Боловсролын салбарт ажилладаг болохоор энэ салбарын ирээдүй цаашдаа яах бол? юу өөрчлөгдөх бол? гэж төсөөлөхийг оролдоно оо. Ялангуяа хиймэл оюун, роботжуулалтын нөлөө бүх шатны боловсролын инститүүдэд хэрхэн нөлөөлөх бол гээд. Саяхан боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг HOLON IQ байгууллагаас гаргасан Боловсрол 2030 тайланг уншлаа. Тэр тайлан дээрх боловсролын салбарын ирээдүйн талаар 5 сценари энэ салбарын ирээдүйг төсөөлөхөд нэмэр болохоор санагдлаа.
Сценари 1: Education as usual буюу Боловсролын салбар төдийлөн их өөрчлөгдөхгүй хувилбар. Энэ сценарийн дагуу бол боловсролын инститүүд нарт төдийлөн өөрчлөлт орохгүй. Уламжлалт боловсролын байгууллагууд мэдлэг, чадвар олгох ажлын байранд хүргэх үндсэн үүргээ гүйцэтгэсээр байх хувилбар. Мэдээж хөтөлбөр агуулгад өөрчлөлт орж Re Skill буюу хүмүүсийг хиймэл оюунтай ажиллах чадварыг дахин суулгана гэж байна. Энэ хувилбарт байгаа нэг чухал санаа нь боловсролын байгууллагууд мэдлэг, чадварыг баталгаажуулах үүрэгтэй болохоор хэчнээн өөр арга замаар ур чадвар эзэмшсэн ч оршин тогтнох болно гэж үзсэн байна лээ.
Сценари 2: Regional Rising буюу Бүс нутгуудын өсөлт.
Заавал сайн боловсрол эзэмших гээд баруун руу явдаг чиглэл өөрчлөгдөж Ази, Ойрхи Дорнод, Африкын улсууд бүс нутагтаа өөрсдийн боловсролын хаабууд бий болох хувилбар. Хөгжиж буй орнуудын хүн ам, эдийн засгийн өсөлтөөс шалтгаалаад энэ хувилбар өндөр магадлалтай л санагдсан. Жш нь Азийн их дээд сургуулиуд, боловсролын систем баруунтай өрсөлдөхүйц болж ирж байгаа нь нэг нотолгоо нь биз. Нөгөө талаас өөрсдийн бүс нутгийн онцлог, соёлд тохирсон боловсрол олгохыг бодлого тодорхойлогчид хүсэх биз.
Сценари 3: Global Giants буюу Глобаль томчууд хувилбар. Мэдээллийн технологийн хөгжил, глобальчлалын нөлөөгөөр боловсролын салбарын хил хязгаар үгүй болно. 10 их наяд доллар эргэлддэг энэ салбарт байр сууриа олсон боловсрол, технологийн томчууд улам томрох хувилбар. Ерөнхий боловсролын дараах сургалтанд олонд танигдсан том их сургуулиуд хүчтэй тоглогч болж, технологийн компаниуд эдтек рүү хөрөнгө оруулж, төрөл бүрийн боловсролын глобаль франчайзууд хөгжих хувилбар.
Сценари 4: Peer to peer буюу суралцагч багш шууд хоорондоо холбогдох хувилбар. Энэ хувилбарын хувьд K12 буюу ерөнхий боловсролд төдийлөн нөлөө үзүүлэхгүй харин ерөнхий боловсролын дараах боловсролд хүчтэй нөлөө үзүүлнэ гэсэн байна. Хуучин тодорхой инститүүдээр дамжиж холбогддог байсан суралцагч болон багш нар хоорондоо илүү хялбараар холбогдож уламжлалт инститүүдийн нөлөө буурах хувилбар. Аа харин баталгаажуулалтын хувьд ямар нэгэн технологийн шийдэл гарч ирнэ гэж үзжээ. Магадлалтай л хувилбар санагдсан яг тухайлсан хүнээс суралцах сонирхол залуу үеийнхэнд их байгаа нь харагдаад байгаа. Олон финфлүүнсэрүүд ч үүний нэг тод жишээ биз.
Сценари 5: Robo Revolution буюу Робо хувьсгал. Хиймэл оюуны хөгжил, дижиталчлал боловсролын салбарт бүрэн нэвтрэх хувилбар. Хувь хүнд нь тохируулсан хөтөлбөртэй, хиймэл оюун багшийн туслах, виртуаль багштай байх хувилбар гэжээ. Энэ хувилбар ерөнхий боловсролын дараах боловсрол, ажлын байрны ур чадвар олгох сургалт дээр илүүтэй тусгалаа олно гэж үзсэн байна. За ямартай ч ийм 5 сценари гаргасан байна лээ. Юу болж яаж өөрчлөгдөхийг л харж л байя даа.