Monday, October 21, 2019
Implantable Collamer Lenses: Имплантан колламер линз
ICL буюу Implantable Collamer Lens хагалгаа: Олон хүмүүс асуугаад байгаа тул харааны хагалгааныхаа талаар мэдээлэл өгье. Миний хувьд 27 жил шил зүүсэн, хараа сүүлийн 3 жил эрчимтэй муудаж -7 хүрсэн тул хараа тэглүүлэх хагалгаанд яаралтай орох хэрэгтэй болсон. Энэ оны 1 сард Болор мэлмий дээр шинжилгээ өгч эвэрлэг нимгэн, хараа хэт муу учир нэг л удаа Лазерийн хагалгаанд орж болно гэсэн хариу авсан. Бас торлогны нүхтэй буюу retina hole байна гэсэн учраас торлогны нүхээ Болор Мэлмийд нөхүүлсэн. Нэг л удаа хийх боломжтой гэсэн учраас БНСУ руу явах шийдвэр гаргасан. Учир нь эгч маань амьдардаг тул хагалгаанд орсноос хойш 7-10 хоног нисэх боломжгүй (нүдний даралтанд нөлөөлдөг) 2-3 долоо хоног байх гэж сонгосон. Дүү маань Тайландад лазерийн хагалгаанд ороод хүндрэл өгч байсан тул тийшээ явах сонирхол төрөөгүй. Эмнэлгийн сонголтыг эгч маань хийсэн бөгөөд өөрөө ИС-ийн судлаач нямбай хүн болохоор жагсаалт гаргаад судалж байгаад www.eyereum.com гэх Сөүлийн Гангнамд байрлах эмнэлэгийг сонгосон. Учир нь дан хараа зүйгээр дагнасан бас эмч нар ОУ-ын сэтгүүл, хуралд илтгэл тавьдаг юм байна гээд л сонгосон. Ирэхээс 7 хоногийн өмнө үзүүлэх цагаа авсан бөгөөд анхны төлөвлөгөөгөөр үзүүлсэн өдрөө хагалгаанд орно гэж бодож байсан. Ер нь лазерийн хагалгаа нь үндсэн 3 төрөл юм билээ PRK/Lasek (эвэрлэгийг бүтэн зүсч аваад хийдэг) Lasik (эвэрлэгийг хагас зүсээд хийдэг) Smile (эвэрлэгт жижиг нүх гаргаад хийдэг). Миний анх бодож байсан нь Smile бөгөөд анх зардал 2.5-3.5 сая вон+ дусаалга 200к орчим вон гэж тооцоолсон. Эмнэлэгт ирээд анхны өдөр үзүүлэхдээ нийтдээ 30 орчим аппарат дээр тойроод 2 цагийн турш шинжилгээ хийсэн. Англиар ярьдаг хараа зүйч дагуулаад хийчихэж байсан. Эмч нарын хувьд бүгд англиар ярьж байсан нийтдээ 7-8 эмчтэй клиник гэж ойлгож болно. Миний шинжилгээний хариуг эмч нь хараад л ямар ч лазерийн эмчилгээ хийхгүй дэндүү эрсдэлтэй байна гэж үзсэн. Учир нь эвэрлэг (cornea) нимгэн, хараа хэт муу байна гэсэн. Тэгээд л санал болгосон нь ICL буюу Имплантан колламер линз. Энэ линз хүний нүдний солонгон бүрхүүлний цаана, нүдний натураль линзний наана колламер буюу био тохиромжтой линз байрлуулна гэсэн үг. Энэ нь байнгын линз бөгөөд яг тухайн хүний хүний хараанд тохируулсан линзийг суулгаад насан туршдаа нүдэн дотроо линзтэй явна гэсэн үг. Зардлын хувьд миний суулгуулсан нь Evo Visian ICL гээд сүүлийн загварыг суулгуулсан зардлын хувьд хагалгаа+шинжилгээ 4.6 сая вон, эм дусаалга 150-200к вон болоод байна. Хагалгааны өмнө тохирох линзийг захиалж бэлдэх гэж 3 хоносон бөгөөд энэ хооронд нүдээ бэлдэж эм дусаасан. Энэ дусаалга хүүхэн харааг тэлэх зорилготой гэсэн учраас тухайн өдрүүдэд ойрын хараагүй байсан. Хагалгааг хийхдээ нэг нүдэнд нэг өдөр хийх бөгөөд шалтгаан нь линз нь тохирч буй эсэхийг харах зорилготой гэсэн. Тэгэхээр 2 өдөр дараалж хагалгаанд орох сэтгэлзүйн хувьд жаахан хэцүү байсан. Хагалгаа нийтдээ (бэлтгэл+хагалгаа+амралт) 45-50 орчим мин үргэлжлэх бөгөөд линз суулгах үндсэн операци 10-15 минут үргэлжлэнэ. Хагалгааны явцад өвдөх нь маш бага гэхдээ нүдний эвэрлэгийг нэвтрээд линз хийж байгаа учир яахын аргагүй хагалгаа юм билээ. Хагалгаа дуусаад ердөө 30 мин-ий дараа л шууд хараад эхэлж байна лээ. Хагалгааны дараа амралт их чухал юм билээ нүд рүү юм хийгээд байхаар сэтгэлзүйн хувьд их туйлдах юм билээ. Хагалгааны дараа дусаалгуудаа тогтмол хийх бөгөөд ойрын хараагүй байх, гэрэл гялбах, ядрах зэрэг шинж илэрсэн. Хагалгаанаас 2 хоногийн өмнө алкохоль болон тамхи татахыг хориглосон. Түүнчлэн хагалгааны дараа 4 хоног усанд орох, 14 хоног тамхи татах, нүдээ нухах, толгойгоо огцом битгий савчуулаарай гэсэн заавартай явна. Мөн 1 сар алкохоль, бассейн хориотой аан бокс ч гэх юм уу толгой энтртэй хамаагүй контакттай спорт бол шууд хорих юм билээ. За тэгээд одоо хүртэл эмчээсээ хэзээ буцах зөвшөөрлөө авч чадаагүй байна. Тэгэхээр ийм төрлийн хагалгаанд ирж буй хүмүүс тухайн газраа 10-14 хоног байх зардалтай л байх хэрэгтэй юм билээ. Аа бас нүдний хагалгаа учир заавал хэн нэгэнтэй цуг байхгүй бол ойрын хараагүй байхаар эвгүй юм билээ. Эцэст нь хэлэхэд эвэрлэг нимгэн хараа нь хэт муу хүмүүсд хагалгааны хүндрэл багатай ICL зүгээр арга байна. Одоо миний хувьд өнгөрч буй самбар бүр дээрх тоо, үгийг эгчдээ уншиж өгөөд л явна даа :-)
No comments:
Post a Comment