Санамсаргүй үзэсгэлэн үзэж байгаад ХААН банкны захиралаар ажиллаж байсан Питер Морроу агсаны "Миний Монгол" дурдатгал номыг авсан юм. Барин тавин уншсаар шинэ оны эхний өдөр уншиж дууслаа. Пите Монгол хүмүүс, Монголын нийгмийг бидэнд таалагдах гэж магтаж саймширсангүй, муучилж доромжилсонгүй яг л байгаагаар (миний хувьд санал нийлсэн) нь өөрийнхөө мэдэрснээр бичжээ. Халагдсан ажилтан нь бөөгөөр хараалгуулж байсан түүхээс авахуулаад Гонгор бурхан залсан, авилгалч түшмэдийн дарамт, Монголын өнцөг булан бүрт аялсан аялал, ХААН банкийг хэрхэн орчин үеийн банк болгосон, урлаг соелыг дэмжиж Урлагын Зөвлөлийг байгуулсан зэрэг сайн болоод саар түүхээ хүүрнэжээ. Сайн банкираас гадна их ажигч, гярхай, бичгийн чадвар сайтай, Төв Ази, Монголын түүхийн талаар өндөр мэдлэгтэй хүн байсан нь номыг нь уншихад мэдэгдэж байлаа. Зарим зүйрлэлүүд нь үнэхээр оновчтой бөгөөд элэг хөшөөм Чингис хааныг Исус болон Жорж Вашигтон хоёрыг нэгтгэсэн хүн бурхан, Цагаан сарыг Талархлын баяр, Кристмас, Шинэ жилийн баярын холимог г.м Номны төгсгөл хэсэгт бидний талаар юуг ойлгох талаар бичсэн нь ганцхан гадныханд гэхээсээ илүүтэй бид ч уншаад авахад илүүдэхгүй санагдсан. Төгсгөлд нь хэлэхэд номонд гарсан Буд бөөгийн зөгнөснөөр 86 насалсан бол Монголчуудад их л хэрэгтэй хүн байж дээ гэсэн харуусал төрлөө.
No comments:
Post a Comment