Tuesday, May 29, 2018

3-р Рейхийн Маркетинг

Маркетингийг хамгийн өргөн ашигладаг салбар бол бизнесээс гадна улс төрийн салбар байдаг. Удам дамжсан маркетер, судлаач Лондонгийн ИС-ийн профессор Николас О ' Шокнессигийн "3-р Рейхийн Маркетинг: Ятгалаг, Өнгөлөн далдлалт, Пропоганда " гэдэг номыг олж аваад ихэд олзуурхан уншиж дуусгалаа. Товчхондоо энэ ном Наци (нацизм) гэх улс төрийн брэнд (идеологи) яаж  Европын өндөр боловсролтой Германы ард түмнийг араасаа дагуулсан бүүр дайсан нь хүртэл атаархам брэндийг бүтээж чадсан талаарх түүхэн үйл явдлыг орчин үеийн маркетингийн онолын үүднээс тайлбарлажээ. Номын хувьд эхний хэсэгтээ улс төрийн пропоганда, маркетингийн талаар 2 хэсэгтээ Наци брэндийн бүрдэл болон түүнийг бүтээгчдийн талаар 3 дахь хэсэгтээ хэрхэн яаж Наци брэндийг бүтээсэн болон түүний ул мөр одоо хүртэл хэрхэн орчин үеийн улс төрийн кампанит ажил, соёлын бүтээлүүдэд шингэсэн байгаа талаар тайлбарласан байна. 
Улс төрийн пропоганда гэдэг бол "псейдо реалити" буюу хуурмаг бодит байдлыг бий болгох явдал. Хуурмаг бодит байдлыг бий болгосноор өөрсдийн улстөрийн  идеологоор ард түмнийхээ тархийг угаах бөгөөд үүнийг түүхэндээ хамгийн "гайхамшигтай" хийсэн улсууд бол нацистууд юм байна гэдэгтэй би лав бүрэн санал нийлсэн. Магадгүй улс төрийн маркетингийнхаа тал дээр нацистуудад хамгийн их дөхөж очих нь большевикууд байх гэхдээ тэд айдас хүйдэс, хядлагаар дамжуулан  улс төрийн идеологио тулгасан бол нацистууд цэвэр улс төрийн кампанит ажлаар дамжуулж хийж чадсан байгаа юм. Энэ номыг уншаад гайхширсэн зүйл маань 1920-иод оны сүүл үеийн Германы зар сурталчилгааны сэтгэлзүй, улс төрийн кампанит ажлын хөгжил. Жишээ нь 1929 онд Дэлхийн Зар сурталчилгааны Конференци Берлин хотод зохион байгуулагдаж, Америкийн зар сурталчилгааны агентлагууд Германд салбараа нээж байсан байгаа юм. Нөгөө талдаа Гитлер ч өөрөө зураач, уран бүтээлч  хүн учраас намынхаа улс төрийн кампанит ажилд маш их оролцож микро менежмент хийдэг байсан юм билээ. Анхны хас тэмдгийнхээ зургийг гаргах гэж Мюнхений номын санд олон цагаар суудаг байсан улс төрийн томчуулынхаа илтгэлийг өөрөө засдаг зэрэг олон баримтууд дурдсан байна лээ. Хэдийгээр Гитлер дуртай үедээ оролцох эрхтэй ч түүний улс төрийн кампанит ажлын машиныг нь пропоганда тал дээр др.Геббельс, сонин хэвлэл талыг нь др.Дитрех, Аманн, гадаад сурталчилгаан дээр нь  Риббентроп, гол сегмент болох хөдөлмөрчдийн фронтыг нь др.Лей гэх улсууд хариуцаж хөдөлгөдөг байсан юм билээ. Геббельс улс төрийн мессежийг явуулах суваг бий болгохын тулд хямдхан Ард Түмний радио хүлээн авагч  зохион бүтээж радио сонсогчдын тоог 1933-1942 онд 4,5 саяаас 16 саяд хүргэж байсан, тамганы дардас дээр хүртэл Фюрерийнхээ зургийг байршуулдаг байсан гээд итгэмээргүй инновацлаг аргуудыг ашиглаж байсан юм билээ. Нацизмыг төгс харагдуулахын тулд сүрлэг сайхан байшин барилга босгох, эрдэмтдийг ашиглан псейдо нээлт хийх, Олимп зохион байгуулах, олон нийтийг хамарсан сүрлэг парад хийх, олон төрлийн баримтат болон уран сайхны кино хийх, постер гаргах, улс төрийн илтгэл тавих зэргээр жирийн Герман хүний тархийг сайхан эргүүлсэн юм билээ. 
Номын төгсгөл хэсэгт нацистуудын улс төрийн маркетингийн аргуудыг хэрхэн орчин үеийн улс төрд ашиглаж байгаа талаар Путин болон Трампын жишээг дурдсан байна  лээ.  Эцэст нь хэлэхэд улстөрч нарт бол уншуулмааргүй сонгогч нарт уншуулмаар ном санагдлаа.

Tuesday, March 27, 2018

Artificial Intelligence for Marketing: Practical Applications by Jim Sterne

AI болон Machine learning Маркетингд хэрхэн ашиглаж болох талаар хэдэн артикль уншсанаас цаашгүй явж байгаад Жим Стэрн-ий энэ номыг электрон хэлбэрээр аваад талд нь  хүргээд хаячихсан байсан юм. Өчигдөр нэг оюутан маань энэ талаар илтгэл тавиад хорхой гозолзуулаад хаячихсан биш өнөөдөр шудраад дуусгачихлаа. Номыг нь ерөнхийдөө 3 хэсэгт хувааж болохоор: AI технологийн талаас тайлбарласан, AI маркетингд хэрхэн ашиглаж болох хэлбэр болон жишээнүүд болон AI хэрэглэхэд анхаарах хэсэг . Эхний хэсэг нь технологийн бус уншигч нарт зориулсан юм уу гэмээр энгийн тайлбартай гэхдээ академик суурь сайтай санагдсан. AI гол ашиглаж болох үндсэн 3 функцийг Detect (Дата дээр суурилан асуудлыг олж илрүүлэх) Decide (Тухайн асуудлыг шийдвэрлэх шийдлийн хувилбар боловсруулах) Develop (шинэ нөхцөл байдалд өөрчлөгдөн хөгжих) томьёолсон нь их ойлгомжтой санагдлаа. Хоёрдахь хэсэгт AI маркетингийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар маш олон жишээнүүдээр гаргаж ирсэн байна лээ. Скандалд ороод байгаа Кембридж Аналитикийн Трампын кампанит ажлын жишээнээс авахуулаад MIT-ийн хийсэн туршлагтай маркетер болон AI хоёрын боломжит хэрэглэгчийг таних туршилтын үр дүнгийн кейсийг хүртэл багтаасан байна. Ямартай ч маркетерууд бидэнд AI, Machine learning гэдэг маш том багаж, зэвсэг бэлэн байгаа түүнийг авч ашиглах нь цаг хугацааны л асуудал бололтой. Сүүлийн хэсэгтээ зохиогч AI сул талууд хийгээд цаашдын хөгжил, хэрэглээний ёсзүйн асуудлыг тайлбарласан байна. Хэдийгээр одоогийн AI хөгжил маркетингийн стратеги боловсруулах түвшинд хүрчихсэн ч гэсэн маркетерууд ажлаа AI булаалгана гэсэн үг биш бололтой учир нь All models are wrong, but some are just useful. (George Box, 1987) үгээр тайлбарлачихаж болмоор ч юм шиг. 
   

Thursday, February 8, 2018

Чи хэдэн найзтай вэ буюу Дунбарын тоо

Нүүрномон дээрээ 4000 гаруй найзтай болчихжээ. Уг нь сайн танихгүй хүн рүүгээ нэг их хүсэлт явуулаад байдаггүй ч нэг л мэдэхэд найзын тооны хязгаарт хүрэхэд ойртжээ. Яагаад ч юм энэ бүх хүмүүс миний найзууд бил үү гэсэн бодол ээрч яваад "Дунбарын тоо" гэгчийн талаар мэдээд бага, сага юм уншлаа. Оксфордын их сургуулийн профессор, антропологич  Робин Дунбар 1990 ээд оны үед хүний хамгийн боломжит "утга учиртай" харилцаа тогтоож чадах хүмүүсийн тоог 150 гэж тооцжээ. Ингэхдээ приматын багийн (мич, сармагчин, хүн..) тархины неокортексийн хэмжээг сүргийн тооны хэмжээнд харьцуулж хамаарлыг нь гаргаж үзээд түүнийгээ бусад туршилтуудаар нотолсон аж. Эртний анчин-түүгчдийн нийгэмд хүн сүргийн хэмжээ 150-иас нэг их хэтрээд байдаггүй бөгөөд түүнийгээ давахаар шинэ сүрэг үүсдэг юм байна. Мөн 2000 онд хийсэн туршилтаар  хамгийн дотно хүмүүс рүүгээ Зул сарын мэндчилгээ явуулах даалгавар өгөхөд нэг хүн дээд талдаа  149 хүнд л илгээсэн байна. Эндээс дүгнэвэл чи хичнээн олон хүн таньдаг "од" байсан ч "утга учиртай"  харилцааг ердөө 150 орчим хүнтэй л хийдэг. Тэдгээр харилцаанууд тодорхой давхаргаас бүрдэх бөгөөд ердөө 5-15 хүнтэй маш дотно, за тэгээд үлдэх хэсэг нь нөхөрлөлийн хэмжээнд л байдаг аж. Дунбарын тооны дээд хязгаар 250 орчим бөгөөд түүнээс дээшхийг хүн бараг зохицуулж чаддаггүй зарим харилцаануудаа орхигдуулдаг юм байна. Ингээд бодохоор 10 жилдээ үй зайгүй явсан найзуудтайгаа уулзах нь багасаад байгаа нь "нийгмийн тархи" хүрэлцээгүй явдлаас болсон юм шиг байна. Энэ тоог байгууллагын бүтэц зохион байгуулалтанд ашиглах нь элбэг байдаг. Жш нь ус нэвтрүүлдэггүй хувцас үйлдвэрлэгч GORE TEX компанийхан үйлдвэрлэлийн нэгжид ногдох ажилтнуудын тоог 150 иас хэтрүүлдэггүй бөгөөд хэтрэх нь бүтээмжид, бүлгийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг юм. Сошл медиа хэдийгээр хүнийг нийгмийн харилцаагаа хадгалж үлдэхэд тус үзүүлж байгаа ч Дунбарын тоог төдийлөн өсгөхгүй гэсэн дүгнэлтүүдээс харахад хайртай, дотно хүмүүстэйгээ л илүү цагийг өнгөрөөж баймаар юм байна.                 

Wednesday, January 31, 2018

The Charisma Myth

Оливиа Фокс Кабанегийн "The Charisma myth" номыг олон сарын өмнө аваад дунд хэсэгт нь хүргэчихээд хаячихсан байсан хэд хоногийн өмнөөс дахиж эхлүүлээд шудраад хаялаа. Зохиогч нь АНУ-гийн том сургуулиудад лекц уншдаг болоод ч тэр үү арилжааны номнуудыг бодвол шинжлэх ухааны үндэстэй, олон янзын сэтгэлзүйн туршилтын үр дүнг багтаасан аятайхан л ном байна. Өндөр ур чадвартай, ухаалаг хүмүүс өөрийгөө үргэлж голж, өөрийн амжилтаа үгүйсгэх сэтгэлзүйн синдромтой (Impostor syndrome) байдаг нь илүү амжилтанд хүрэхэд саад болдог санагдлаа. Хэрвээ ийм төрлийн хүмүүс харизмын талаар илүү ойлгож, ур чадвар болгон хэвшүүлж чадвал сайн манлайлагч, энтпренер болж чадах ч юм шиг. Номын бүлэг болгон дээрээ харизмын дасгал ажлууд, дүгнэлтийн хэсэг байгаа нь биеэ даагаад ганцаараа харизмаа бүтээж болох сурах бичиг шиг л санагдлаа. Номонд зөвхөн харизмын хэв маягыг дурдаад зогсохгүй биеийн хэлэмж, илтгэл тавих, харилцааны чадвар гээд олон зүйлийг тодорхой жишээнүүдтэй тавьсан их таалагдлаа. Маркетингийн үүднээс бол CEO, удирдах түвшний ажилтнууд энэ номыг нэг уншчихсан байхад өөрийн хувь хүний брэндийг бүтээхэд их л хэрэг болох ном байна. Номоо уншиж дуучихаад саваагүйтээд Оливиагаас сургалт авбал гэж бодсон чинь доод тал 100k дойлуур хэрэг болох юм шиг байна 




Friday, January 5, 2018

Питер Морроу- Миний Монгол

Санамсаргүй үзэсгэлэн үзэж байгаад ХААН банкны захиралаар ажиллаж байсан Питер Морроу агсаны "Миний Монгол" дурдатгал номыг авсан юм. Барин тавин уншсаар шинэ оны эхний өдөр уншиж дууслаа. Пите Монгол хүмүүс, Монголын нийгмийг бидэнд таалагдах гэж магтаж саймширсангүй, муучилж доромжилсонгүй яг л байгаагаар (миний хувьд санал нийлсэн) нь өөрийнхөө мэдэрснээр бичжээ. Халагдсан ажилтан нь бөөгөөр хараалгуулж байсан түүхээс авахуулаад Гонгор бурхан залсан, авилгалч түшмэдийн дарамт, Монголын өнцөг булан бүрт аялсан аялал, ХААН банкийг хэрхэн орчин үеийн банк болгосон, урлаг соелыг дэмжиж Урлагын Зөвлөлийг байгуулсан зэрэг сайн болоод саар түүхээ хүүрнэжээ. Сайн банкираас гадна их ажигч, гярхай, бичгийн чадвар сайтай, Төв Ази, Монголын түүхийн талаар өндөр мэдлэгтэй хүн байсан нь номыг нь уншихад мэдэгдэж байлаа. Зарим зүйрлэлүүд нь үнэхээр оновчтой бөгөөд элэг хөшөөм Чингис хааныг Исус болон Жорж Вашигтон хоёрыг нэгтгэсэн хүн бурхан, Цагаан сарыг Талархлын баяр, Кристмас, Шинэ жилийн баярын холимог г.м Номны төгсгөл хэсэгт бидний талаар юуг ойлгох талаар бичсэн нь ганцхан гадныханд гэхээсээ илүүтэй бид ч уншаад авахад илүүдэхгүй санагдсан. Төгсгөлд нь хэлэхэд номонд гарсан Буд бөөгийн зөгнөснөөр 86 насалсан бол Монголчуудад их л хэрэгтэй хүн байж дээ гэсэн харуусал төрлөө.


Wednesday, March 1, 2017

"Стэнфордын шоронгийн туршилт"

"Стэнфордын шоронгийн туршилт" киног (2015) HBO дээр гарч байхаар нь олзуурхан үзлээ. Сэтгэлзүйн хамгийн харгис хэрнээ алдартай туршилтуудын нэг Стэнфордын шоронгийн туршилтыг бага зэргийн драма оруулаад гэхдээ гол санааг нь сайхан гаргаж өгчээ. Үзсэний дараа өөрийн гаргаж буй зан төлөв, үйлдлээ дахин эргэцүүлж "би ер нь хэн юм бэ" гэж өөрөөсөө асуумаар санагдав. Бидний хийж буй үйлдэл, зан үйл маань хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй нийгмийн дүр, орчин, өгөгдсөн эрх мэдлээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж болохыг энэ туршилт тодоор харуулсан. Эв эрүүл, сэтгэлзүйн хувьд тогтвортой, өндөр боловсролтой 24 залууг зохиомол шоронд харгалзагч болон хоригдлын дүрд санамсаргүйгээр сонгон тоглуулахад ердөө 2 хон хоногийн дараагаас эхлэн харгалзагч нар нь түрэмгий, садист нэгэн болж, хоригдлууд нь хүлцэнгүй дорой болж хоцорсон гэхээр аймшигтай. Туршилтыг удирдаж байсан доктор Зимбардо хүртэл шоронгийн даргын дүрдээ орчихсон нуруугаа үүрэн алхдаг болсноо дараа нь гайхан өгүүлсэн байдаг. Хэрвээ чиний хийж буй үйлдэл чинь дотор хүнтэй чинь зөрчилддөг бол, хэрвээ чи нийгмийн дүрээ бүтээх гээд жинхэнэ "би"-гээсээ холдчихсон бол энэ киног үз л гэж зөвлөмөөр байна даа.
Жич: 1973 онд уг туршилтын дүнг хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг нь уншаад хүн ер нь хувь хүний зан төлвөө илүү хүчирхэг болгох ёстой юм байна гэж дүгнэлээ. Эс бөгөөс нийгмийн дүр, өгөгдсөн эрх мэдэлдээ ташуураад мангас ч болж магадгүй юм байна

http://www.zimbardo.com/downloads/1973%20A%20Study%20of%20Prisoners%20and%20Guards,%20Naval%20Research%20Reviews.pdf

Monday, January 30, 2017

2017 онд маркетерууд юу унших вэ?

Маркетерууд болон судлаач нар маркетингийн шинэ ойлголт, хандлагын талаар юу унших вэ гэж хайж байж магадгүй. Уг нь хувь хүний хандлага, сэтгэл хөдлөлөөрөө бичсэн блогын нийтлэл гэхээсээ илүүтэй шинжлэх ухааны зарчимд суурилсан эрдэм шинжилгээний ажлууд уншвал цэгцтэй бөгөөд мөн чанараар нь судалсан зүйлийг мэдэх боломжтой юм. Гэхдээ маркетеруудын хувьд эрдэм шинжилгээний өгүүлэг нь уншихад уйтгартай, шууд хэрэглэхэд төвөгтэй байдаг. Маркетингийн шинжлэх ухааны институтийн (Marketing Science Institute) эрдмийн зөвлөлийн гишүүд 2016 онд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний ажлуудаас дараах ажлуудыг таныг уншихыг зөвлөж байгаа юм байна. Уг институтын эрдмийн зөвлөлд Darmouth, Northwestern, Duke г.м маркетингийн луугар сургуулиудын гуру багш нар Чернев тэргүүтэй хүмүүс багтдаг болохыг хэлэхэд илүүдэхгүй биз. Бас нэг зүйлийг хэлэхэд тэдний санал болгосон эрдэм шинжилгээний ажлыг уншихад үнэгүй буюу шууд бүтэн эхээр нь татаж өгөхөөр линкийг нь тавьсан байна лээ. Гэхдээ дийлэнх нь 2017 оны 6 сар гэхэд татаж авах боломжгүй болохоор байна лээ шүү. За тэгээд уншаад байгаарай
http://www.msi.org/articles/what-should-marketers-read-our-academic-trustees-tell-us/