Tuesday, February 26, 2013

Хямрал бол сүйрэл биш буюу Эдийн засгийн хямралын үед хэрхэн бизнесээ удирдах вэ?




Эдийн засгийн хямралыг ихэнх бизнес эрхлэгчид сүйрэл мэтээр хүлээн авах нь бий. Учир нь эдийн засгийн хямралаас шалтгаалж борлуулалт буурах, хөрөнгө оруулалт саатах цаашлаад бизнесүүд дампуурлын ирмэгт ч тулдаг. Гэхдээ аливаа зүйлд эерэг хийгээд сөрөг тал боломж хийгээд аюул заавал байдаг. Тийм ч учраас бизнес эрхлэгчид  хямралын үед бизнесээ зөв удирдах, нөхцөл байдлыг бодитоор харж сурах нь зүйтэй юм. Манай бизнес эрхлэгчдийн хувьд ч эдийн засгийн хямралтай анх удаа нүүр тулж байгаа тул хэрхэхээ мэдэхгүй тэвдэх, хямралын үед бизнесийн боломжууд огт байхгүй болдог гэж бодох нь буруу юм.
Эдийн засгийн хямрал цоо шинэ зүйл биш.
Юуны түрүүнд чөлөөт эдийн засагт хямрал бол төдийлөн шинэ ойлголт биш гэдгийг бизнес эрхлэгчид мэдэж байх нь зүйтэй. Америкийн Нэгдсэн Улсын  эдийн засагт 1929 оны их уналтын жилээс хойш энэ эдийн засгийн хямралыг хүртэл нийтдээ 12 удаагийн эдийн уналт, хямрал болж байсан байна. Энэ бүх эдийн засгийн уналт, хямралуудыг даван туулж тэдгээрээс суралцсанаар бизнес эрхлэгчид туршлагжиж хямралын үед бизнесээ удирдах арга ухааныг олж мэдсэн нь дамжиггүй. Харин бидний хувьд цаашдаа эдийн засгийн хямрал гээч зүйлтэй дахин нүүр тулж болохыг, хэзээ нэгэн цагт эрэлтээ дийлэхгүй байсан борлуулалт шалдаа унаж болохыг мэдэж байх хэрэгтэй.  Эдийн засгийн өсөлт болон  хямралыг ээлжлэн солигддог  улиралтай  зүйрлэж болно. Эдийн засгийн өсөлт нь яг л налгар зун шиг бизнесүүдийг ээж ивээж байдаг бол эдийн засгийн хямрал хахир хатуу өвөл шиг хүйтэн жавраар хайрч бизнесүүдийн тэвчээр, тэнхээг шалгадаг. Гэхдээ өвлийн дараа хавар, зун болдог шиг эдийн засгийн хямралын дараа өсөлт залгах нь дамжиггүй.          
Хямралын үед хэрхэн бизнесээ удирдах вэ?
Хямралын үед дийлэнх бизнес эрхлэгч нарт зардлаа бууруул аль эсвэл үр ашиг багатай хөрөнгө оруулалт хийхээ азнаж хүлээж бай гэсэн зөвлөгөөнүүдийг ихэвчлэн авч байсан. Гэхдээ эдгээр зөвлөгөөнүүд нь эдийн засгийн хямралтай ч бай хямралгүй ч бай зайлшгүй мөрдөх ёстой зүйлс. Хичнээн их борлуулалтын орлогтой байсан ч үр ашиггүй зардал гаргах, өгөөж багатай хөрөнгө оруулалт хийгээд байвал бизнес чинь хүнд байдалд орох нь гарцаагүй. Тэгэхээр бид Хямралын үед юу хийх ёстой вэ?
Зөвлөгөө 1 Сандрах шаардлагагүй бодит нөхцөл байдлыг дүгнэхийг хичээ
Хямрал боллоо гэж сонсоод шууд сэтгэлээр унаад бизнес маань дампуурах нь гэсэн айдас хүйдэст автах шаардлага огт байхгүй юм. Учир нь эдийн засгийн хямрал салбар бүрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь манай улсад эдийн хямрал нүүрэлсэн ч өнгөрсөн 2009 онд хамгийн олон кино үйлдвэрлэгдэж ихэнх продакшнууд ашигтай ажиллацгаасан. Гэтэл барилгын салбарын хувьд борлуулалт зогсож дийлэнх компаниуд нь хүнд байдалд орох жишээтэй. Яг үүнтэй адил дэлхийн зах зээл дээр электрон барааны гигант  Сони алдагдлаа зарлаж байхад компьютер тоглоом үйлдвэрлэгч Нинтендо ашигтай ажилласнаараа бахархаж байсан. Учир нь хямралын оргил үед хүмүүс чөлөөт цагаа хямдхан зугаатай өнгөрөөх компьютер тоглоомыг илүүтэй сонгож байсантай холбоотой юм. Тэгэхээр бизнес эрхлэгч та эдийн засгийн хямрал миний бизнесд хямрал яаж нөлөөлөх вэ эергээр үү сөргөөр үү? Сөргөөр бол хэдэн хувиар яаж борлуулалтыг бууруулах энэ хандлага хэр удаан үргэлжлэх гэсэн асуултын хариултыг олох хэрэгтэй юм.
Зөвлөгөө 2 Бодит нөхцөл байдалд тохирсон хүлээлтийг бий болго.
Хямралын үед бизнес эрхлэгчдийг сэтгэлээр унахад хүргэдэг гол зүйл бол хэт өөдрөг хүлээлт, зорилго. Хямрал болж нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас үүнтэй зэрэгцэн өөрийн бизнесийн зорилго зорилтоо ч өөрчлөх шаардлагтай юм. Учир нь Хямрал бол бизнесийн өвлийн улирал. Малчид өвлийн улиралд малаа онд мэнд оруулах гэсэн зорилго тавьдаг болохоос таргалуулна гэдэггүй. Үүнтэй адил өмнө нь дэвшүүлчихсэн өөдрөг зорилгоо бодит нөхцөл байдалд уялдуулах шаардлагтай.
Зөвлөгөө 3 Амьдрах чадвартай бизнесүүд рүүгээ анхаарлаа хандуулах.            
Манай ихэнх бизнесмэнүүд маш олон салбарт диверсификаци хийсэн байдаг. Нефть, архи, пиво, гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн сүлжээ, банк, барилгын салбар, газар тариалан гээд л хаана ашигтай гэж сонссон тэр бүгд рүү хөрөнгөө оруулсан байдаг. Харамсалтай нь хямралын үед иймэрхүү олон салбарт диверсификаци хийсэн бизнес өртөмтгий байдаг. Өөрөөр хэлбэл хямрал эдгээр олон салбарыг бүгдийг нь авч үлдэхийг зөвшөөрдөггүй бөгөөд аль амьдрах чадвар сайтай руугаа анхаарахыг шаарддаг. Хэрвээ бүгдийг нь авч үлдэнэ гэвэл бизнес чинь тэр чигээрээ унаж ч магадгүй байдалд хүрч болдог байна. Яг л малчин хүн онд мэнд орохгүй малаа заазалдаг шиг хямралыг давж чадахгүй бизнесээсээ салж, давж чадах хэсэгт нь хөрөнгө оруулахыг шаарддаг байна.
Зөвлөгөө 4 Үндсэн салбар дахь хөрөнгө оруулалтаа бүү бууруул.
Хямрал бол ертөнцийн төгсгөл биш тийм ч учраас дахин хэзээ нэгэн цагт дахин эдийн засгийн өсөлттэй учрах нь дамжиггүй. Харин тэр үед хямралын үеэр үндсэн салбар дахь хөрөнгө оруулалтаа бууруулсан нь хоцорч нэмсэн нь хожих боломж бүрддэг байна. Жишээ нь Тоёота компани эдийн засгийн хямралын үед гибрид хөдөлгүүр хөгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтыг бууруулаагүй бөгөөд энэ бодлогын ачаар гибрид хөдөлгүүртэй Лексусыг худалдаанд гаргасан байна. Яг үүнтэй адил манай улсын зах зээлд  Витафит компани “Анар” жүүсээ хямралын үеэр гаргасан нь гадны болон бусад жүүсүүд руу довтлох тохиромжтой  цаг байсан гэж үзэж болно.
Зөвлөгөө 5 Хямралыг компаний удирдлагын биш бүх ажилчдын асуудал болго.
Магадгүй компанид чинь хямрал хүндээр нөлөөлж байгаа бол тодорхой гарц шийдлийг олох шаардлагтай.  Гэхдээ эдгээр гарц шийдлийн хариулт нь зөвхөн удирдлагад биш ажилчид чинь байж магадгүй. Нөгөө талаас бизнес унаж дампуурлаа гэж бодоход хор хохиролыг  нь хөрөнгө оруулагч, удирдлага төдийгүй  ажилчид хүртэл хүртэнэ. Тиймээс аль болох ажилчид, албан хаагчдыг шийдвэр гаргалтанд оролцууож тэдний үгийг сонсох нь хямралыг гарцыг олох бас нэгэн арга юм.
Зөвлөгөө 6 Сайн цагт хураасан зүйлээ муу цагт хэрэглэнэ.
Санхүүгийн тодорхой нөөцтэй байхыг манай бизнесүүд хямралтай нүүр тулсан цагаас хойш ойлгож эхэлж байх шиг байна. Бизнес бүр өөрийн тодорхой санхүүгийн нөөцийг эдийн засгийн хүндрэл, хямралын үед зарцуулах гэж хадгалж байх шаардлагтай байдаг. Хэрвээ хураасан зүйлээ бүгдийг өөр салбарын бизнест хөрөнгө оруулаад ч юм уу аль эсвэл захирал нь бандгар жип болгоод байвал хүнд үед сөхрөөд унах ч боломжтой байдгийг мэдсэн байх.
Зөвлөгөө 7 Сайн хүнийг ангуучилж муу хүнээсээ салах цаг
Хямралд ч гэсэн тодорхой хэмжээний эерэг тал бий ялангуяа хүний нөөцийн тал дээрээ хямралын үеийг далимдуулан өөрийн багаа хүчирхэгжүүлэх боломж гарч ирдэг гэж хэлж болно. Олдохгүй байсан сайн мэргэжилтнүүдээ боломжийн үнээр урвуулан авах, хэт өсөлттэй авахаас өөр аргагүй байсан чадваргүйчүүдээс эвтэйхэн шалтаг хэлээд салж болох тийм боломжийг хямрал бизнесүүдэд олгодог байна.
Зөвлөгөө 8 Үнээ бууруулах гэж бүү яар? Шинэ шийдлийг бий болгохыг хичээ.
Хямралын үед хамгийн түрүүнд хийх алхам үнээ бууруулах та өмнө сонсч байсан байх. Гэхдээ үнээ яаран бууруулахаас өмнө үнэтэй чинь зэрэгцэн барааны тань үнэ цэнэ зэрэгцэн буудаг гэдгийг санахад илүүдэхгүй. За тэгээд нэгэнт буусан үнийг дахин буцаагаад хуучин түвшинд нь хүргэхэд  багагүй хугацаа хэрэгтэй. Тийм ч учраас барааны үнэ цэнийг унагаж байснаас үнээ хэвээрээ байлгаад тодорхой нэмэлт үйлчилгээг санал болгоход буруудаад байх зүйлгүй.
Зөвлөгөө 9 Шинэ хэрэглэгч дээр бус хуучин хэрэглэгч дээрээ төвлөрч ажиллах хэрэгтэй.
Эдийн засгийн хямралын үед шинээр хэрэглэгчийг татах нь өсөлтийн үетэй харьцуулахад харьцангуй хүнд байдаг. Учир нь хямралын үед хэрэглэгч хэмнэх, хямдыг нь хайх сэтгэхүйтэй байдаг учраас шинэ хэрэглээ, шинэ бараанд татагдах нь харьцангуй бага. Тийм ч учраас бизнес эрхлэгчид өөрсдийн хуучин буюу үнэнч хэрэглэгч дээрээ тулгуурлан ажиллах нь хүнд үеийг даван туулахад тус дөхөм өгдөг байна. 
2010 он 
Маркетер, СЭЗДС-ийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ

3 comments: