ээжийг шийдвэрээ гаргах гээд бодож байх зуур хоёр эгч, дүү, аав уван цуван  орж ирсээр гэр бүлийн хуралархуу маягын  зүйл боллоо. Ээж аав руу харцаараа "яах вэ хүүдээ пальто авч өгөх юм уу" гэж асуухад  аав санхүүч хүний гярхай  нүдээ жийталгаж байгаад л дотроо тоо бодож байгаа харагдав. Тэгснээ ээж рүү харснаа энэ жилдээ эгчийнх нь хуучин пальтог өмсгөөд  охиндоо шинийг авч өгөе арай ч хоёр пальто авч барахгүй нь гэв. Бага эгч хов зөөж гүйж байгаад шинэ пальтотой болчихлоо доо "зэвүүн амьтан" гэж бодож амжилгүй бага эгч өөрийнхөө өмсдөг шоотой цэнхэр пальтогаа өлгүүр дээрээс аваад над руу шидэж орхилоо. Шоотой цэнхэр хээтэй тэр пальтог бүр хаанаас нь ч харсан охины пальто. Дотроо бага эгчийн оронд ахтай байсан бол ядаж хуучин ч гэсэн эрэгтэй хүүхдийн пальто өмсөхгүй гэж үглээд л өнөөхийг нь өмсөж гэрийнхэндээ  үзүүлэв. Ханцуй, мөр яг таараад сүүлийн хэд хоногуудад жадайсан юм өмссөн надад амьсгалахад таатай санагдав. Гэхдээ дэрвийсэн хормойг нь харахаар бүүр үзэн ядмаар болж байлаа. Би энэ охины пальтог чинь  өмсөж чадахгүй шүү гэж хэлмээр байвчиг картаар талхаа авдаг болсон энэ үед ээж, ааваасаа шинэ юм гуйх нь хуншгүй зүйл мэт санагдаад дуугүй л зөвшөөрсөн дүр эсгэв. За тэгээд  хэд хоногоос эгчийн шинэ пальто ирж би ч эгчийн хуучинг өмсөх өдөр ирлээ. Өглөө толины өмнө зогсож байгаад дэрэвгэр хормойг яаж харагдуулахгүй  байх вэ гэж нилээн удаан дасгал сургуулилт хийв. Хормойг нь хоёр захаас нь хумиж бариад цөмцөгнөөд алхвал нэг их хормойтой гэдэг нь  мэдэгдэхгүй байх шиг санагдаад ер нь ингэж л алхая гэж шийдлээ. Гадаа гартал өвлийн өглөөний гэгээнд гадуур хувцсыг маань хэн ч анзаарсангүй гүйсээр байгаад сургуулийн үүдний гэрэл хүрэхийн наана пальтогоо тайлж барьж ороод өлгүүрт өгчихлөө. Өдөр хичээл тараад хүүхдүүд бүгд пальтогоо авч дууссаны дараа хамгийн сүүлд хүлээж байгаад аваад сургууль дотроо өмсөлгүй сургуулийн гадаа буланд өмсөөд  л нөгөө муу цөмцөгнөсөн алхаагаараа хормой нь мэдэгдэхгүй байгаа гэж сэтгээд л алхаж байлаа. Гэнэт  нөгөө ангийн навтгар  улаан царайтай хүү "Ээ 3а-гийн  Нандиа (Ангийн маань нэр Нандиа харин гэрийн нэр Эрдэнээ) охины пальто өмчихөж гээд л орилж өгөв". Муу новшыг дээ гэж бодсон ч хормой нь дэрвэх гээд байсан тул хөөсөнгүй дэмий л нүдээрээ сүрдүүлэхчээн аядаад цөмцөгнөөд цааш алхав.  Тэгсэн өнөөх орилоогоос болж тээр хол явж байсан  хоёр охин над харснаа ам хамраа дараад л  охины пальто байна гээд л заагаад яриад эхлэхэд гэнэт л ичсэндээ болоод шууд л гэр лүүгээ гүйчихлээ. Гэртээ өнөөх муу эгчийн пальтог шидчихээд өөрийн хуучин муу саарлаа олоод орны доогуур шидчихлээ. Маргааш өглөө нь эгчийн пальтог өмсөж гараад  орцондоо дээд давхарт ээжийг ажилдаа явах хүртэл хүлээгээд гэрээсээ гарангуут нь буцаж орж өөрийнхөө муу саарлаа өмсөөд л эгчийн пальтог орны доогуур шидчихээд хичээлдээ хоцроод л очлоо. Энэ янзаар хэд хоног явж өөрийнхөө олсон залиндаа тун сэтгэл хангалуун байж байтал ангийн  багш ээж рүү сүүлийн хэдэн өдөр өглөө бүр хоцорч байгаа гэдгийг минь хэлснээр дахиад л гэрийн хурлаар орох болов. Энэ удаа ч би дахиж эгчийн пальтог өмсөхгүй гэдгээ өөртөө тохиолдсон түүхээ хөмхийгөө зууж байгаад хэлээд бас ээжийг яаж хуурч байснаа хэлтэл аав, ээж, эгч нар  бүгд түсхийтэл инээлдээд бүгд саарал пальтогоо өмсөж болно гэв. Маргааш орой нь харин том өрөөнд цоо шинэ эрэгтэй хүүхдийн  бор пальто тавьчихсан байж билээ. Яг л саарал пальто минь шинээрээ байсан үеийнх шиг цэмбэ нь үнэртэж,томдуулаад авсан болохоор өмсөхөд ханцуйнаас нь хурууны өндөгнүүд дөнгөж цухуйж байж билээ.

2021.01.02  

Monday, October 21, 2019

Implantable Collamer Lenses: Имплантан колламер линз

ICL буюу Implantable Collamer Lens хагалгаа: Олон хүмүүс асуугаад байгаа тул харааны  хагалгааныхаа талаар мэдээлэл өгье. Миний хувьд 27 жил шил зүүсэн, хараа сүүлийн 3 жил эрчимтэй муудаж -7 хүрсэн тул хараа тэглүүлэх хагалгаанд яаралтай орох хэрэгтэй болсон. Энэ оны 1 сард Болор мэлмий дээр шинжилгээ өгч эвэрлэг нимгэн, хараа хэт муу учир нэг л удаа Лазерийн хагалгаанд орж болно гэсэн хариу авсан. Бас торлогны нүхтэй буюу retina hole байна гэсэн учраас торлогны нүхээ Болор Мэлмийд нөхүүлсэн. Нэг л удаа хийх боломжтой гэсэн учраас БНСУ руу явах шийдвэр гаргасан. Учир нь эгч маань амьдардаг тул  хагалгаанд орсноос хойш 7-10 хоног нисэх боломжгүй (нүдний даралтанд нөлөөлдөг) 2-3 долоо хоног байх гэж сонгосон. Дүү маань Тайландад лазерийн хагалгаанд ороод хүндрэл өгч байсан тул тийшээ явах сонирхол төрөөгүй. Эмнэлгийн сонголтыг эгч маань хийсэн бөгөөд өөрөө ИС-ийн судлаач нямбай хүн болохоор жагсаалт гаргаад судалж байгаад www.eyereum.com гэх Сөүлийн Гангнамд байрлах эмнэлэгийг сонгосон. Учир нь дан хараа зүйгээр дагнасан бас эмч нар ОУ-ын сэтгүүл, хуралд илтгэл тавьдаг юм байна гээд л сонгосон. Ирэхээс 7 хоногийн өмнө үзүүлэх цагаа авсан бөгөөд анхны төлөвлөгөөгөөр үзүүлсэн өдрөө хагалгаанд орно гэж бодож байсан. Ер нь лазерийн хагалгаа нь үндсэн 3 төрөл юм билээ PRK/Lasek (эвэрлэгийг бүтэн зүсч аваад хийдэг) Lasik (эвэрлэгийг хагас зүсээд хийдэг) Smile (эвэрлэгт жижиг нүх гаргаад хийдэг). Миний анх бодож байсан нь Smile бөгөөд анх зардал 2.5-3.5 сая вон+ дусаалга 200к орчим вон гэж тооцоолсон. Эмнэлэгт ирээд анхны өдөр үзүүлэхдээ нийтдээ 30 орчим аппарат дээр тойроод 2 цагийн турш шинжилгээ хийсэн. Англиар ярьдаг хараа зүйч дагуулаад хийчихэж байсан. Эмч нарын хувьд бүгд англиар ярьж байсан нийтдээ 7-8 эмчтэй клиник гэж ойлгож болно. Миний шинжилгээний хариуг эмч нь хараад л ямар ч лазерийн эмчилгээ хийхгүй дэндүү эрсдэлтэй байна гэж үзсэн. Учир нь эвэрлэг (cornea) нимгэн, хараа хэт муу байна гэсэн.  Тэгээд л санал болгосон нь  ICL буюу Имплантан колламер линз. Энэ линз хүний нүдний солонгон бүрхүүлний цаана, нүдний натураль линзний наана колламер буюу био тохиромжтой линз байрлуулна гэсэн үг.  Энэ нь байнгын линз бөгөөд яг тухайн хүний хүний хараанд тохируулсан линзийг суулгаад насан туршдаа нүдэн дотроо линзтэй явна гэсэн үг. Зардлын хувьд миний суулгуулсан нь Evo Visian ICL гээд сүүлийн загварыг суулгуулсан зардлын хувьд хагалгаа+шинжилгээ 4.6 сая вон, эм дусаалга 150-200к вон болоод байна. Хагалгааны өмнө тохирох линзийг захиалж бэлдэх гэж 3 хоносон бөгөөд энэ хооронд нүдээ бэлдэж эм дусаасан. Энэ дусаалга хүүхэн харааг тэлэх зорилготой гэсэн учраас тухайн өдрүүдэд ойрын хараагүй байсан. Хагалгааг хийхдээ нэг нүдэнд нэг өдөр хийх бөгөөд шалтгаан нь  линз нь тохирч буй эсэхийг харах зорилготой гэсэн. Тэгэхээр 2 өдөр дараалж хагалгаанд орох сэтгэлзүйн хувьд жаахан хэцүү байсан. Хагалгаа нийтдээ (бэлтгэл+хагалгаа+амралт)  45-50 орчим мин үргэлжлэх бөгөөд линз суулгах үндсэн операци 10-15 минут үргэлжлэнэ.  Хагалгааны явцад өвдөх нь  маш бага гэхдээ нүдний эвэрлэгийг нэвтрээд линз хийж байгаа учир яахын аргагүй хагалгаа юм билээ.   Хагалгаа дуусаад ердөө 30 мин-ий дараа л шууд хараад эхэлж байна лээ. Хагалгааны дараа амралт их чухал юм билээ нүд рүү юм хийгээд байхаар сэтгэлзүйн хувьд их туйлдах юм билээ.  Хагалгааны дараа дусаалгуудаа тогтмол хийх бөгөөд ойрын хараагүй байх, гэрэл гялбах, ядрах зэрэг шинж илэрсэн. Хагалгаанаас 2 хоногийн өмнө алкохоль болон тамхи татахыг хориглосон. Түүнчлэн хагалгааны дараа 4 хоног усанд орох, 14 хоног тамхи татах, нүдээ нухах, толгойгоо огцом битгий савчуулаарай гэсэн заавартай явна. Мөн 1 сар алкохоль, бассейн хориотой аан бокс ч гэх юм уу толгой энтртэй хамаагүй контакттай спорт бол шууд хорих юм билээ. За тэгээд одоо хүртэл эмчээсээ хэзээ буцах зөвшөөрлөө авч чадаагүй байна. Тэгэхээр ийм төрлийн хагалгаанд ирж буй хүмүүс тухайн газраа 10-14 хоног байх зардалтай л байх хэрэгтэй юм билээ. Аа бас нүдний хагалгаа учир заавал хэн нэгэнтэй цуг байхгүй бол ойрын хараагүй байхаар эвгүй юм билээ. Эцэст нь хэлэхэд эвэрлэг нимгэн хараа нь хэт муу хүмүүсд хагалгааны хүндрэл багатай ICL зүгээр арга байна. Одоо миний хувьд өнгөрч буй самбар бүр дээрх тоо, үгийг эгчдээ уншиж өгөөд л явна даа :-)

Sunday, September 15, 2019

The (honest) truth about dishonesty

Амралтын өдрүүдэд өвдөж хэвтсэн биш уншиж дуусгаагүй ном, үзэж амжаагүй кинонуудаа үзэв ш дээ. Ямар муу ч зүйлд сайн тал байдаг гэдэг дээ ;-). Энэ удаа уншсан ном маань  Дюкийн их сургуулийн профессор, зан төлвийн эдийн засагч  Дэн Ариелийн "The honest truth about dishonesty" буюу миний орчуулгаар "Шударга бусын талаарх бодит үнэн" гэх ном. Бараг хагас жилийн өмнө талд нь оруулаад хаячихсан байснаа энэ удаа дахиж эхлүүлээд нэгмөр дуусгав.  Дэн Ариели иррациональ зан төлөв, хүний сэтгэл хөдлөл, далд ухамсар шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлдөг  талаар судалдаг нэрд гарсан жүүд эрдэмтэн. Мань хүний энэ удаагийн бичсэн ном бид өөрсдийгөө  үнэнч шударга гэж боддог  хэдий ч өөрсдийгөө хэрхэн хуурдаг, шударга бус байдаг талаарх сонирхолтой туршилтуудаар баталсан агуулгатай ном.  Хүн хэдий чинээ өөрийгөө ёс зүйтэй, шударга гэнэ төдий чинээ хуурамч болохыг энгийн жишээнүүдээр нотлох шиг. Бид шударга ёсзүйтэйгээ гайхдаг хэрнээ ажлын газрын бичгийн цаасыг аваад хувийн ажилдаа хэрэглэхдээ, ажилласан цагаа илүү бичиж илүү цагийн хөлс авахыгаа нэг их юманд боддоггүй  гээд л эхэлсэн. Бид яагаад аливаа  шударга бус үйл хийдэг гэдгийг рациональ  байдлаар SMORC буюу Simple Model of Rational Crime загвар их сайхан тайлбарлах юм билээ. Энэ загвараар  1. Хуурч мэхэлснээр хүртэх олз 2. Баригдах магадлал 3. Баригдсаны дараа хүлээх шийтгэл гэсэн гурван хүчин зүйлийг харгалзаж үзээд хуурч мэхэлдэг гэж үздэг юм байна. За ер нь  манайд яагаад хүмүүс авилгал аваад байдгыг энэ загвараар тайлбарлаж болохоор ч юм шиг. Ер нь тэгээд хяналт, шийтгэл байхгүй бол хэн ч шударга бус руу хялбархан орчихмоор юм билээ. Бидний 1 хувь ямар шалтгаангүйгээр худлаа хэлж шударга бус байдаг бол 1 хувь нь яаж ч байсан тийм зүйл хийдэггүй за үлдэж буй 98 хувь нь тодорхой түвшинд л шударга байдаг гэсэн өгүүлбэр их нүдэнд туссан. Гэхдээ аливаа шударга бус зүйл хийхэд заавал рациональ шалтгаан эсвэл олзны хэмжээ нэг их чухал биш л юм билээ. Ер нь л хүний мөн чанар тийм ч өндөр ёс зүйтэй эсвэл шударга байдаггүй гэдгийг олон туршилтаар нотолсон. Бид аливаа зүйлийг хийх сэдэл, өөрийн сонирхлоосоо болоод шударга бус арга замаар ч хамаагүй зорилгодоо хүрэхийг хичээдэг. Зорилгодоо хүрсний  дараа нь үйлдлээ цайруулах ямар нэгэн шалтагыг тархи  бодож олоод түүндээ итгээд өөрсдийгөө шударга, үнэнч гэдэг тодорхойлоод явчихдаг юм билээ. За тэгээд шударга бус байх халдвартай зүйл бөгөөд хэн нэгэн шударга бус зүйл хийвэл бид дагаад хийдэг дээр нь хамтраад шударга бус зүйлийг хийгээд эхэлдэг гэдэг нь тушилтаар сайхан нотлогдож байна лээ. Бүүр хулхи брэндийн хувцас өмсчихвөл бид илүү шударга бус зүйл хийгээд эхэлдэг юм билээ. Хэдийгээр бид жижиг сажиг шударга бус, хуурмаг  зүйл өдөр бүр хийдэг ч ёс зүй гэдэг яг луужин шиг байх ёстой гэдэг өгүүлбэрээр номоо дуусгасан нь их догь санагдсан. Бид заримдаа замаасаа гаждаг, буруу зөрүү юм хийдэг ч гэсэн аль зүг рүү явах ёстойгоо харах  хэрэгтэй юм билээ. Энэ номыг ер нь авилгалтай тэмцэхийн эсвэл өөрсдийгөө нэг л гэгээн цагаан гэж тунхаглаад байдаг улс уншихад ер нь гэмгүй дээ. Төгсгөлд нь ер нь энэ төрлийн философийг Д.Равжаа "Хун шиг цагаан бүү яв аминд чинь халтай, хэрээ шиг хар бүү яв үрд чинь халтай, шаазгай мэт яв" гээд их сайхан тодорхойлоод хэлчихсэн байгаам шүү.




Friday, August 2, 2019

Н.Я.Бичурин: Монголын тухай тэмдэглэл номны тэмдэглэл

Библи шиг хавтастай, хуучирч шарлачихсан юм шиг цаасан дээр хэвлэгдсэн  Н.Я.Бичурины "Монголын тухай тэмдэглэл" номыг нэг найз маань бэлэглэсэн юм. Монголын түүх, соёлын талаар сонирхдог бас дээр нь 200 гаран жилийн өмнөх орос эрдэмтэн Монголчуудыг юу гэж тодорхойлсон бол гэж бодохоор хорхой хүрээд л хичнээн зузаан ч гэсэн уншина даа гэж бодож явсаар сая л дуусгалаа. Товч тайлбар хэлэхэд энэ ном нь  Н.Я.Бичурин гэх нангиадч эрдэмтэн хүн 14 жил Бээжин хотод амьдарч Монгол, Хятадын талаар судлаад Орос нутаг руугаа буцахдаа Монголоор дайрсан тэмдэглэл, Монголын түүх, тухайн үеийн газар нутаг, хүн амын төлөв байдал, хууль эрхзүйн талаар  4 бүлэгт багцлаад хэвлүүлсэн ном. Эхний бүлэгт Бээжингээс Хиагт хүрэх замын тэмдэглэл бөгөөд өдөр бүртээ явсан газрынхаа байр байдал, тохиолдсон адал явдлуудаа товчхон бичсэн байсан. Зарим тэмдэглэл нь нүдэнд их содон тусах юм билээ Жш нь Монголын түйрэн Бээжин хотыг элс шороогоор булдаг, цахруудыг хулгайч, танхай  сонор сэрэмжтэй байх ёстой сануулсан Хятад цагдаагийн даргын сануулга, Юндэндорж гэх Монгол ван манж, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг гээд л 200 жилийн өмнө бид ийм байж зарим нь ч хэвээрээ юм шив дээ гэж санагдах тэмдэглэлүүд хөврөнө. Бичгийн хүн болохоор ч тэр үү газар орны байр байдал, тааралдсан хүмүүсийнхээ зан авирыг ч их гярхай ажиж нарийн тэмдэглэж үлдээсэн харагдсан. Өргөө хотод ирсэн тэмдэглэл дотор Маймаачин хот, Богдын өргөөг дүрсэлж бичсэн хэсэг нь тэр үеийн Хүрээнд очсон мэт сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Бороо голын хавьцаа юм уу даа нэрмэл тавьчихаад шоудаж байсан Монгол хүүхнүүдийн тэмдэглэлийг уншчихаад манай хүүхнүүд хэзээнээсээ гарч ордог байж бодогдлоо ;-) Номын хоёрдох хэсэгт тухайн үеийн Монголчуудын ерөнхий төлөв байдал, зан заншлын талаар бичсэн байна лээ. За тэгээд энэ хэсэгт  биднийгээ төрөлхийн ухаан сайтай ч  олзонд шунахай бас дээр нь эр, эмгүй ор дэрний ариун цэвэр (жаахан явдалтай гэж байгаа юм болов уу) муу сахидаг гэж дүгнэсэн байна лээ. Би ч бол бид ер нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа юм байна л гэж дүгнэсэн. Бас нэг сонирхолтой зүйл байсан нь нэг эхнэртэй байхыг манжууд 17 зууны сүүл үеэс нэвтрүүлсэн гэх өгүүлбэр нүдэнд содон туссан. За тэгээд үлдсэн дүгнэлтүүд яг л одоо хэвээрээ байгааг илтгэсэн дүгнэлтүүд газар нутгийг олон засаг захиргааны нэгжид хувааж тараах бутаргах бодлого Манжууд барьдаг, Монгол ноёд ер нь шан харамжид дуртай гээд л явж өгч байна лээ. Номын 3 бүлэгт Монголын эртний түүхт улсуудын талаар нилээн их судалгаатай он цагийн дарааллаар нь тайлбарласан байсан. Зарим нэрнүүд хятад, орос холилдоод аль улсын үеийн ярьж байгааг нь мэдэхэд төвөгтэй юм билээ. осолдохгүй л Хүннү, Сяньби, Жужань,  Уйгар, Их Монгол улсуудаа л салгаж харж чадсан. Энэ хэсгийг уншиж байхад Хаан банкны захирал П.Морроу агсаны Монголчууд Чингисээс өмнөх үеийн түүхээ тоодоггүй гэдэг үг шууд л санаанд орж байна лээ. Уг нь өөрийгөө гайгүй л Монголын түүхийг мэддэг гэж боддог ч зарим Монголын эртний улсуудын түүх дайн тулааны талаар бол ёстой уншиж байгаагүй түүхүүд харагдаж байна лээ. Хичнээн ч олон овог аймаг Монголын тал нутагт байсан юм хичнээн ч олон улсууд мөхөж сүйрч алга болж байсан юм бэ дээ л гэж бодогдсон. Номын сүүлийн хэсэг 200 гаруй жилийн өмнөх Монголын хууль цаазын талаарх орчуулга гэх юм уу даа. Соц түүхээр л харанхуй бүдүүлэг байсан гээд байдаг болов ч Манжийн үеийн Монголын хууль цааз чинь их нарийн заалттай эд байсан юм байна даа гэж бодогдсон. Малын хулгайгаас авахуулаад галзуурсан хүнийг харгалзах тухай хүртэлх заалтууд байна лээ. За жш нь малын хулгайч Торой банди гуай талаарх заалт гэхэд 30 аас дээш адуу хулгайлвал санаачлагч, оролцогч бүгдийг нь цаазлаад хулгайлсан малыг хуваалцсан хамсаатныг халдварт өвчин тусдаг Хятадын муж руу цөлөх заалт байх жишээтэй. Бас эмэгтэй хүн дураараа чавганц болж болохгүй, инжний бэлгийн хэмжээг хэд байх, хүн амын тооллогыг 3 жил тутамд хийж байх сонирхолтой заалтууд их юм билээ.
За тэгээд төгсгөлд нь Монголын түүх, соёлыг сонирхдог хүн бол уншчихмаар л ном байна лээ шүү. Ер нь бид өөрсдийнхөө талаар тодорхойлж бичсэн номоос илүүтэй гадны нүдээр биднийг харж бичсэн ном л их бодитой дүгнэлттэй санагддаг болоод байгаа шүү. Түүнчлэн ер нь энэ 2 хөрш чинь биднийг бол нэвт шувт мэддэг юм байна. Харин бид энэ хоёр хөршөө өөрсдийн нүдээр харж дүгнэсэн бүтээл  гэж байдаг юм болов уу. Нэг бол долоочих гэсэн нэг бол муучилсан мэдээллүүд түлхүү харагдах юм билээ. 

Sunday, March 24, 2019

Монгол хүний товчоон

Өөрөө бага хэмжээгээр оролцсон болоод ч тэр үү эсвэл найз ирж удахгүй авна гэснээс болоод ч тэрүү "Монгол хүний товчоон" энэ номыг амралтын өдөр уншлаа. Эхлээд ч за 500 хуудастай муу ном байвал ч аргаад яагаад ч дуусахгүй дээ гэтэл үгүй ээ 4 орчим цагын дараа л дуусчихлаа. Ном нь ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь Монголын төрт улсуудын түүхийг эдийн засаг, нийгэм, улс төр, үнэт зүйл талаас дүгнэсэн хэсгүүдтэй. Энэ хэсгийн хамгийн их таалагдсан нь тухайн үе тус бүрийн монгол хүний үнэт зүйлийг тодорхойлох гэж оролдсон их сонирхолтой. Плано Карпини, Марко Поло, Майский, Рой Чэпман Эндрюс зэрэг аялагчдын Монгол хүний тодорхойлолтууд бидний үнэт зүйлс яаж хувьсаж өөрчлөгдсөнийг илтгэх мэт. 13 зуунд хамгийн глобаль сэтгэлгээтэй Орхоны хөндийд одоогийн Нью Иоркийг байгуулж явсан үндэстэн Хомо Советикус болсон түүх их л сонирхолтой юм даа. Ер нь эхний хэсгийг бичсэн 3 авторууд маань нэгтгэн дүгнэх, өнгөрсөн түүхийг тодорхой фазуудад хуваах,  аналоги загвар сайн ашиглачихдаг улсууд санагдсан. Энэ хэсгийн сүүлд байгаа гадаадад байгаа Монголчуудын талаар ангилал, үе шатыг уншиж байхад 1990 оноос хойшхи  Монголын түүх бичигдээд, эргээд дүгнэгдэх цаг нь ирснийг илтгэх мэт. Номын хоёрдугаар хэсэгт 28 орны хөгжлийн түүхийг 28 өөр автор тус тусдаа бичиж. Би өөрөө энэ хэсэгт орсон болохоор бусад хүмүүсийн бичлэгтэй өөрийгөө харьцуулах гэж бас нилээн тухтай харсан. Ерөнхий формат нь ижил учраас хичнээн олон автортай байсан ч энэ хэсэг тун дажгүй. Зарим улс орнуудын талаарх огт мэддэггүй баримт, түүхийг уншаад их олзуурхсан. Жш нь Польш улс 1791 онд Европын анхны үндсэн хууль бүгд найрамдах улс болж байсан түүхийг хараад угаасаа эрх чөлөөний мэдрэмжтэй сүрхий улсууд байж дээ гэж бодогдов. Ботсвана улс 1966 онд Их Британий колониос гарахдаа 12 км хатуу хучилттай замтай 22 хон дээд боловсролтой батсвана иргэнтэй байж. Гэтэл энэ улс одоо нэг хүнд ногдох ДНБ-ээрээ манайхыг  гүйцчихсэн байх жишээтэй. Энэ мэт улсуудын жишээг ёстой амтархан уншлаа. Зарим хөгжил муутайг нь хараад манай улс энэ зам руу хальтрих вий зарим үсрэнгүй хөжсөнийг хараад шууд атаархал төрж байлаа даа. Ер нь тэгээд улс орон хөгжихөө хүрвэл ч амархан хөгждөг бас унахаа хүрвэл амархан унадаг юм байна. Хөгжлийн томьёо ч тийм хэцүү биш ердөө сайн хуулийн засаглал, өндөр боловсролтой иргэд, нээлттэй эдийн засгийн бодлого л юм байна гэж миний хувьд дүгнэсэн. Номын 2 хэсгийн дараа үндсэн 3 автор маань бүх улсуудын жишээг нэгтгэн дүгнээд явчихсан байна лээ. Номын 3 хэсэг нь ХҮН намын улс төрийн үзэл баримтлал гэж дүгнэж болохоор. Гэхдээ бусад намын мөрийн хөтөлбөр улс төрийн үзэл баримтлал шиг нэг их тунхаг, хүслийн жагсаалт биш нилээн суурьтай үзсэн санагдсан. За тэгээд энэ хэсгийг өөрсдөө дүгнэнэ биз. Ямартай ч Монголын түүхийг үечилж алдаа оноог нь дэнсэлж, Монгол хүний үнэт зүйл дотор луу шагайсан бүтээл болсон байна.
                    

Monday, January 21, 2019

Үй Хуа:Амьдрахуй

Тагтаа паблишингаас орчуулан гаргасан Үй Хуа гэх хятад зохиолчийн "Амьдрахуй" гэх зохиолыг уншлаа. Энэ зохиолыг Монгол зохиолоор жишвэл Ч.Лодойдамба гуайн "Хугараагүй ноён нуруу" Орос зохиолоор бол "Ёстой хүний тууж" шиг гэх юм уу даа. Гэхдээ дээрх 2 зохиолыг бодвол илүү урт хугацааг хамарсан бас илүү гунигтай. Зохиолын гол дүр Фу Гүй гэх эрхмийн залуу, идэр, өтөл насны амьдралыг хроник хүүрнэл байдлаар өгүүлсэн. Чинээлэг айлын залуу ноёнтон Фу Гүй гэр бүлээ огоорч жаргалдаа ташууран мөрийтэй тоглоом, эмс охидод толгойгоо мэдүүлж хөрөнгөө алдсанаар мань хүний зовлонт амьдрал эхлэнэ. Зохиолч Фу Гүйгийн гэр бүлээр төлөөлүүлж Хятадын иргэний дайн, Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал, Өлсгөлөнгийн он жил жирийн Хятад гэр бүлд ямар аймшигтай зовлон учруулсан болохыг харуулахыг хичээсэн гэлтэй. Насан туршдаа нөхрөө үнэнчээр хайрласан Жиа Жэн, зовлонт амьдралд нь итгэл сүүмийлгэсэн хүргэн Ван  Ши, хөрөнгөө алдахад нүүрээ бууруулдаг найз нөхөд гээд л  хүний амьдралд тохиолдох сайн муу саар бүх дүрүүдтэй. Гамингийн цэрэгт хүчээр элссэн Фу Гүй цэргээс оргож тосгондоо очих хүсэлтэй зохиолын хэсэг нь Монгол уншигчийн хувиар их өөр өнцөг байлаа. Хөөрхийдөө бидний нөгөө үзэн ядаад байдаг гамингууд дунд зүгээр л тосгондоо очих мөрөөдөлтэй хятад залуус бас байж дээ гэж бодогдох жишээний. Ер нь тэгээд Монгол ч бай Хятад ч  улс төрийн үймээн самуун, харалган бодлогын хор жирийн ард түмэнд л очиж буудаг юм байна гэсэн бодол л төрлөө. Орчуулга нь нилээн чамбай, хэвлэлт нь бусад Монгол номууд шиг сувинер хэвлэлттэй биш хөнгөхөн, авсаархан байгаа нь бас магтууштай.