Friday, January 1, 2021

Эгчийн пальто

Эрдэнээгийн пальто багадаад жадайчихсан тэрнээсээ болоод даараад дэрчийсэн юм явж байна лээ гэж бага эгч ээжид хов зөөснөөр  энэ хэрэг явдал эхэлсэн юм. Анх сургуульд  ордог жил авч өгсөн цэмбэ үнэртсэн, илээд л баймаар зөөлхөн хар захтай саарал пальто маань гурван жилийн дараа гэхэд дэндүү багадаад ханцуй нь тохой  дөнгөж далдлах төдий, хормой нь формны хормойтой зэрэгцээд тоодойж орхисныг эгч харсан хэрэг. Жавартай хүйтэн өдрүүдэд багадсан пальтотой явахаар нилээн даардаг ч дулаахан өдрүүдэд бол ер түүртэхгүй цасан байлдаан, ноцолдох, гулгахад  туйлын эвтэйхэн хөнгөн байдаг билээ. Эгчийн ховын дагуу ээж оройн хоолны дараа  саарал пальтогоо өмсөөд том өрөөнд ороод ир гэж дуудав. Анх энэ пальтог авчихаад л ээж яг энэ өрөөнд  "наашаа алх", "одоо эргэ" гэж хэлээд л хараад сэтгэл нь тун хангалуун харж байсансан. Томдуулж авсан нь илэрхий  шинэхэн пальтоны ханцуйнаас нь хурууны өндөгнүүд  дөнгөж цухуйж, нүүр халхлам том захны илч нь дүүгэж маргааш хурдан өмсөөд хичээлдээ явахсан гэж гэхээс шөнө нойр хүрэхгүй хөрвөөж хонож билээ. Харин одоо багадсан пальто бид хоёр дахиад нэг өвлийг хамт дуусгах уу эсвэл өөр пальто юу гэдэг сонголт дээр нэгэнт иржээ. Ээжийг шийдвэрээ гаргах гээд бодож байх зуур хоёр эгч, дүү, аав уван цуван  орж ирсээр гэр бүлийн хуралархуу маягын  зүйл боллоо. Ээж аав руу харцаараа "яах вэ хүүдээ пальто авч өгөх юм уу" гэж асуухад  аав санхүүч хүний гярхай  нүдээ жийталгаж байгаад л дотроо тоо бодож байгаа харагдав. Тэгснээ ээж рүү харснаа энэ жилдээ эгчийнх нь хуучин пальтог өмсгөөд  охиндоо шинийг авч өгөе арай ч хоёр пальто авч барахгүй нь гэв. Бага эгч хов зөөж гүйж байгаад шинэ пальтотой болчихлоо доо "зэвүүн амьтан" гэж бодож амжилгүй бага эгч өөрийнхөө өмсдөг шоотой цэнхэр пальтогаа өлгүүр дээрээс аваад над руу шидэж орхилоо. Шоотой цэнхэр хээтэй тэр пальтог бүр хаанаас нь ч харсан охины пальто. Дотроо бага эгчийн оронд ахтай байсан бол ядаж хуучин ч гэсэн эрэгтэй хүүхдийн пальто өмсөхгүй гэж үглээд л өнөөхийг нь өмсөж гэрийнхэндээ  үзүүлэв. Ханцуй, мөр яг таараад сүүлийн хэд хоногуудад жадайсан юм өмссөн надад амьсгалахад таатай санагдав. Гэхдээ дэрвийсэн хормойг нь харахаар бүүр үзэн ядмаар болж байлаа. Би энэ охины пальтог чинь  өмсөж чадахгүй шүү гэж хэлмээр байвчиг картаар талхаа авдаг болсон энэ үед ээж, ааваасаа шинэ юм гуйх нь хуншгүй зүйл мэт санагдаад дуугүй л зөвшөөрсөн дүр эсгэв. За тэгээд  хэд хоногоос эгчийн шинэ пальто ирж би ч эгчийн хуучинг өмсөх өдөр ирлээ. Өглөө толины өмнө зогсож байгаад дэрэвгэр хормойг яаж харагдуулахгүй  байх вэ гэж нилээн удаан дасгал сургуулилт хийв. Хормойг нь хоёр захаас нь хумиж бариад цөмцөгнөөд алхвал нэг их хормойтой гэдэг нь  мэдэгдэхгүй байх шиг санагдаад ер нь ингэж л алхая гэж шийдлээ. Гадаа гартал өвлийн өглөөний гэгээнд гадуур хувцсыг маань хэн ч анзаарсангүй гүйсээр байгаад сургуулийн үүдний гэрэл хүрэхийн наана пальтогоо тайлж барьж ороод өлгүүрт өгчихлөө. Өдөр хичээл тараад хүүхдүүд бүгд пальтогоо авч дууссаны дараа хамгийн сүүлд хүлээж байгаад аваад сургууль дотроо өмсөлгүй сургуулийн гадаа буланд өмсөөд  л нөгөө муу цөмцөгнөсөн алхаагаараа хормой нь мэдэгдэхгүй байгаа гэж сэтгээд л алхаж байлаа. Гэнэт  нөгөө ангийн навтгар  улаан царайтай хүү "Ээ 3а-гийн  Нандиа (Ангийн маань нэр Нандиа харин гэрийн нэр Эрдэнээ) охины пальто өмчихөж гээд л орилж өгөв". Муу новшыг дээ гэж бодсон ч хормой нь дэрвэх гээд байсан тул хөөсөнгүй дэмий л нүдээрээ сүрдүүлэхчээн аядаад цөмцөгнөөд цааш алхав.  Тэгсэн өнөөх орилоогоос болж тээр хол явж байсан  хоёр охин над харснаа ам хамраа дараад л  охины пальто байна гээд л заагаад яриад эхлэхэд гэнэт л ичсэндээ болоод шууд л гэр лүүгээ гүйчихлээ. Гэртээ өнөөх муу эгчийн пальтог шидчихээд өөрийн хуучин муу саарлаа олоод орны доогуур шидчихлээ. Маргааш өглөө нь эгчийн пальтог өмсөж гараад  орцондоо дээд давхарт ээжийг ажилдаа явах хүртэл хүлээгээд гэрээсээ гарангуут нь буцаж орж өөрийнхөө муу саарлаа өмсөөд л эгчийн пальтог орны доогуур шидчихээд хичээлдээ хоцроод л очлоо. Энэ янзаар хэд хоног явж өөрийнхөө олсон залиндаа тун сэтгэл хангалуун байж байтал ангийн  багш ээж рүү сүүлийн хэдэн өдөр өглөө бүр хоцорч байгаа гэдгийг минь хэлснээр дахиад л гэрийн хурлаар орох болов. Энэ удаа ч би дахиж эгчийн пальтог өмсөхгүй гэдгээ өөртөө тохиолдсон түүхээ хөмхийгөө зууж байгаад хэлээд бас ээжийг яаж хуурч байснаа хэлтэл аав, ээж, эгч нар  бүгд түсхийтэл инээлдээд бүгд саарал пальтогоо өмсөж болно гэв. Маргааш орой нь харин том өрөөнд цоо шинэ эрэгтэй хүүхдийн  бор пальто тавьчихсан байж билээ. Яг л саарал пальто минь шинээрээ байсан үеийнх шиг цэмбэ нь үнэртэж,томдуулаад авсан болохоор өмсөхөд ханцуйнаас нь хурууны өндөгнүүд дөнгөж цухуйж байж билээ.

2021.01.02