Сото ирээд нэмэр байна уу?
Цаана чинь эдийн засгийн их сэтгэгч Эрнандо Де Сото манай ноён ерөнхийлөгчийн урилгаар монголд ирж алдарт лекцээ уншина гэнэ. Мань мэт шиг эдийн засгийг сонирхдог нусгайнуудад энэ насандаа цөөхөн тохиох сайхан явдал. За тэгээд Сото гуайг холоос ч болов хальтхан харж, алдарт Капиталын нууцыг амьдаар нь сонсох мөчийг хүлээж суух зуураа бодлоо. Манайд ер нь ойрын үед мундаг, мундаг нөхдүүд их айлчилж байна шүү. Хоёр жилийн өмнө Харвардын эрдэмтэн, стратегийн ухааны гүрү М.Портер Дэлхийн банкны урилгаар ирсэнсэн. Харамсалтай нь лекцэнд нь төрийн томчуудаас Элбэгээ, З.Энхболд, бизнесийнхнээс Оджаргал л сууж харагдсан бусад нь Портер гэж ачааны машин аль эсвэл кино жүжигчин гэж бодсон биз. Уг нь Портер бидэнд улс үндэстний өрсөлдөөний давуу тал гэж юу болохыг хэлэхийн зэрэгцээ ашигт малтмалын салбар л манай цорын ганц өрсөлдөөний давуу талыг үүсгэж өгөх салбар болох, түүнийг яаж хөгжүүлэхийг хэлээд буцсан даа хөөрхий... Харамсалтай нь түүнийх нь яг эсрэгээр манай дарга нар явж байх юм. Олборлоод олборлоод ачаад ачаад түүхий тэр чигээр нь зарна аа гэдэг нь уул уурхайн салбарын хөгжил, улс үндэстний давуу тал биш ээ гэдгийг Портер үгүй мөн олон давтан ярьсан даа.
За за энэ ч өнгөрсөн хорвоо сонссон хүмүүсийн дийлэнх нь жуликууд байсан юм чинь мэдлээ гээд ч ямар нэмэр байх биш. Харин одоо Сото гуайг ирнэ гэж бодсон чинь бөгс улаймаар зүйл их байна. Мань хүн Капитализмын нууцыг тайлах гээд байдаг гэтэл өнөөх гайтай чөлөөт эдийн засаг, капитализм нь манайд үнэндээ байхгүй. Байхгүй ч гэж дээ уг нь бол байсан түүний төлөө бүр тэмцэж байсныг би санаад байгаа юм. Харин одоо нэг л их бэлэн нулимс, уяхан сэтгэлтэй улстөрчдийг магнайдаа залсан манай улсын эдийн засгийн хэлбэр нь тэр гэж хэлэхийн аргагүй мутантлагдсан байгаа юм.
Жишээ татая л даа Нилээн сайн боожигтой нэг алтчин хархүү байх баахан зээл аваад нэг хувийн банкийг дампуурлын ирмэгт хүргэж. Хувь нийлүүлэгчид нь чөлөөт зах зээлийн зарчмаараа дампуурах нь гээд сандралдан арга саам хайж байтал гэнэт Монголбанкны сайхан ханхүү гарч ирээд өнөөх банкийг татвар төлөгчдийн мөнгөөр авраад зогсохгүй бүр шууд эзэмшилдээ авчихдаг байгаа. Бусад банкууд нь ашиггүй ажиллавал Ханхүүгийн ивээлд ороод амар юм байна гэж бодсон байх даа. Хөөе ханхүү энэ чинь чөлөөт эдийн засаг уу гэж хашгирмаар ч юм шиг. За тэгээд цаашилвал баахан л төрийн өмчийн компаниуд байгуулагдаж байх юм. Нэг гараараа хувьчлаад л нөгөө гараараа байгуулаад байхаар чинь ямар юмны капитализм байх вэ дээ. За тэгээд түүнээс болоод ч юм уу 90 оны эхээр төрийн албанаас хүмүүс харх мэт дайжиж байсан бол одоо бол батгана мэт шавдаг болж. Төрд ажиллах хүний тоо ихсэх нь чөлөөт эдийн засгийн хэв шинж хаа нэгтээгээс уншсанаа үнэндээ сайн санахгүй байна. Үүнээс өөр ховломоор юм өчнөөн л байна Сото минь. Үнэ нэмэхээр хөөрөгдлөө гэнэ, бууруулахаар хуйвалдлаа гээд хоёр гурваараа төртэй нийлээд балбачих юм. Пс тоглоомыг хаана л гэнэ, насанд хүрсэн хүний архи уух цагийг төр нь тааруулна, хоёр гол нам нь зүүний чиг баримжаатай, өгөх халамжийнхаа хэмжээг тооцож чадахаас эдийн засгийг өсгөнө гэж огт мэдэхгүй. Тэгсэн хэрнээ бас болоогүй ээ бизнес орчныг сайжруулна гэсэн жижүүрийн уриатай. Үнэндээ манай улсад нууцыг нь тайлах капитализм гэж байхгүй ээ Сото минь ирэхээр чинь дагаж далдагнах улстөрчид чинь баруунд төгссөн нэртэй коммунистууд. Үнэндээ бидэнд одоо бурхны орноос Адам Смит ирж хичээл заагаад ч туслахааргүй болсон бид буцаад социалист эдийн засгаа сонгосон. Харин та нэгэнт ирснийх чөлөөт эдийн засгийг яаж балиар аргаар зэрэмдэглэж болох талаарх судалгаагаа энд хийгээд буцахгүй юу даа.
Маркетер Б.Нандин-Эрдэнэ (2010, Feb)
No comments:
Post a Comment