Tuesday, February 26, 2013

Монголын эдийн засгийн H1N1


 Голланд өвчний шинж тэмдэг
            А хүрээний айхтар ханиад намжингуут л араас нь дүү ханиад нь гарч ирээд монголчууд биднийг яггүй тэвдүүлж байна. Гэхдээ энэ муу ах, дүү ханиадыг цалин муутай ч гэсэн сэтгэл сайтай эмч нар, зай муутай ч гэсэн зөрж хэвтэх ортой эмнэлэг хоёртойгоо байхад яаж ийж байгаад дараад авна байх. Харин манай эдийн засаг айхтар “ханиад” тусаад бөгшүүлээд удахгүй “хатгаа” болох гэж байгааг  анзаарах амьтан, эмчлэх эмч алга. Хэлж байсан хэдэн эрдэмтэд маань хашгирсаар хоолой нь хатаад гарахаа больж байх шиг.   
Уг ханиадны эдийн засгийн нэр нь “Голланд өвчин”. Гарал үүслийг нь сөхвөл 1959 онд Нидерланд улсад байгалын хийн нөөцийг илрүүлсэн тэр үеэс үүдэлтэй. Нидерланд улс мөнөөх баялгаа олборлохын тулд 1963 онд дэлхийн нефтийн гигантууд болох “Royal Dutch Shell, Exxon Mobil” хоёртой хамтарсан хувьцаат компанийг байгуулжээ. Гэрээгээ байгуулчихсан  Нидерландын Засгийн газар бодвол бие биедээ баяр хүргээд, патиараа татуулаад,  50%-иа эзэмшээд түмэн олонтойгоо жаргаад байна даа гээд дуулалдаад байж байтал гэнэт аж үйлдвэрийн салбарт нь уналт ажиглагдаад ирдэг байгаа. Хүний мууд дуртай гэгддэг сонин сэтгүүлүүдээс хамгийн анх “Economist сэтгүүл энэ үзэгдлийг олж хараад 1977 оны нэгэн дугаартаа  өөрсдийнхөө нэрээр биш өвчин туссан улсынх нь нэрээр “Голланд өвчин” гэж бүртгэжээ. Тэрийг нь мэдээж сая ирдэг Сото шиг сэргэлэн эдийн засагч нөхдүүд болох Оксфордын 2 эрдэмтэн шүүрч аваад 1982 онд загварчлаад түүнийг цааш нь Ж.Стиглиц, Дж.Сакс хөгжүүлээд “баялгийн хараал” энэ тэр гээд баяжуулчихсан. Ерөнхийдөө энэ өвчний шинж тэмдэг нь их энгийн л дээ яг л үлгэр энэ тэрд гардаг шиг. Хонь, ямаа хоёртой нэгэн малчин байжээ. Хонь ямаандаа нөмөртэй, ямаа нь хоньдоо хөтөчлөөд, эзэн нь ч ижилхэн анхаарал тавиад жаргаж байж. Гэнэт нэг өдөр эзэн нь ноолуурын үнэ өссөнийг сонсоод ямаагаа хайрлаж өсгөөд хонио  зөнд нь хаяжээ. Ингээд нэг хэсэг ноолуураараа сайхан амьдраад л машин энэ тэрийг чинь хоёр гурваар нь сойгоод байж. Тэгтэл гэнэт шуурга болсон чинь өнөөх олон ямаанууд чинь хонины нөмөр нөөлөггүйн улмаас хөлдөж үхээд эзэн нь модоо барьжээ.
Монголын эдийн засаг дахь Голланд өвчин
Манай эдийн засаг  60-аад оны Голландын туссан өвчнийг хусчихаад л нусаа шор шор хийтэл татчихаад зүгээрээ гээд зүтгээд байгаа нь үнэн л дээ. Худлаа гэвэл би та нарт шинж тэмдгээс жаахан дурдаж өгье л дөө. За бид Нидерланд шиг байгалийн баялгаа олсон уу олсоон. Оюутолгой, Тавантолгой гээд л арван хэдэн толгой байна гээд  Өмнийн их говиос Ховдын хязгаар хүртэл  хүмүүс цээжээ дэлдэж байна. За бид хамт олборлох гэрээгээ байгуулсан уу байгуулсаан. Рио тинто гээд агуу амьтантай манай засгийн газар үнгэлдэх үедээ үнгэлдэж, үсдэлцэх үедээ үсдэлцсэн. Гэрээ байгууллагдаж дуусав уу үгүй юу монголын шинэ үеийг зарлаж “Монголын ирээдүй бол уул уурхай юм” гэж госчоом өмсөж, тамга барьсан дарга бүр хэлсэн. За тэгээд цааш нь өнөөх их хишгээсээ мань мэтдээ далан мянгаар нь  хялайлгаж бид чинь цагаан сараараа “бяц” аваад одоо хэхрүүлээд сууж байна. Цаашаа юу болох вэ гэж үү? Өө их  юм болно. Яаж мэдэж байгаа юм гэж үү ? Лам хараас асуух шаардлагагүй угаасаа энэ өвчний шинж тэмдгийг википедиа дээр бичсэн байгаа л даа. За цаашдаа ингэнэ ээ. Нөгөө олон толгойгоо олборлоод ирэхээр манай экспорт өснө өө. Үүнийг дагаад үндэсний валют төгрөгний ханш чангарна. Харин бид зүв зүгээр гэнэт мөнгөтэй болсон болохоор дотоод үйлдвэрлэсэн юм авахгүй ээ гадны чанартай юм иднэ гээд хэвтчихнэ.  Ингээд манай хөөрхий дотоодын үйлдвэрлэгч нар унаад өгнө оронд нь гоё гадны юм импортоор хэрэглэнэ. За тэгээд цаашаа нэгэнт дотоодын үйлдвэрлэгч унаад ирэхээр ажилгүйчүүд нь уул уурхай руугаа зүтгэнэ. Азтай нэг нь уул уурхайн компанид орж дойлуураар цалинжаад, азгүйчүүд нь тэднийг харж шударга бус байна бидний “халамжийг нэм”, “цалинг нэм” гээд Магнай энэ тэртэй хамтдаа  жагсана. За тэгтэл манай төр угийн уяхан сэтгэлтэй болохоор ажилтай, ажилгүй бүх хүмүүст тэтгэмж өгөөд эхлэнэ шүү дээ. Зүгээр байхад тэтгэмж өгөөд байхаар уул уурхайгаас өөр газар ажиллах “тэнэг” хаанаасаа олдов гэж. Ингээд л тэтгэмж нэртэй төрөөс өгсөн хар тамхиа татан мансууран сууж ахуйд нэг л өдөр нөгөө байгалийн баялаг дуусна даа. Зүгээр сууж халамж аваад сурчихсан насанд хүрсэн  “нярайнууд” тэр үед жинхэнэ чангаар уйлалдаж авч байсан өнөөх их мөнгөөрөө зам барих нь яалаа, тариа тарих минь яав, боловсрол олж авах минь яав гээд толгойгоо шаагаад хэвтчихнэ дээ. Харин төрд ажиллаж лиценз тараасан луйварчингууд нь холын Америкт очиж хэвтсэн ч  байгалаа сүйтгэсэн монголын түйрэнд нүдүүлж, хүүхдүүд нь самбарын өмнө аав, ээж нь яаж баяжсаныг тайлбарлаж чадахгүй дүлэгнэж зогсох вий.                                  


Б.Нандин-Эрдэнэ (2009 он)

No comments:

Post a Comment