Tuesday, February 26, 2013

Хятад Дэлхийг худалдан авч байна.


Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал эхэлж байх үед бүгд л Хятад луугийн  гайхамшигтай нисэлт дэлхийн санхүү эдийн засгийн хямралд өртөн сүйрнэ гэж таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй.  Гол худалдан авагч болох Америк, Европын зах зээлийн хямрал Хятадын эдийн засгийг унана гэж таамаглах хангалттай шалтгаан байлаа. Харамсалтай нь энэ таамаглал биелэлээ олоогүйг бүгд харсан. Эдийн засагчдын тооцож чадаагүй нэг зүйл нь Хятадын санхүүгийн нөөц хангалттай хуримтлагдсан байсныг анзаараагүй явдал юм. Тэд өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан бүгдийгээ хүүхдийн мөнгө болгоод 265 сая хүүхэддээ  цацсангүй, хэдхэн хүнтэй хошуу руугаа засмал зам тавьж, эрчим хүч оруулна гэж тэнэгтсэнгүй. Бизнесмэнүүд нь ч тэр хэдэн цаас олоод бандгар жип болгочихоод мисс хүүхэн дагуулаад казино тоглоод явсангүй. Ёстой л дотор хүний нарийн ухаан зарж хурааж байсныгаа хүнд үедээ хэрэглэж дотоодын эрэлтээ дэмжсэнээр дэлхий даяар борлогдохгүй байсан машинууд Бээжингийн гудамжинд хахаж байлаа.  Тэгээд цааш нь юу болж байна вэ? Форчун сэтгүүлийн таамагласнаар хятадын санхүүгийн нөөц 2 триллион доллар байгаа бөгөөд энэ мөнгөөр дэлхийн томоохон компаниудыг худалдан авах, хувьцаа эзэмших ажлуудыг туйлын эрчтэй хийж байгаа аж. Яг л баян айлын эхнэр төлбөрийн картаа бариад шоппинг хийдэгтэй  адил хятадууд мөнгөө барин дэлхийгээр тэнүүчилж ашигтай гэсэн наймааг үсэргэж явна.  
 2000 оноос хойш  Хятадууд 20 сая доллараас дээш өртөгтэй 122 наймааг төрөл бүрийн салбаруудад хийжээ. Эдгээрээс хамгийн өндөр өртөгтэй нь манай улсын “алтан” түнш Рио Тинтогийн 9%-ийг Хятадын Чайна-Алко 14 тэрбум доллараар авсан наймаа бол эдгээр худалдан авалтуудын дундаж үнэлгээ нь 159 сая доллар болж байна.
2000 оноос хойш Хятадуудын хийж буй томоохон худалдан авалтуудыг сонирхож үзвэл.
1.     2008 онд Рио Тинто компаний 9% -ийг Хятадын Чайна Алко 14 тэрбум доллараар худалдан авсан.  
2.     2009 онд Aддакс петролиум компанийг Хятадын Синопек компани 7,5 тэрбум доллараар худалдан авсан. Ингэснээр Синопек Баруун африк, Ойрхи  Дорнодод нефтийн олборлолт хийх боломжтой болсон.
3.     2008 оны 3 дугаар сард Өмнөд Африкийн бүгд Найрамдах улсын “Стандарт” банкны 20%-ийг Хятадын Аж үйлдвэр Худалдааны банк 5,6 тэрбум доллараар худалдан авсан.
4.     2007 онд Хятадын Хөрөнгө оруулалтын корпораци Америкийн Хөрөнгө оруулалтын банк болох Морган Станлегийн 10%-ийг 5 тэрбум доллараар худалдан авсан.
5.     2005 онд Канадын ПетроКазакстан компанийг Хятадын үндэсний газрын тосны компани болох CNPC 4,18 тэрбум доллараар худалдан авсан.
   Хятадуудын хийж буй худалдан авалтууд нь бүс нутгаасаа хамааран ялгаатай байгаа юм. Тухайлбал Африкийн улсуудтай эрдэс баялгийг эзэмших хэлцлүүдийг хийж байгаа бол Өмнөд Америкийн улсуудтай газрын тос олборлох чиглэлээр хэлцлүүд хийгдэж байна. Үүний нэг тод илрэл нь 2009 оны эхээр Бразилийн ПетроБрас компанид 10 тэрбум долларыг Хятадын засгийн газар зээлдүүлсэн явдал юм. Тэгвэл Канадтай газрын тос болон төмрийн хүдэр олборлох чиглэлээр панз үсэргэж 2 тэрбумаар Tанганиука Oйл компанийг худалдан авсан байх юм. Харин Америк, Европийн компаниудаас санхүүгийн салбарынхныг сонирхож байгаа бол Японоос хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийг сонирхож байгаа юм байна. Харин бид юугаа яаж наймаалцахаа эртнээс сайн тунгааж байхгүй бол тулгамдаад хүндээ хөнгөнөөс өгөх вий дээ?   

Утгачлан орчуулж, санаагаа нэмэрлэсэн Б.Нандин-Эрдэнэ      (2009 он)  

Ашигласан эх үүсвэр: 
http://money.cnn.com/galleries/2009/fortune/0910/gallery.china_shopping_list.fortune/3.html

No comments:

Post a Comment