Нүүрномон дээрээ 4000 гаруй найзтай болчихжээ. Уг нь сайн танихгүй хүн рүүгээ нэг их хүсэлт явуулаад байдаггүй ч нэг л мэдэхэд найзын тооны хязгаарт хүрэхэд ойртжээ. Яагаад ч юм энэ бүх хүмүүс миний найзууд бил үү гэсэн бодол ээрч яваад "Дунбарын тоо" гэгчийн талаар мэдээд бага, сага юм уншлаа. Оксфордын их сургуулийн профессор, антропологич Робин Дунбар 1990 ээд оны үед хүний хамгийн боломжит "утга учиртай" харилцаа тогтоож чадах хүмүүсийн тоог 150 гэж тооцжээ. Ингэхдээ приматын багийн (мич, сармагчин, хүн..) тархины неокортексийн хэмжээг сүргийн тооны хэмжээнд харьцуулж хамаарлыг нь гаргаж үзээд түүнийгээ бусад туршилтуудаар нотолсон аж. Эртний анчин-түүгчдийн нийгэмд хүн сүргийн хэмжээ 150-иас нэг их хэтрээд байдаггүй бөгөөд түүнийгээ давахаар шинэ сүрэг үүсдэг юм байна. Мөн 2000 онд хийсэн туршилтаар хамгийн дотно хүмүүс рүүгээ Зул сарын мэндчилгээ явуулах даалгавар өгөхөд нэг хүн дээд талдаа 149 хүнд л илгээсэн байна. Эндээс дүгнэвэл чи хичнээн олон хүн таньдаг "од" байсан ч "утга учиртай" харилцааг ердөө 150 орчим хүнтэй л хийдэг. Тэдгээр харилцаанууд тодорхой давхаргаас бүрдэх бөгөөд ердөө 5-15 хүнтэй маш дотно, за тэгээд үлдэх хэсэг нь нөхөрлөлийн хэмжээнд л байдаг аж. Дунбарын тооны дээд хязгаар 250 орчим бөгөөд түүнээс дээшхийг хүн бараг зохицуулж чаддаггүй зарим харилцаануудаа орхигдуулдаг юм байна. Ингээд бодохоор 10 жилдээ үй зайгүй явсан найзуудтайгаа уулзах нь багасаад байгаа нь "нийгмийн тархи" хүрэлцээгүй явдлаас болсон юм шиг байна. Энэ тоог байгууллагын бүтэц зохион байгуулалтанд ашиглах нь элбэг байдаг. Жш нь ус нэвтрүүлдэггүй хувцас үйлдвэрлэгч GORE TEX компанийхан үйлдвэрлэлийн нэгжид ногдох ажилтнуудын тоог 150 иас хэтрүүлдэггүй бөгөөд хэтрэх нь бүтээмжид, бүлгийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг юм. Сошл медиа хэдийгээр хүнийг нийгмийн харилцаагаа хадгалж үлдэхэд тус үзүүлж байгаа ч Дунбарын тоог төдийлөн өсгөхгүй гэсэн дүгнэлтүүдээс харахад хайртай, дотно хүмүүстэйгээ л илүү цагийг өнгөрөөж баймаар юм байна.
No comments:
Post a Comment