Sunday, November 25, 2018

#Black Mirror



Эхнэр Netflix-ийнхээ нууц үгийг хуваалцдаг болсноос хойш "өнөө муу Дэмбэрэл юм үзээгүй болохоор их л баярлаж байна лээ" гэдэг шиг л амралтын өдрүүдэд Netflix үздэг болсон. Тэр дундаас Netflix-ийн #BlackMirror гэх цуврал бүүр нэг зүрхэнд юм үлдээлээ. Үргэлжилсэн үйл явдал байхгүй тус тусдаа кино болохоор олон ангит кино гэхээсээ нэг сэдвээр хийгдсэн олон кино гэх юм уу даа. Гол сэдэв нь орчин үеийн хиймэл оюун ухаан, робот, технологийн хөгжил дэвшил бидний өдөр тутмын амьдралыг болон хүмүүс хоорондын харилцааг хэрхэн өөрчлөх талаар гэх юм уу даа. Гэхдээ сайн талаас нь харуулах гэхээсээ илүүтэй сөрөг талыг нь харуулсан кино гэж дүгнэж болохоор. Хэрвээ sci fi болон триллер төрлийн кинонд дуртай бол шууд үзэхийг би зөвлөнө. Энэ цувралын зохиолч Чарли Брүүкер гэх нөхөрт бол би үнэхээр атаархлаа. Яаж тийм аймаар твисттэй кино зохиол бодож олдог зүрхэндээ дискотой, футурист хүн болоод төрчихдөг юм. За тэгээд хэрвээ үзчихсэн бол битгий хоцрогдсоноор минь дуудаад байгаарай. Харин үзээгүй нэгэн байвал заавал үзээрэй ялангуяа футуризм сонирхдог, орчин үеийн технологи яаж хөгжих бол гэж боддог бол. IMDB дээрх үнэлгээ 8.9/10 гэхээр л бараг ойлгомжтой юм даа. Жич хүүхдийн кино биш бас гэмт хэрэг, триллерт дургүй бол зарим нэг ангийг үзэхгүй байсан нь дээр шүү.

Wednesday, November 14, 2018

Brief answers to the big questions

Нэрт эрдэмтэн Стивен Хокинг гуайн сүүлийн бүтээл болох "Brief answers to the big questions" буюу "Том асуултуудад өгөх товч хариултууд" номыг өчигдөр орой уншиж дуусгалаа. Стивен Хокинг л хариулж чадах тэдгээр "аймаар" асуултууд нь юу байсан бол, юу гэж хариулсан бол гэдэг нь сэтгэл гижигдээд л нээлтээ хийсэн өдөр нь Kindle-дээ татаж суулгасан юм. Номын бүтцийн хувьд Өмнөх үг, Товч танилцуулга, Яагаад Том асуултууд гэж, тэгээд нөгөө айхтар 10 асуулт, Хокинг гуайн хариултын хамт гэсэн хэсгээс бүрдэж байна. Номны өмнөх үгийг ямар нэгэн эрдэмтэн биш өөрийнх дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн бичсэн нь их сонирхолтой байлаа. Бичгийн хүн биш жүжигчин хүн гэж бодсон ч часхийсэн өмнөх үгийг уншаад л ер нь энэ англичууд айхтар улс юмаа гэж бодогдсон. Номын танилцуулга хэсгийг Калтекийн профессор, мань хүний олон жилийн хамтрагч Кип Торн (Kip Thorne) гэх эрдэмтэн бичсэн байна лээ. Энэ хэсэгт ерөнхийдөө Хокингны гол нээлт нь Хар нүхний температур, цацраг гэдэг зүйл юм байна гэж ойлгосон. Мань хүний нээлт Эйнштений харьцангуйн онол, термодинамик, квантын физикийг холбож өгөхөд хамгийн их тус болсон юм уу даа. Ер нь захихад энэ номыг Kindle дээр уншвал дээр юм билээ. Зарим үгийг шууд википедиа, толь бичгээс харахгүй бол хэл байтугай ухаан хүрэхгүй зүйлс их гарсан. За тэгээд номын эхний хэсэг нь Яагаад том асуултууд гэж оршил хэсэг. Энэ хэсэгт Хокинг өөрийнхөө амьдрал хийгээд яагаад эдгээр Том асуултууд гэж гэдгээ тайлбарласан. Мань хүн өөрийгөө Галилео Галилейгээс хойш яг 300 жилийн дараа төрсөн гэдгээ бичихийн сацуу өөрийгөө шоолохоо мартаагүй байна лээ. Бас Хокингний аав нь Оксфордод сурч байсан мөн өөрийнх багын хоч нь Эйнштейн гэдэг байсан баримтууд нь их сонирхолтой байлаа. Гол санаа нь том асуулт буюу (Бурхан байдаг уу гм.) асуулт асуухаас битгий эмээ, сониуч бай, зорилготой бай гэдэг төгсгөл нь үнэхээр л сэтгэл хөдлөм байсан.
Номын дараах хэсэгт нөгөө айхтар 10 асуулт мань хүний хариултын хамт. Гэхдээ эхлээд асуулт болон хариултаа маш сайн тайлбарлаад хэсэг тус бүрийн төгсгөлд нь өөрийн хариултыг нэг өгүүлбэрт багтааж бичсэн хэлбэрээр бичигдсэн. Эдгээр 10 асуулт хариултынхаа хамт мөхөс миний ойлгосноор бол дараах б
1. Бурхан байдаг уу? - Үгүй. тэр ч бүү хэл урьд амьдрал хойд амьдрал ч гэж үгүй. Хорвоо ертөнц маш энгийн 3 зүйл буюу матери, энерги, орон зай гэсэн 3 зүйлээс бүрддэг. Их тэсрэлт болсны дүнд л бид үүссэн. Гэхдээ бурханаа шүтэж болно шүү гэсэн Хокинг гуай
2. Энэ бүхэн яаж үүссэн бэ?- Их тэсрэлтээс өмнө цаг хугацаа гэдэг ойлголт байхгүй байсан энэ асуулт их эргэлзээтэй юм билээ. Оргүй хоосноос их тэсрэлт тэгээд цаг хугацаа үүссэн гэж ойлгосон. Анти матери гэдэг зүйл байдаг юм билээ.
3. Биднээс өөр оюун ухаант амьдрал бий юу? За ер нь биднээс илүү хөгжилтэй соёл иргэншил байсан бол бидэн дээр аль хэдийн ирчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр бараг л үгүй болов уу харин тэд ирвэл Христофер Колумб уугуул индианчуудтай уулзаж байгаа юм шиг юм болно гэж хэлнэ лээ.
4. Ирээдүйг таамаглаж болох уу? За ер нь бол болно бас болохгүй. Яагаад таамаглаж болох ч бүх зүйлсийн байрлал хурд нь өөр учраас хэтэрхий нүсэр тооцоололтой болох юм билээ.
5. Хар нүхний дотор юу байгаа вэ?: Хар нүх гэдэг айхтар эд дотор орчихвол гэрэл ч зугтаж чаддаггүй, цаг хугацаа ч байхгүй болдог айхтар зүйл гэх чинь. За тэгээд дотор нь орвол нэг айхтар төлөвт орох юм билээ.
6. Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Буцаж бол болохгүй юм билээ харин ирээдүй рүү явчихаж болмоор юм шиг  Гэхдээ эргэж ирэхгүй гэх юм уу даа. Мань хүн энэ хэсэг дээр хийсэн туршилт нь элэг хөшөөм парти зохиогоод өнгөрсөн хойно нь зочиддоо урилгаа явуулах туршилт хийсэн байгаа юм даа.
7. Дэлхий дээр бид амьд үлдэх үү? За ер нь бол цөмийн дайн, цаг уурын өөрчлөлт, солирт мөргүүлэх гэсэн 3 зүйлийг л их анхааруулж байна лээ. Бас генийн инженерчлэл хийлгэсэн супер хүмүүс болон энгийн хүмүүсийн зөрчилдөөнийг сануулсан. Томас Мальтус шиг хүн ам ихдээд дэлхий жижигдэнэ л гэж л байна лээ.
8. Сансар огторгуйг колоничлох хэрэгтэй юу? Шууд л тийм Бүүр НАСА-гийн төсвийг нэм гэж байна лээ. Мань хүний хэлснээр бол 30 жилийн дотор Саран дээр бааз, 50 жилийн дотор Марсыг колоничлох хэрэгтэй гэсэн.
9. Хиймэл оюун ухаан биднээс ухаантай болох уу? За ер нь бол тийм гэж хариулсан хамгийн гол нь бид хянах ёстой гэж зөвлөсөн. Бид ч хөөрхөн киборгууд болох боломжтой юм билээ. Жш нь Квантын компьютерийн тусламжтай тархиа Википедиатай холбочих боломжтой ч гэсэн.
10. Ирээдүйд бид юу хийх ёстой вэ? Энэ хэсэгт боловсролыг хамгийн чухалчилсан тэр дундаа өөрийн дунд ангийн багшаа жишээ болгосон нь их сэтгэл хөдлөм. Мань хүний санаагаар нэг бол олон гаригыг колоничлох эсвэл AI ашиглаад энэ гаригтаа илүү сайхан амьдрах гэсэн зөвлөмжийг өгсөн байна лээ.

Хүн төрөлхтөний сод ухаантан энэ хүний гэрээслэл гэж болох энэ номыг уншсаны дараа ямар ч гэсэн нойр хулжаад бодолд ээрэгдэх л юм билээ.

Wednesday, October 24, 2018

Brain rules: Тархины дүрмүүд



Brain rules: Тархины дүрмүүд 
Өнгөрсөн 3 сард Сингапурт явж байгаад хуучин номын дэлгүүрээс Brain Rules буюу Тархины дүрмүүд гэх энэ номыг худалдаж авсан юм. Талд нь оруулчихаад л мартаад л дахиж эхлүүлсээр байтал 7 сарын дараа бүтэн уншиж дуусав ш дээ. Молекулийн биологич Ж.Медина гэх хүний тархи хэрхэн ажилладаг талаарх 12 дүрмийг багтаасан шинжлэх ухааны хялбаршуулсан энэ бүтээл үнэхээр сонирхолтой. Уншиж байхдаа нээрээ л яг ингэж боддог ш дээ гэж уулга алдахаар жишээнүүд ихтэй. Номын эхний бүлэгт тархины ерөнхий бүтэц, яагаад тархи яагаад хамгийн чухал эрхтэн болох талаарх тайлбарласан. Тархины хүнд гэмтэл авч хувь хүний зан төлөв нь огцом өөрчлөгдсөн Phineas Gage гэх төмөр замчин залуугийн түүхээс авахуулаад IQ нь 70 хүрэхгүй ч олон оронтой тоог чөлөөтэй цээжээр боддог хүүхэд г.м олон кейсүүдтэй. Эхний хэсгийг уншихад л "би" гэдэг зүйл чинь тархи маань юм байна гэж шууд л бодогдох юм билээ. Удаах бүлгүүдэд нь тархи яаж ажилладаг, үйл ажиллагаанд нь юу нөлөөлдөг 12 дүрмийг (ой санамж, хараа, мэдрэхүй, нойр, стресс, анхаарал, дасгал хөдөлгөөн г.м ) тус бүрт нь тайлбарласан. Ингэхдээ бүлэг бүрийн төгсгөлд бяцхан дүгнэлт, зөвлөмж маягын хэсэгтэй. Жш нь бидний тархи ширээний ард 8 цаг суухад зориулагдсан биш учраас зайлшгүй дасгал хөдөлгөөн хэрэгтэй юм байна. Нойр муу байх тархинд маш хортой бөгөөд нойрсож, зүүдлэх нь бидний тархийг чимээгүй бөгөөд аюулгүй галзуурах боломжийг олгодог юм байна. Хэрвээ нойргүй яваад байвал жинхнээсээ галзуурах юм билээ. Аливаа зүйлийг цээжлээд санадаг байх нь асуудал шийдвэрлэх эсвэл ухаалаг байдалтай огт холбоогүй юм байна. Тархиа ачаалуулж ажиллуулж л байвал тархи хөгшрөхгүй, төрөлхийн эрэл хайгуул хийх чадвартай гэх зарчмууд их сэтгэгдэл үлдээсэн. Энэ номыг уншсаны дараа яагаад ч юм хамгийн аймшигтай өвчин зөнөгрөх (dementia) юм байна л гэж бодогдсон.

Tuesday, September 25, 2018

Active inertia буюу Амжилттай компаниуд яагаад унадаг вэ?

Саяхан BBC-гээс гаргасан Rise and fall of Nokia баримтат киног үзлээ. Жижигхэн орны компани хэрхэн гар утасны зах зээлд дэлхийд тэргүүлэгч компани болж өссөн хийгээд зах зээлийн өөрчлөлтөнд дасан зохицож чадалгүй унасан талаарх  өгүүлжээ. Цагтаа 300 тэрбумаар үнэлэгдэж байсан компани 7 хон тэрбумаар зарагдаж, хэдхэн жилийн дотор зах зээлээс арчигдсан энэ түүх яг л дугуйны зах зээл дээрх Firestone, хувилагчийн зах зээл дээрх Xerox-ийн жишээг давтсан мэт. Зах зээлд амжилттай явж байсан компаниуд яагаад технологийн хувьсгал, зах зээлийн огцом өөрчлөлтөнд дасан зохицохдоо муу байдаг талаар олон тайлбарууд байдаг. Дийлэнх компани томроод ирэхээр өөрчлөлтийг тоохоо больж хэт биеэ тоодог, удаан шийдвэр гаргадаг, юм хийхээ больдог гэж үздэг ч энэ талаарх MIT-ийн профессор -ийн Д.Саллийн (Donald Sull) Active Inertia (Идэвхтэй инерци) тайлбар их сонирхолтой. Д.Салл амжилттай явж байгаа компаниуд зах зээлийн өөрчлөлт, технологийн өөрчлөлтийг хамгийн соргогоор мэдэрч, түүнд зориулсан олон өөрчлөлт үйлдлүүдийг хийдэг гэхдээ эдгээр өөрчлөлт, үйлдлүүдийг хийхдээ хуучин амжилтанд хүргэсэн стратегийн чиг баримжаа, үнэт зүйлс, соёл, арга барил дээрээ суурилж хийдэг нь тэдний гол алдаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл хуучин үнэт зүйлс, арга барил соёл нь тэднийг өөрчлөгдөхөд дөнгө, тушаа болдог гэсэн санаа юм. Яг энэ талаар П.Дракер гуай ч Менежерүүдийн гол алдаа бол өнөөдрийн өөрчлөлтөнд өчигдрийн логикоор хандах гэж тайлбарласан санагдана.
Гэхдээ амжилттай компани болгон өөрчлөлтөнд дасан зохицож чадахгүй гэж дүгнэж боломгүй. Өмнө нь амжилтанд хүргэж байсан логик, үнэт зүйлээ таягдан хаяж цоо шинэ хувьсгал хийж чадсан компаниуд (Самсунг, GE) зөндөө байгааг ч бид нар харж болно. Эцэст нь хэлэхэд философич Гераклитийн хэлснээр "Өөрчлөлт гэдэг өөрөө хамгийн тогтмол зүйл" тийм ч учраас амжилтанд хүрсэн компаниуд амжилтанд хүргэсэн хуучин логиктойгоо зууралдах биш өөрсдийгөө шинээр нээн илрүүлж байх нь хамгийн чухал мэт санагдлаа.

Monday, August 20, 2018

Systems thinking

Systems thinking буюу системийн сэтгэлгээ гэх нэр томьёотой 2 жилийн өмнө AAF хөтөлбөрт хамрагдаж  байхдаа Луй багшаасаа анх сонсож байлаа. Уг нь их л хэрэгтэй ойлголт санагдсан ч олигтой цэгцтэй ойлголт авч чадахгүй яваад л байлаа. Саяхан Корнелл төгссөн дүүтэйгээ буу халж байтал мань хүн харин  "Системийн сэтгэлгээ" гэдэг хичээл сонгож үзэж байсан гээд сурах бичгийг нь гаргаад ирдэг юм даа. Эхний хэдэн хуудсыг нь уншаад л мөн ч сайхан мөлжүүртэй ном санагдсан тул амралтын өдрүүдээр шудраад хаячихлаа. Корнеллийн ИС-ийн проффессор Дерек болон Лаура Кабрерагийн "Systems thinking" сурах бичиг орчин үеийн сурах бичгийн хэв маягыг өөртөө агуулсан маш товчхон бөгөөд энгийн үгээр бичигдсэн ном. Өмнө нь би системийн сэтгэлгээ гэхээр нэг л их том зургаар нь харах аль эсвэл олон хүчин зүйлтэй учир нь ойлгогдохгүй хаос төлөв гэж боддог байсан. Харин энэ номыг уншсаны дараа төвөгтэй ямар ч асуудлыг оношлох болон шийдлийг хайхдаа  уг номонд дурдагдсан DSRP дүрмийг баримталж болох юм байна гэж бодогдсон. Миний ойлгосноор DSRP дүрмийг    тайлбарлавал Distinction- Аливаа асуудлыг тухайлан тодорхойлох болон зааглах Systems - Деталь хэсгүүдэд задлах болон Нэгтгэж системээр харах Relationships- Харилцан хамаарлыг тодорхойлох Perspectives- Тухайн асуудлыг харах өнцөг эсвэл аргументийг харгалзаж үзэх гэж. Номонд дурдагдсан  жишээнүүдийг  уншаад сэтгэх хэв маягаа өөрчлөхгүй бол ер нь л хоцрогдож байгаа юм байна гэж бодогдсон. Жишээ нь аливаа зүйлийн логикыг дандаа bivalent (2 валенттайгаар) буюу ингэвэл тэгнэ гэж боддог байж гэтэл multivalent логикоор бодох хэрэгтэй юм байна. Аливаа асуудлыг тавихдаа юм л бол аргумент чухал гэж боддог байсан бол оролцогчдын харах өнцөг түүнээс ч ялгаагүй нөлөөтэй байдаг юм байна.
За тэгээд эцэст нь  хэлэхэд энэ номыг CEO-гаас авахуулаад  оюутан хүртэл бизнес моделиос авахуулаад хувийн амьдралынхаа асуудалд хүртэл аваад ашиглаж болмоор л санагдлаа.                     

Tuesday, May 29, 2018

3-р Рейхийн Маркетинг

Маркетингийг хамгийн өргөн ашигладаг салбар бол бизнесээс гадна улс төрийн салбар байдаг. Удам дамжсан маркетер, судлаач Лондонгийн ИС-ийн профессор Николас О ' Шокнессигийн "3-р Рейхийн Маркетинг: Ятгалаг, Өнгөлөн далдлалт, Пропоганда " гэдэг номыг олж аваад ихэд олзуурхан уншиж дуусгалаа. Товчхондоо энэ ном Наци (нацизм) гэх улс төрийн брэнд (идеологи) яаж  Европын өндөр боловсролтой Германы ард түмнийг араасаа дагуулсан бүүр дайсан нь хүртэл атаархам брэндийг бүтээж чадсан талаарх түүхэн үйл явдлыг орчин үеийн маркетингийн онолын үүднээс тайлбарлажээ. Номын хувьд эхний хэсэгтээ улс төрийн пропоганда, маркетингийн талаар 2 хэсэгтээ Наци брэндийн бүрдэл болон түүнийг бүтээгчдийн талаар 3 дахь хэсэгтээ хэрхэн яаж Наци брэндийг бүтээсэн болон түүний ул мөр одоо хүртэл хэрхэн орчин үеийн улс төрийн кампанит ажил, соёлын бүтээлүүдэд шингэсэн байгаа талаар тайлбарласан байна. 
Улс төрийн пропоганда гэдэг бол "псейдо реалити" буюу хуурмаг бодит байдлыг бий болгох явдал. Хуурмаг бодит байдлыг бий болгосноор өөрсдийн улстөрийн  идеологоор ард түмнийхээ тархийг угаах бөгөөд үүнийг түүхэндээ хамгийн "гайхамшигтай" хийсэн улсууд бол нацистууд юм байна гэдэгтэй би лав бүрэн санал нийлсэн. Магадгүй улс төрийн маркетингийнхаа тал дээр нацистуудад хамгийн их дөхөж очих нь большевикууд байх гэхдээ тэд айдас хүйдэс, хядлагаар дамжуулан  улс төрийн идеологио тулгасан бол нацистууд цэвэр улс төрийн кампанит ажлаар дамжуулж хийж чадсан байгаа юм. Энэ номыг уншаад гайхширсэн зүйл маань 1920-иод оны сүүл үеийн Германы зар сурталчилгааны сэтгэлзүй, улс төрийн кампанит ажлын хөгжил. Жишээ нь 1929 онд Дэлхийн Зар сурталчилгааны Конференци Берлин хотод зохион байгуулагдаж, Америкийн зар сурталчилгааны агентлагууд Германд салбараа нээж байсан байгаа юм. Нөгөө талдаа Гитлер ч өөрөө зураач, уран бүтээлч  хүн учраас намынхаа улс төрийн кампанит ажилд маш их оролцож микро менежмент хийдэг байсан юм билээ. Анхны хас тэмдгийнхээ зургийг гаргах гэж Мюнхений номын санд олон цагаар суудаг байсан улс төрийн томчуулынхаа илтгэлийг өөрөө засдаг зэрэг олон баримтууд дурдсан байна лээ. Хэдийгээр Гитлер дуртай үедээ оролцох эрхтэй ч түүний улс төрийн кампанит ажлын машиныг нь пропоганда тал дээр др.Геббельс, сонин хэвлэл талыг нь др.Дитрех, Аманн, гадаад сурталчилгаан дээр нь  Риббентроп, гол сегмент болох хөдөлмөрчдийн фронтыг нь др.Лей гэх улсууд хариуцаж хөдөлгөдөг байсан юм билээ. Геббельс улс төрийн мессежийг явуулах суваг бий болгохын тулд хямдхан Ард Түмний радио хүлээн авагч  зохион бүтээж радио сонсогчдын тоог 1933-1942 онд 4,5 саяаас 16 саяд хүргэж байсан, тамганы дардас дээр хүртэл Фюрерийнхээ зургийг байршуулдаг байсан гээд итгэмээргүй инновацлаг аргуудыг ашиглаж байсан юм билээ. Нацизмыг төгс харагдуулахын тулд сүрлэг сайхан байшин барилга босгох, эрдэмтдийг ашиглан псейдо нээлт хийх, Олимп зохион байгуулах, олон нийтийг хамарсан сүрлэг парад хийх, олон төрлийн баримтат болон уран сайхны кино хийх, постер гаргах, улс төрийн илтгэл тавих зэргээр жирийн Герман хүний тархийг сайхан эргүүлсэн юм билээ. 
Номын төгсгөл хэсэгт нацистуудын улс төрийн маркетингийн аргуудыг хэрхэн орчин үеийн улс төрд ашиглаж байгаа талаар Путин болон Трампын жишээг дурдсан байна  лээ.  Эцэст нь хэлэхэд улстөрч нарт бол уншуулмааргүй сонгогч нарт уншуулмаар ном санагдлаа.

Tuesday, March 27, 2018

Artificial Intelligence for Marketing: Practical Applications by Jim Sterne

AI болон Machine learning Маркетингд хэрхэн ашиглаж болох талаар хэдэн артикль уншсанаас цаашгүй явж байгаад Жим Стэрн-ий энэ номыг электрон хэлбэрээр аваад талд нь  хүргээд хаячихсан байсан юм. Өчигдөр нэг оюутан маань энэ талаар илтгэл тавиад хорхой гозолзуулаад хаячихсан биш өнөөдөр шудраад дуусгачихлаа. Номыг нь ерөнхийдөө 3 хэсэгт хувааж болохоор: AI технологийн талаас тайлбарласан, AI маркетингд хэрхэн ашиглаж болох хэлбэр болон жишээнүүд болон AI хэрэглэхэд анхаарах хэсэг . Эхний хэсэг нь технологийн бус уншигч нарт зориулсан юм уу гэмээр энгийн тайлбартай гэхдээ академик суурь сайтай санагдсан. AI гол ашиглаж болох үндсэн 3 функцийг Detect (Дата дээр суурилан асуудлыг олж илрүүлэх) Decide (Тухайн асуудлыг шийдвэрлэх шийдлийн хувилбар боловсруулах) Develop (шинэ нөхцөл байдалд өөрчлөгдөн хөгжих) томьёолсон нь их ойлгомжтой санагдлаа. Хоёрдахь хэсэгт AI маркетингийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар маш олон жишээнүүдээр гаргаж ирсэн байна лээ. Скандалд ороод байгаа Кембридж Аналитикийн Трампын кампанит ажлын жишээнээс авахуулаад MIT-ийн хийсэн туршлагтай маркетер болон AI хоёрын боломжит хэрэглэгчийг таних туршилтын үр дүнгийн кейсийг хүртэл багтаасан байна. Ямартай ч маркетерууд бидэнд AI, Machine learning гэдэг маш том багаж, зэвсэг бэлэн байгаа түүнийг авч ашиглах нь цаг хугацааны л асуудал бололтой. Сүүлийн хэсэгтээ зохиогч AI сул талууд хийгээд цаашдын хөгжил, хэрэглээний ёсзүйн асуудлыг тайлбарласан байна. Хэдийгээр одоогийн AI хөгжил маркетингийн стратеги боловсруулах түвшинд хүрчихсэн ч гэсэн маркетерууд ажлаа AI булаалгана гэсэн үг биш бололтой учир нь All models are wrong, but some are just useful. (George Box, 1987) үгээр тайлбарлачихаж болмоор ч юм шиг.