Tuesday, September 25, 2018

Active inertia буюу Амжилттай компаниуд яагаад унадаг вэ?

Саяхан BBC-гээс гаргасан Rise and fall of Nokia баримтат киног үзлээ. Жижигхэн орны компани хэрхэн гар утасны зах зээлд дэлхийд тэргүүлэгч компани болж өссөн хийгээд зах зээлийн өөрчлөлтөнд дасан зохицож чадалгүй унасан талаарх  өгүүлжээ. Цагтаа 300 тэрбумаар үнэлэгдэж байсан компани 7 хон тэрбумаар зарагдаж, хэдхэн жилийн дотор зах зээлээс арчигдсан энэ түүх яг л дугуйны зах зээл дээрх Firestone, хувилагчийн зах зээл дээрх Xerox-ийн жишээг давтсан мэт. Зах зээлд амжилттай явж байсан компаниуд яагаад технологийн хувьсгал, зах зээлийн огцом өөрчлөлтөнд дасан зохицохдоо муу байдаг талаар олон тайлбарууд байдаг. Дийлэнх компани томроод ирэхээр өөрчлөлтийг тоохоо больж хэт биеэ тоодог, удаан шийдвэр гаргадаг, юм хийхээ больдог гэж үздэг ч энэ талаарх MIT-ийн профессор -ийн Д.Саллийн (Donald Sull) Active Inertia (Идэвхтэй инерци) тайлбар их сонирхолтой. Д.Салл амжилттай явж байгаа компаниуд зах зээлийн өөрчлөлт, технологийн өөрчлөлтийг хамгийн соргогоор мэдэрч, түүнд зориулсан олон өөрчлөлт үйлдлүүдийг хийдэг гэхдээ эдгээр өөрчлөлт, үйлдлүүдийг хийхдээ хуучин амжилтанд хүргэсэн стратегийн чиг баримжаа, үнэт зүйлс, соёл, арга барил дээрээ суурилж хийдэг нь тэдний гол алдаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл хуучин үнэт зүйлс, арга барил соёл нь тэднийг өөрчлөгдөхөд дөнгө, тушаа болдог гэсэн санаа юм. Яг энэ талаар П.Дракер гуай ч Менежерүүдийн гол алдаа бол өнөөдрийн өөрчлөлтөнд өчигдрийн логикоор хандах гэж тайлбарласан санагдана.
Гэхдээ амжилттай компани болгон өөрчлөлтөнд дасан зохицож чадахгүй гэж дүгнэж боломгүй. Өмнө нь амжилтанд хүргэж байсан логик, үнэт зүйлээ таягдан хаяж цоо шинэ хувьсгал хийж чадсан компаниуд (Самсунг, GE) зөндөө байгааг ч бид нар харж болно. Эцэст нь хэлэхэд философич Гераклитийн хэлснээр "Өөрчлөлт гэдэг өөрөө хамгийн тогтмол зүйл" тийм ч учраас амжилтанд хүрсэн компаниуд амжилтанд хүргэсэн хуучин логиктойгоо зууралдах биш өөрсдийгөө шинээр нээн илрүүлж байх нь хамгийн чухал мэт санагдлаа.