AI болон Machine learning Маркетингд хэрхэн ашиглаж болох талаар хэдэн артикль уншсанаас цаашгүй явж байгаад Жим Стэрн-ий энэ номыг электрон хэлбэрээр аваад талд нь хүргээд хаячихсан байсан юм. Өчигдөр нэг оюутан маань энэ талаар илтгэл тавиад хорхой гозолзуулаад хаячихсан биш өнөөдөр шудраад дуусгачихлаа. Номыг нь ерөнхийдөө 3 хэсэгт хувааж болохоор: AI технологийн талаас тайлбарласан, AI маркетингд хэрхэн ашиглаж болох хэлбэр болон жишээнүүд болон AI хэрэглэхэд анхаарах хэсэг . Эхний хэсэг нь технологийн бус уншигч нарт зориулсан юм уу гэмээр энгийн тайлбартай гэхдээ академик суурь сайтай санагдсан. AI гол ашиглаж болох үндсэн 3 функцийг Detect (Дата дээр суурилан асуудлыг олж илрүүлэх) Decide (Тухайн асуудлыг шийдвэрлэх шийдлийн хувилбар боловсруулах) Develop (шинэ нөхцөл байдалд өөрчлөгдөн хөгжих) томьёолсон нь их ойлгомжтой санагдлаа. Хоёрдахь хэсэгт AI маркетингийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар маш олон жишээнүүдээр гаргаж ирсэн байна лээ. Скандалд ороод байгаа Кембридж Аналитикийн Трампын кампанит ажлын жишээнээс авахуулаад MIT-ийн хийсэн туршлагтай маркетер болон AI хоёрын боломжит хэрэглэгчийг таних туршилтын үр дүнгийн кейсийг хүртэл багтаасан байна. Ямартай ч маркетерууд бидэнд AI, Machine learning гэдэг маш том багаж, зэвсэг бэлэн байгаа түүнийг авч ашиглах нь цаг хугацааны л асуудал бололтой. Сүүлийн хэсэгтээ зохиогч AI сул талууд хийгээд цаашдын хөгжил, хэрэглээний ёсзүйн асуудлыг тайлбарласан байна. Хэдийгээр одоогийн AI хөгжил маркетингийн стратеги боловсруулах түвшинд хүрчихсэн ч гэсэн маркетерууд ажлаа AI булаалгана гэсэн үг биш бололтой учир нь All models are wrong, but some are just useful. (George Box, 1987) үгээр тайлбарлачихаж болмоор ч юм шиг.
Tuesday, March 27, 2018
Thursday, February 8, 2018
Чи хэдэн найзтай вэ буюу Дунбарын тоо
Нүүрномон дээрээ 4000 гаруй найзтай болчихжээ. Уг нь сайн танихгүй хүн рүүгээ нэг их хүсэлт явуулаад байдаггүй ч нэг л мэдэхэд найзын тооны хязгаарт хүрэхэд ойртжээ. Яагаад ч юм энэ бүх хүмүүс миний найзууд бил үү гэсэн бодол ээрч яваад "Дунбарын тоо" гэгчийн талаар мэдээд бага, сага юм уншлаа. Оксфордын их сургуулийн профессор, антропологич Робин Дунбар 1990 ээд оны үед хүний хамгийн боломжит "утга учиртай" харилцаа тогтоож чадах хүмүүсийн тоог 150 гэж тооцжээ. Ингэхдээ приматын багийн (мич, сармагчин, хүн..) тархины неокортексийн хэмжээг сүргийн тооны хэмжээнд харьцуулж хамаарлыг нь гаргаж үзээд түүнийгээ бусад туршилтуудаар нотолсон аж. Эртний анчин-түүгчдийн нийгэмд хүн сүргийн хэмжээ 150-иас нэг их хэтрээд байдаггүй бөгөөд түүнийгээ давахаар шинэ сүрэг үүсдэг юм байна. Мөн 2000 онд хийсэн туршилтаар хамгийн дотно хүмүүс рүүгээ Зул сарын мэндчилгээ явуулах даалгавар өгөхөд нэг хүн дээд талдаа 149 хүнд л илгээсэн байна. Эндээс дүгнэвэл чи хичнээн олон хүн таньдаг "од" байсан ч "утга учиртай" харилцааг ердөө 150 орчим хүнтэй л хийдэг. Тэдгээр харилцаанууд тодорхой давхаргаас бүрдэх бөгөөд ердөө 5-15 хүнтэй маш дотно, за тэгээд үлдэх хэсэг нь нөхөрлөлийн хэмжээнд л байдаг аж. Дунбарын тооны дээд хязгаар 250 орчим бөгөөд түүнээс дээшхийг хүн бараг зохицуулж чаддаггүй зарим харилцаануудаа орхигдуулдаг юм байна. Ингээд бодохоор 10 жилдээ үй зайгүй явсан найзуудтайгаа уулзах нь багасаад байгаа нь "нийгмийн тархи" хүрэлцээгүй явдлаас болсон юм шиг байна. Энэ тоог байгууллагын бүтэц зохион байгуулалтанд ашиглах нь элбэг байдаг. Жш нь ус нэвтрүүлдэггүй хувцас үйлдвэрлэгч GORE TEX компанийхан үйлдвэрлэлийн нэгжид ногдох ажилтнуудын тоог 150 иас хэтрүүлдэггүй бөгөөд хэтрэх нь бүтээмжид, бүлгийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг юм. Сошл медиа хэдийгээр хүнийг нийгмийн харилцаагаа хадгалж үлдэхэд тус үзүүлж байгаа ч Дунбарын тоог төдийлөн өсгөхгүй гэсэн дүгнэлтүүдээс харахад хайртай, дотно хүмүүстэйгээ л илүү цагийг өнгөрөөж баймаар юм байна.
Wednesday, January 31, 2018
The Charisma Myth
Оливиа Фокс Кабанегийн "The Charisma myth" номыг олон сарын өмнө аваад дунд хэсэгт нь хүргэчихээд хаячихсан байсан хэд хоногийн өмнөөс дахиж эхлүүлээд шудраад хаялаа. Зохиогч нь АНУ-гийн том сургуулиудад лекц уншдаг болоод ч тэр үү арилжааны номнуудыг бодвол шинжлэх ухааны үндэстэй, олон янзын сэтгэлзүйн туршилтын үр дүнг багтаасан аятайхан л ном байна. Өндөр ур чадвартай, ухаалаг хүмүүс өөрийгөө үргэлж голж, өөрийн амжилтаа үгүйсгэх сэтгэлзүйн синдромтой (Impostor syndrome) байдаг нь илүү амжилтанд хүрэхэд саад болдог санагдлаа. Хэрвээ ийм төрлийн хүмүүс харизмын талаар илүү ойлгож, ур чадвар болгон хэвшүүлж чадвал сайн манлайлагч, энтпренер болж чадах ч юм шиг. Номын бүлэг болгон дээрээ харизмын дасгал ажлууд, дүгнэлтийн хэсэг байгаа нь биеэ даагаад ганцаараа харизмаа бүтээж болох сурах бичиг шиг л санагдлаа. Номонд зөвхөн харизмын хэв маягыг дурдаад зогсохгүй биеийн хэлэмж, илтгэл тавих, харилцааны чадвар гээд олон зүйлийг тодорхой жишээнүүдтэй тавьсан их таалагдлаа. Маркетингийн үүднээс бол CEO, удирдах түвшний ажилтнууд энэ номыг нэг уншчихсан байхад өөрийн хувь хүний брэндийг бүтээхэд их л хэрэг болох ном байна. Номоо уншиж дуучихаад саваагүйтээд Оливиагаас сургалт авбал гэж бодсон чинь доод тал 100k дойлуур хэрэг болох юм шиг байна
;-)

Friday, January 5, 2018
Питер Морроу- Миний Монгол
Санамсаргүй үзэсгэлэн үзэж байгаад ХААН банкны захиралаар ажиллаж байсан Питер Морроу агсаны "Миний Монгол" дурдатгал номыг авсан юм. Барин тавин уншсаар шинэ оны эхний өдөр уншиж дууслаа. Пите Монгол хүмүүс, Монголын нийгмийг бидэнд таалагдах гэж магтаж саймширсангүй, муучилж доромжилсонгүй яг л байгаагаар (миний хувьд санал нийлсэн) нь өөрийнхөө мэдэрснээр бичжээ. Халагдсан ажилтан нь бөөгөөр хараалгуулж байсан түүхээс авахуулаад Гонгор бурхан залсан, авилгалч түшмэдийн дарамт, Монголын өнцөг булан бүрт аялсан аялал, ХААН банкийг хэрхэн орчин үеийн банк болгосон, урлаг соелыг дэмжиж Урлагын Зөвлөлийг байгуулсан зэрэг сайн болоод саар түүхээ хүүрнэжээ. Сайн банкираас гадна их ажигч, гярхай, бичгийн чадвар сайтай, Төв Ази, Монголын түүхийн талаар өндөр мэдлэгтэй хүн байсан нь номыг нь уншихад мэдэгдэж байлаа. Зарим зүйрлэлүүд нь үнэхээр оновчтой бөгөөд элэг хөшөөм Чингис хааныг Исус болон Жорж Вашигтон хоёрыг нэгтгэсэн хүн бурхан, Цагаан сарыг Талархлын баяр, Кристмас, Шинэ жилийн баярын холимог г.м Номны төгсгөл хэсэгт бидний талаар юуг ойлгох талаар бичсэн нь ганцхан гадныханд гэхээсээ илүүтэй бид ч уншаад авахад илүүдэхгүй санагдсан. Төгсгөлд нь хэлэхэд номонд гарсан Буд бөөгийн зөгнөснөөр 86 насалсан бол Монголчуудад их л хэрэгтэй хүн байж дээ гэсэн харуусал төрлөө.
Wednesday, March 1, 2017
"Стэнфордын шоронгийн туршилт"
"Стэнфордын шоронгийн туршилт" киног (2015) HBO дээр гарч байхаар нь
олзуурхан үзлээ. Сэтгэлзүйн хамгийн харгис хэрнээ алдартай туршилтуудын
нэг Стэнфордын шоронгийн туршилтыг бага зэргийн драма оруулаад гэхдээ
гол санааг нь сайхан гаргаж өгчээ. Үзсэний дараа өөрийн гаргаж буй зан
төлөв, үйлдлээ дахин эргэцүүлж "би ер нь хэн юм бэ" гэж өөрөөсөө
асуумаар санагдав. Бидний хийж буй үйлдэл, зан үйл маань хувь хүний үнэт
зүйл, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй нийгмийн дүр, орчин, өгөгдсөн
эрх мэдлээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж болохыг энэ туршилт тодоор
харуулсан. Эв эрүүл, сэтгэлзүйн хувьд тогтвортой, өндөр боловсролтой
24 залууг зохиомол шоронд харгалзагч болон хоригдлын дүрд
санамсаргүйгээр сонгон тоглуулахад ердөө 2 хон хоногийн дараагаас эхлэн
харгалзагч нар нь түрэмгий, садист нэгэн болж, хоригдлууд нь хүлцэнгүй
дорой болж хоцорсон гэхээр аймшигтай. Туршилтыг удирдаж байсан доктор
Зимбардо хүртэл шоронгийн даргын дүрдээ орчихсон нуруугаа үүрэн алхдаг
болсноо дараа нь гайхан өгүүлсэн байдаг. Хэрвээ чиний хийж буй үйлдэл
чинь дотор хүнтэй чинь зөрчилддөг бол, хэрвээ чи нийгмийн дүрээ бүтээх
гээд жинхэнэ "би"-гээсээ холдчихсон бол энэ киног үз л гэж зөвлөмөөр
байна даа.
Жич: 1973 онд уг туршилтын дүнг хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг нь уншаад хүн ер нь хувь хүний зан төлвөө илүү хүчирхэг болгох ёстой юм байна гэж дүгнэлээ. Эс бөгөөс нийгмийн дүр, өгөгдсөн эрх мэдэлдээ ташуураад мангас ч болж магадгүй юм байна
http://www.zimbardo.com/downloads/1973%20A%20Study%20of%20Prisoners%20and%20Guards,%20Naval%20Research%20Reviews.pdf
Жич: 1973 онд уг туршилтын дүнг хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг нь уншаад хүн ер нь хувь хүний зан төлвөө илүү хүчирхэг болгох ёстой юм байна гэж дүгнэлээ. Эс бөгөөс нийгмийн дүр, өгөгдсөн эрх мэдэлдээ ташуураад мангас ч болж магадгүй юм байна
http://www.zimbardo.com/downloads/1973%20A%20Study%20of%20Prisoners%20and%20Guards,%20Naval%20Research%20Reviews.pdf
Monday, January 30, 2017
2017 онд маркетерууд юу унших вэ?
Маркетерууд болон судлаач нар маркетингийн шинэ ойлголт, хандлагын талаар юу унших вэ гэж хайж байж магадгүй. Уг нь хувь хүний хандлага, сэтгэл хөдлөлөөрөө бичсэн блогын нийтлэл гэхээсээ илүүтэй шинжлэх ухааны зарчимд суурилсан эрдэм шинжилгээний ажлууд уншвал цэгцтэй бөгөөд мөн чанараар нь судалсан зүйлийг мэдэх боломжтой юм. Гэхдээ маркетеруудын хувьд эрдэм шинжилгээний өгүүлэг нь уншихад уйтгартай, шууд хэрэглэхэд төвөгтэй байдаг. Маркетингийн шинжлэх ухааны институтийн (Marketing Science Institute) эрдмийн зөвлөлийн гишүүд 2016 онд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний ажлуудаас дараах ажлуудыг таныг уншихыг зөвлөж байгаа юм байна. Уг институтын эрдмийн зөвлөлд Darmouth, Northwestern, Duke г.м маркетингийн луугар сургуулиудын гуру багш нар Чернев тэргүүтэй хүмүүс багтдаг болохыг хэлэхэд илүүдэхгүй биз. Бас нэг зүйлийг хэлэхэд тэдний санал болгосон эрдэм шинжилгээний ажлыг уншихад үнэгүй буюу шууд бүтэн эхээр нь татаж өгөхөөр линкийг нь тавьсан байна лээ. Гэхдээ дийлэнх нь 2017 оны 6 сар гэхэд татаж авах боломжгүй болохоор байна лээ шүү. За тэгээд уншаад байгаарай
http://www.msi.org/articles/what-should-marketers-read-our-academic-trustees-tell-us/
http://www.msi.org/articles/what-should-marketers-read-our-academic-trustees-tell-us/
Tuesday, January 17, 2017
La la land
Мэлмий, сэтгэл, сонор гурвыг зэрэг мялаахын тулд бүжиглэж, дуулж, жүжиглэдэг мюзиклын төрөл жүжигчин хүний авьяас, чадварыг жинхэнэ шалгадаг жанр. Миний хувьд Алтан бөмбөрцөгийн 7 шагналыг хүртсэн #Lalaland кино Холливиудаас удаан хугацаанд хүлээж байсан кино байлаа. Хөөрхөн, күүл 2 цагаанаагийн хайр дурлалыг хапий эндингтэй үзүүлчихсэнгүй. Хайр, урт хугацааны харилцаа гэдэг золиос шаарддаг тэр золиос нь хэн нэгнийх нь хүсэл мөрөөдөл байдаг гэдгийг сануулах шиг. Хайраа дагах уу Хүсэл мөрөөдөлөө дагах уу гэсэн Сэб (Райн Гослинг), Миа (Эмма Стоун) хоёрын зөрчилдөөн сүүлийн сцениуд дээр бол зүрхээр бөмбөр тоглолоо. Зөвхөн тэр хоёрын жүжиглэлт, дуулалт, бүжиг биш тун нь таарсан CG, дууны үг, хөгжим, гэрэл, алтерьнатив хувилбарын сцени гээд л 31хэн настай найруулагч Дамиен Чазеллийн бүтээл гэхэд итгэмээргүй. За жүжигчдийн хувьд бол шамбий шар хэрнээ хөөрхөн харагдаад байдаг Эмма Стоун арай л дэндүү авьяастай юм юун Жоли. Райн Гослингийн хувьд Холливиудын хэвшсэн царайлаг шар биш юм байна аа дүрээ бол сийлдэг залуу байна. Нэг зүйл зөвлөхөд үзэхдээ дуулалттай хэсэг дээр нь титр хараад байваа зүгээр л сонсоорой.
A city of stars, are you shining just for me
10/10
#Lalaland
A city of stars, are you shining just for me
10/10
#Lalaland
Subscribe to:
Posts (Atom)