Амралтын өдрүүдэд өвдөж хэвтсэн биш уншиж дуусгаагүй ном, үзэж амжаагүй кинонуудаа үзэв ш дээ. Ямар муу ч зүйлд сайн тал байдаг гэдэг дээ ;-). Энэ удаа уншсан ном маань Дюкийн их сургуулийн профессор, зан төлвийн эдийн засагч Дэн Ариелийн "The honest truth about dishonesty" буюу миний орчуулгаар "Шударга бусын талаарх бодит үнэн" гэх ном. Бараг хагас жилийн өмнө талд нь оруулаад хаячихсан байснаа энэ удаа дахиж эхлүүлээд нэгмөр дуусгав. Дэн Ариели иррациональ зан төлөв, хүний сэтгэл хөдлөл, далд ухамсар шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг нэрд гарсан жүүд эрдэмтэн. Мань хүний энэ удаагийн бичсэн ном бид өөрсдийгөө үнэнч шударга гэж боддог хэдий ч өөрсдийгөө хэрхэн хуурдаг, шударга бус байдаг талаарх сонирхолтой туршилтуудаар баталсан агуулгатай ном. Хүн хэдий чинээ өөрийгөө ёс зүйтэй, шударга гэнэ төдий чинээ хуурамч болохыг энгийн жишээнүүдээр нотлох шиг. Бид шударга ёсзүйтэйгээ гайхдаг хэрнээ ажлын газрын бичгийн цаасыг аваад хувийн ажилдаа хэрэглэхдээ, ажилласан цагаа илүү бичиж илүү цагийн хөлс авахыгаа нэг их юманд боддоггүй гээд л эхэлсэн. Бид яагаад аливаа шударга бус үйл хийдэг гэдгийг рациональ байдлаар SMORC буюу Simple Model of Rational Crime загвар их сайхан тайлбарлах юм билээ. Энэ загвараар 1. Хуурч мэхэлснээр хүртэх олз 2. Баригдах магадлал 3. Баригдсаны дараа хүлээх шийтгэл гэсэн гурван хүчин зүйлийг харгалзаж үзээд хуурч мэхэлдэг гэж үздэг юм байна. За ер нь манайд яагаад хүмүүс авилгал аваад байдгыг энэ загвараар тайлбарлаж болохоор ч юм шиг. Ер нь тэгээд хяналт, шийтгэл байхгүй бол хэн ч шударга бус руу хялбархан орчихмоор юм билээ. Бидний 1 хувь ямар шалтгаангүйгээр худлаа хэлж шударга бус байдаг бол 1 хувь нь яаж ч байсан тийм зүйл хийдэггүй за үлдэж буй 98 хувь нь тодорхой түвшинд л шударга байдаг гэсэн өгүүлбэр их нүдэнд туссан. Гэхдээ аливаа шударга бус зүйл хийхэд заавал рациональ шалтгаан эсвэл олзны хэмжээ нэг их чухал биш л юм билээ. Ер нь л хүний мөн чанар тийм ч өндөр ёс зүйтэй эсвэл шударга байдаггүй гэдгийг олон туршилтаар нотолсон. Бид аливаа зүйлийг хийх сэдэл, өөрийн сонирхлоосоо болоод шударга бус арга замаар ч хамаагүй зорилгодоо хүрэхийг хичээдэг. Зорилгодоо хүрсний дараа нь үйлдлээ цайруулах ямар нэгэн шалтагыг тархи бодож олоод түүндээ итгээд өөрсдийгөө шударга, үнэнч гэдэг тодорхойлоод явчихдаг юм билээ. За тэгээд шударга бус байх халдвартай зүйл бөгөөд хэн нэгэн шударга бус зүйл хийвэл бид дагаад хийдэг дээр нь хамтраад шударга бус зүйлийг хийгээд эхэлдэг гэдэг нь тушилтаар сайхан нотлогдож байна лээ. Бүүр хулхи брэндийн хувцас өмсчихвөл бид илүү шударга бус зүйл хийгээд эхэлдэг юм билээ. Хэдийгээр бид жижиг сажиг шударга бус, хуурмаг зүйл өдөр бүр хийдэг ч ёс зүй гэдэг яг луужин шиг байх ёстой гэдэг өгүүлбэрээр номоо дуусгасан нь их догь санагдсан. Бид заримдаа замаасаа гаждаг, буруу зөрүү юм хийдэг ч гэсэн аль зүг рүү явах ёстойгоо харах хэрэгтэй юм билээ. Энэ номыг ер нь авилгалтай тэмцэхийн эсвэл өөрсдийгөө нэг л гэгээн цагаан гэж тунхаглаад байдаг улс уншихад ер нь гэмгүй дээ. Төгсгөлд нь ер нь энэ төрлийн философийг Д.Равжаа "Хун шиг цагаан бүү яв аминд чинь халтай, хэрээ шиг хар бүү яв үрд чинь халтай, шаазгай мэт яв" гээд их сайхан тодорхойлоод хэлчихсэн байгаам шүү.
No comments:
Post a Comment