РеБрэндинг хийх зарчмууд
Монголын компаниуд #ребрэндинг хийх үйл явц сүүлийн жилүүдэд нилээн их ажиглагдах боллоо. Тухайлбал#Хас банкны брэндийн логоны шинэчлэл , #Ариг банкны брэндийн иж бүрэн өөрчлөлт, #Мобиком-ын уриа үгний (үнэт зүйлийн) өөрчлөлт гээд л. #Скайтел компани ч бас ребрэндингийн төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Энэ үйл явцыг хараад ребрэндингийн жаахан хошуу нэмэрлэмээр санагдлаа. Ребрэндинг гэдэг нь брэндийн биет /брэндийн бодит илэрхийлэл/ болон биет бус /үнэт зүйлс, имиж/ элементүүдийг бүхлээр нь эсвэл зарим хэсгийг өөрчлөх гэж тодорхойлдог (Daly & Moloney, 2004). Энгийнээр хэлбэл Ребрэндинг нь дотоод, гадаад орчны өөрчлөлтөөс үүдээд брэндийн амьдрах/ өрсөлдөх чадварыг уртасгах үйлдэл гээд хэлчихэж болно. Манай ребрэндинг хийж буй компаниудын үндсэн шалтгаан нь брэндийн насжилт өндөр (10-аас дээш жил дорвитой өөрчлөлт хийгээгүй) болон өрсөлдөөний нөхцөл байдал ширүүссэнтэй холбоотой болов уу. Ребрэндинг хийхдээ үндсэн 3 түвшинд буюу Корпорацийн (Жш нь MCS групп ребрэндинг ), Бизнесийн нэгжийн (MCS brewery ребрэндинг), Бүтээгдэхүүний (Жалам хар бүтээгдэхүүн) гэсэн өөрчлөлтийн далайцын хувьд иж бүрэн (Ариг), хэсэгчилсэн болон багахан хэмжээний (Хас банк) гэсэн хэлбэрээр хийж болно. Ребрэндинг хийх үйл явцад дараах гол зарчмуудыг мөрдөх ёстой гэж үздэг.
1. Ребрэндинг хийх үйл явц нь компаний дотор ч өрнөх ёстой. Дийлэнх ребрэндинг нь маркетингийн хүрээний буюу зөвхөн хэрэглэгчтэй, гадаад орчинтой холбоотой хийгддэг гэж ойлгох нь ребрэндинг бүтэлгүйтэх гол шалтгаан болдог байна. Компаний соёл, ажилчдын хандлага өөрчлөгдөхгүй л бол ребрэндинг зөвхөн косметик байдалтай хийгдэнэ гэсэн үг.
2. Залгамж халааны зарчим. Хэдийгээр Ребрэндинг нь өөрчлөлт хийх үйл явц ч гэсэн өмнөх брэндийнхээ бүтээсэн гол үнэт зүйлийг авч үлдэх түүн дээрээ суурилах ёстой гэдгийг анхаарах ёстой байдаг. Өмнөх үнэт зүйлээ хайхрахгүй бол үндсэндээ цоо шинэ брэнд үүсгэж байгаагаас ялгаагүй болно гэсэн үг.
3. Өнгөрсөнтэйгээ зууралдах: өмнөх брэндийн гол үнэт зүйлсийг авч үлдэж болох ч гэсэн хаях ёстой, өөрчлөх ёстой зүйлийг өөрчлөхгүй бол ребрэндингийн далайц буурч өөрчлөлт нь мэдрэгдэхгүй болно.
No comments:
Post a Comment