Маркетерууд бид шинэ трендийг соргогоор олж харж дасан зохицохгүй бол хатуу ширүүн өрсөлдөөн, “хаврын тэнгэр” шиг ааштай хэрэглэгчийн зан төлвөөс хамаараад хаягдах аюултай. Зүйлсийн интернэтийн талаар Гүүглийн ахлах инженер Баттулгын блогоос анх уншаад сонирхолтой санагдаж маркетингид яаж нөлөөлөх талаар нь сонирхож үзлээ. Internet of Things буюу Зүйлсийн интернэт гэдэг нь энгийнээр хэлбэл бидний эдэлж хэрэглэдэг бүх зүйлс хоорондоо интернэтээр холбогдож илүү ухаалаг болох трендийг хэлж байгаа юм байна. CMO.com дээр Жизель Абромовичийн бичсэнээс дүгнэхэд дараагийн 5-10 жилийн дотор нилээн их зүйл өөрчлөгдөх төлөвтэй байна. Хамгийн сонирхолтой санагдсан таамаглалуудыг нь түүвэрлэвэл
• 2020 он гэхэд интернэтэд холбогдсон зүйлсийн тоо 50 тэрбумд хүрч нийтдээ 19 триллион долларын ашгийн болон зардлын хэмнэлтийг бий болгоно.
• Гэр ахуйн электрон хэрэгслүүд зүйлсийн интернэтийн хамгийн гол хэсэг болох төлөвтэй бөгөөд 2019 он гэхэд нийтдээ 490 тэрбумын потенциал бүхий зах зээл болно.
• Зүйлсийн интернэтийн технологийн зах зээл 2025 он гэхэд 6,2 триллион долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ өсөлтийн 2,5 триллион эрүүл мэндийн салбараас 2,3 триллион нь үйлдвэрлэлээс орж ирэх байх гэж таамаглаж байна.
• 2020 он гэхэд нийт автомашины 90% нь интернэтэд холбогдсон байна.
• Женерал Электрикийн таамагласнаар интернэтэд холбогдсон зүйлсийн дата, өгөгдлийн шинжилгээний зах зээл дараагийн 3 жилд 200 тэрбумд хүрнэ.
Энэ таамаглалуудаас харахад биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүд ч дараагийн хэдэн жилд айхтар хувьсаж өөрчлөгдөх төлөвтэй байна. Интернэтэд холбогдсон зүйлстэй болсон хэрэглэгчдийн зан төлөв ч гэсэн бас дагаад өөрчлөгдөх биз. Бараг л хөргөгч нь эзнийхээ өмнөөс хэрэгцээтэй зүйлсийн худалдан авах шийдвэрийг гаргалцаад явчих юм байна. Нөгөө талаас датанд суурилсан маркетинг нилээн хөгжих төлөвтэй юм байна. Интернэтэд холбогдсон зүйлс эзнийхээ хэрэглээний зан төлвийг яг таг маркетеруудад хэлээд өгчих учраас шийдвэр гаргалт улам нарийн болох нь ээ.
Эх үүсвэр:
http://www.cmo.com/
No comments:
Post a Comment