Friday, January 5, 2018

Питер Морроу- Миний Монгол

Санамсаргүй үзэсгэлэн үзэж байгаад ХААН банкны захиралаар ажиллаж байсан Питер Морроу агсаны "Миний Монгол" дурдатгал номыг авсан юм. Барин тавин уншсаар шинэ оны эхний өдөр уншиж дууслаа. Пите Монгол хүмүүс, Монголын нийгмийг бидэнд таалагдах гэж магтаж саймширсангүй, муучилж доромжилсонгүй яг л байгаагаар (миний хувьд санал нийлсэн) нь өөрийнхөө мэдэрснээр бичжээ. Халагдсан ажилтан нь бөөгөөр хараалгуулж байсан түүхээс авахуулаад Гонгор бурхан залсан, авилгалч түшмэдийн дарамт, Монголын өнцөг булан бүрт аялсан аялал, ХААН банкийг хэрхэн орчин үеийн банк болгосон, урлаг соелыг дэмжиж Урлагын Зөвлөлийг байгуулсан зэрэг сайн болоод саар түүхээ хүүрнэжээ. Сайн банкираас гадна их ажигч, гярхай, бичгийн чадвар сайтай, Төв Ази, Монголын түүхийн талаар өндөр мэдлэгтэй хүн байсан нь номыг нь уншихад мэдэгдэж байлаа. Зарим зүйрлэлүүд нь үнэхээр оновчтой бөгөөд элэг хөшөөм Чингис хааныг Исус болон Жорж Вашигтон хоёрыг нэгтгэсэн хүн бурхан, Цагаан сарыг Талархлын баяр, Кристмас, Шинэ жилийн баярын холимог г.м Номны төгсгөл хэсэгт бидний талаар юуг ойлгох талаар бичсэн нь ганцхан гадныханд гэхээсээ илүүтэй бид ч уншаад авахад илүүдэхгүй санагдсан. Төгсгөлд нь хэлэхэд номонд гарсан Буд бөөгийн зөгнөснөөр 86 насалсан бол Монголчуудад их л хэрэгтэй хүн байж дээ гэсэн харуусал төрлөө.


Wednesday, March 1, 2017

"Стэнфордын шоронгийн туршилт"

"Стэнфордын шоронгийн туршилт" киног (2015) HBO дээр гарч байхаар нь олзуурхан үзлээ. Сэтгэлзүйн хамгийн харгис хэрнээ алдартай туршилтуудын нэг Стэнфордын шоронгийн туршилтыг бага зэргийн драма оруулаад гэхдээ гол санааг нь сайхан гаргаж өгчээ. Үзсэний дараа өөрийн гаргаж буй зан төлөв, үйлдлээ дахин эргэцүүлж "би ер нь хэн юм бэ" гэж өөрөөсөө асуумаар санагдав. Бидний хийж буй үйлдэл, зан үйл маань хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй нийгмийн дүр, орчин, өгөгдсөн эрх мэдлээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж болохыг энэ туршилт тодоор харуулсан. Эв эрүүл, сэтгэлзүйн хувьд тогтвортой, өндөр боловсролтой 24 залууг зохиомол шоронд харгалзагч болон хоригдлын дүрд санамсаргүйгээр сонгон тоглуулахад ердөө 2 хон хоногийн дараагаас эхлэн харгалзагч нар нь түрэмгий, садист нэгэн болж, хоригдлууд нь хүлцэнгүй дорой болж хоцорсон гэхээр аймшигтай. Туршилтыг удирдаж байсан доктор Зимбардо хүртэл шоронгийн даргын дүрдээ орчихсон нуруугаа үүрэн алхдаг болсноо дараа нь гайхан өгүүлсэн байдаг. Хэрвээ чиний хийж буй үйлдэл чинь дотор хүнтэй чинь зөрчилддөг бол, хэрвээ чи нийгмийн дүрээ бүтээх гээд жинхэнэ "би"-гээсээ холдчихсон бол энэ киног үз л гэж зөвлөмөөр байна даа.
Жич: 1973 онд уг туршилтын дүнг хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг нь уншаад хүн ер нь хувь хүний зан төлвөө илүү хүчирхэг болгох ёстой юм байна гэж дүгнэлээ. Эс бөгөөс нийгмийн дүр, өгөгдсөн эрх мэдэлдээ ташуураад мангас ч болж магадгүй юм байна

http://www.zimbardo.com/downloads/1973%20A%20Study%20of%20Prisoners%20and%20Guards,%20Naval%20Research%20Reviews.pdf

Monday, January 30, 2017

2017 онд маркетерууд юу унших вэ?

Маркетерууд болон судлаач нар маркетингийн шинэ ойлголт, хандлагын талаар юу унших вэ гэж хайж байж магадгүй. Уг нь хувь хүний хандлага, сэтгэл хөдлөлөөрөө бичсэн блогын нийтлэл гэхээсээ илүүтэй шинжлэх ухааны зарчимд суурилсан эрдэм шинжилгээний ажлууд уншвал цэгцтэй бөгөөд мөн чанараар нь судалсан зүйлийг мэдэх боломжтой юм. Гэхдээ маркетеруудын хувьд эрдэм шинжилгээний өгүүлэг нь уншихад уйтгартай, шууд хэрэглэхэд төвөгтэй байдаг. Маркетингийн шинжлэх ухааны институтийн (Marketing Science Institute) эрдмийн зөвлөлийн гишүүд 2016 онд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний ажлуудаас дараах ажлуудыг таныг уншихыг зөвлөж байгаа юм байна. Уг институтын эрдмийн зөвлөлд Darmouth, Northwestern, Duke г.м маркетингийн луугар сургуулиудын гуру багш нар Чернев тэргүүтэй хүмүүс багтдаг болохыг хэлэхэд илүүдэхгүй биз. Бас нэг зүйлийг хэлэхэд тэдний санал болгосон эрдэм шинжилгээний ажлыг уншихад үнэгүй буюу шууд бүтэн эхээр нь татаж өгөхөөр линкийг нь тавьсан байна лээ. Гэхдээ дийлэнх нь 2017 оны 6 сар гэхэд татаж авах боломжгүй болохоор байна лээ шүү. За тэгээд уншаад байгаарай
http://www.msi.org/articles/what-should-marketers-read-our-academic-trustees-tell-us/

Tuesday, January 17, 2017

La la land

Мэлмий, сэтгэл, сонор гурвыг зэрэг мялаахын тулд бүжиглэж, дуулж, жүжиглэдэг мюзиклын төрөл жүжигчин хүний авьяас, чадварыг жинхэнэ шалгадаг жанр. Миний хувьд Алтан бөмбөрцөгийн 7 шагналыг хүртсэн #Lalaland кино Холливиудаас удаан хугацаанд хүлээж байсан кино байлаа. Хөөрхөн, күүл 2 цагаанаагийн хайр дурлалыг хапий эндингтэй үзүүлчихсэнгүй. Хайр, урт хугацааны харилцаа гэдэг золиос шаарддаг тэр золиос нь хэн нэгнийх нь хүсэл мөрөөдөл байдаг гэдгийг сануулах шиг. Хайраа дагах уу Хүсэл мөрөөдөлөө дагах уу гэсэн Сэб (Райн Гослинг), Миа (Эмма Стоун) хоёрын зөрчилдөөн сүүлийн сцениуд дээр бол зүрхээр бөмбөр тоглолоо. Зөвхөн тэр хоёрын жүжиглэлт, дуулалт, бүжиг биш тун нь таарсан CG, дууны үг, хөгжим, гэрэл, алтерьнатив хувилбарын сцени гээд л 31хэн настай найруулагч Дамиен Чазеллийн бүтээл гэхэд итгэмээргүй. За жүжигчдийн хувьд бол шамбий шар хэрнээ хөөрхөн харагдаад байдаг Эмма Стоун арай л дэндүү авьяастай юм юун Жоли. Райн Гослингийн хувьд Холливиудын хэвшсэн царайлаг шар биш юм байна аа дүрээ бол сийлдэг залуу байна. Нэг зүйл зөвлөхөд үзэхдээ дуулалттай хэсэг дээр нь титр хараад байваа зүгээр л сонсоорой.
A city of stars, are you shining just for me
 10/10
 #Lalaland

Sunday, September 18, 2016

Journal of Marketing уншиж байтал их анхаарал татсан эрдэм шинжилгээний өгүүлэлтэй таарлаа. Martin Eisend гэх судлаачийн 2015 онд хэвлүүлсэн маркетингийн эрдэм шинжилгээний ажлуудын мета шинжилгээнүүд дээр хийсэн мета шинжилгээний дүгнэлтээс харахад Маркетингийн шинжлэх ухаан тусдаа шинжлэх ухаан гэж тооцогдож эхэлсэн цагаас хойш 100 гаран жилийн дараа mature буюу эрийн цээнд хүрсэн тооцогдохуйц болжээ. Уг дүгнэлтийг гаргахдаа 1918-2012 оны хооронд хэвлэгдсэн 7500 гаруй судалгааны ажил дээр хийгдсэн 176 мета шинжилгээнд мета шинжилгээ хийсэн байна. Энгийн үгээр хэлбэл Маркетингийн талаар акедемик болон практикийн хүрээнд маш сайн ойлголт мэдлэгтэй болчихлоо гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас зарим судалгааны ажлын ач холбогдол нилээн буурч байгаа гэж үзэж болно. Жишээлбэл Маркетингийн стратеги, Маркетингийн суваг, Борлуулалтын асуудлаар хийсэн судалгааны ажлын тоо болон үзүүлэх нөлөө буурсан байна. Харин Үнэ тогтоолт (уламжлалт гэхээсээ илүүтэй Monetization модель болов уу), Хэрэглэгчийн зан төлөв, сэтгэлзүй талаарх судалгаа ач холбогдол нөлөө цаашдаа өндөр байх төлөвтэй байна. Маркетингийн хөгжлөөс хамаараад бид илүү хэрэглэгчийн сэтгэлзүйн гүн руу орж өнгөн талын тактикын маркетинг биш бизнес модель чиглэл руу сонирхож судлах хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. Таны бодол?
Эх үүсвэр: Eisend M. Have We Progressed Marketing Knowledge? A Meta-Meta-Analysis of Effect Sizes in Marketing Research. Journal Of Marketing [serial online]. May 2015;79(3):23-40. Available from: Business Source Complete, Ipswich, MA. Accessed September 18, 2016.

Sunday, September 11, 2016

2016 оны Сонгуулиас суралцах маркетингийн 6 сургамж:


Улс төрийн маркетинг сонирхдог хүмүүсийн хувьд 2016 оны сонгууль маш олон сонирхолтой үзэгдэл бүхий, уламжлалт болон шинэ медиаг хослуулан ашигласан мөн үр дүн нь нэг тал руугаа хэлбийсэн сонгууль болж өнгөрлөө. Улс төрийн маркетинг сонирхон судалдаг хүний хувьд дараах 6 сургамжийг цаашдын улс төрийн кампанит ажил хэрэгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй гэж бодлоо.
1. Хандлага биш судалгаанд үндэслэх: Сонгууль эхлэхээс өмнө 3 дагчхүчин, бие даагч нарт орон зай байгаа, улс төрийн кампанит ажлаар маш хурдан саналыг татна гэх хандлагаар олон хүмүүс нэр дэвшсэн. Гэхдээ тойргуудад хийсэн гарааны болон явцын судалгаанаас харахад МАН ялах нь тодорхой байсан. Зарим айхтар улс төрчид гарааны судалгааны дүнд үндэслэн нэр дэвшихээ хойшлуулсан нь санхүүгийн болон нэр хүндээ аварсан хэрэг болсон.
2. Брэндийнхээ нүүр царайд үргэлж анхаарал хандуулж бай: 2012 онд АН гэдэг брэндийн гол нүүр царай болж байсан олон урлаг соёлынхон нүүр буруулж МАН-ы улс төрийн кампанит ажилд оролцсон нь олон нийтийн хандлагад хүчтэй нөлөө үзүүлсэн болов уу. Жш нь жүжигчин Амараа, дуучин Болд г.м
3. Сценари төлөвлөгөөтэй бай: Олон нэр дэвшигч, улс төрийн намуудын хувьд гэнэтийн скандал, үйл явдалд ямар ч бэлтгэлгүй байгаа нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажиглагдаж байлаа. Хэн ч төгс биш учраас ямар нэгэн но заавал олдоно тэр тохиолдолд хэрхэн хариу үйлдэл хийх талаараа тусгайлсан төлөвлөгөөтэй байх нь кампанит ажлын амжилтанд нөлөөлөх болов уу. Жш нь Эрдэнэчимэгийн видео бичлэг, Сандуйн аудио бичлэг г.м
4. Нэг шинж чанарт хэт битгий тулгуурла: Нийслэлийн НИТХ сонгуульд оролцсон АН-ы хувьд Бат Үүл гэх ганц дүртэй зөвхөн тэр хүний шинж чанарт хэт тулгуурласан нь ялагдлын гол шалтгаан нь болов уу. Сонгогчид саналаа өгөхөд олон шинж чанарын нэгдэл дээр суурилан (тухайн нэр дэвшигч, улс төрийн намын фон г.м) өгдөг гэдгийг санах хэрэгтэй болов уу.
5. Сошл медиа хүчтэй ч уламжлалт сувгууд үр ашигтай хэвээрээ байна: Сошл медиа сувгийн үр ашгийг хэт өндрөөр үнэлэх хандлага зарим кампанит ажлын хувьд ажиглагдсан. Нэр дэвшигч нь сошл медиагаар цэцэрхэхээс өөр суваг ашиглахгүй байх кампанит ажилд нөлөөлөх шиг боллоо.
6. X фактор: Зарим нэр дэвшигчдийн улс төрийн кампанит ажил, нэр дэвшигчийн нэр хүнд гэхээсээ илүүтэй өрсөлдөгчийн буруу үйлдэл, бусад нэр дэвшигчдийн сул байдал нь сонгогдоход нь хүргэх шиг боллоо. Жш нь Нарагийн кампанит ажил Эрдэнэд, Анужингийн бичлэгүүд Жавхланд, Буян Жагайгийн бүдүүлэг байдал нь Баасанхүүд туслах шиг боллоо.
PS: Үүнийг бичигч миний бие ямар нэгэн улс төрийн намыг дэмждэггүй, гишүүн биш зүгээр л маркетинг сонирхдог хүн шүү.

Monday, May 30, 2016

Зулзаган улстөрч нарт өгөх маркетингийн зургаан зөвлөгөө.


Сонгууль дөхөөд улстөрийн кампанит ажлууд ид эхлэх гэж буй энэ үед улстөрийн маркетингийн талаар залуу улстөрч нарт зориулаад юм бичмээр санагдлаа. Би энэ талаар нэг их айхтар туршлага байхгүй ч гэсэн ганц хоёр улстөрийн ажлын судалгаа хийж байсан, улс төрийн маркетингийн ном зохиол уншиж байснаа эвлүүлээд бичье. Улстөрийн луугаруудад гэхээсээ илүүтэй шинээр улс төрд орж байгаа хүмүүст зориулагдсан гэж ойлгоно биз. 
Зөвлөгөө 1: Гэрийн даалгавараа хий 
Дийлэнх улс төрд орж байгаа залуус гэнэт шийдээд л бөхийн дэвжээ, урлагын тайзнаас улстөрч болно оо гээд хүмүүсийн уур унтууг бараад байх шиг байна. Уг нь улстөрч болохоор шийдсэн бол ядаж л 2-3 жилийн өмнөөс төр, олон нийтийн ажил хийгээд үзчих хэрэгтэй юм. Ингэснээр сонгогч нар чинь чамайг 'төрийн хар хүн' болсноор төсөөлж болох юм. Жишээ нь О.Магнай олон жил поошиг нүдэж, агентлагын дарга хийж байж одоо л сонгогчдын нүдэнд улстөрч хүнээр төсөөлөгдөж чадаж байна. 
Зөвлөгөө 2: Хэт дүр эсгэх хэрэггүй
Улстөрд орохын тулд сонгогч нарт зориулсан дүрийг бүтээх хэрэгтэй болдог. Гэхдээ өөрийгөө өндөг шиг өөгүй, бурханлаг мэт харагдуулах дүр бүтээгээд өөрийнхөө мөн чанараасаа холдуулаад байгаа харагддаг юм. Хоолонд давс хэрэгтэй байдагтай адил бүтээж буй дүрд чинь жаахан сул тал буюу өөрийн чинь мөн чанар байхад гэмгүй. Жишээ нь П.Анужин хэтэрхий өөгүй харагдах гэж байгаад нилээн эвгүй байдалд орчих шиг боллоо. 
Зөвлөгөө 3: Тодорхой асуудал (дайсан) барьж ав.
Олон нийт, сонгогч нар шинэ улстөрчийг сонгохдоо өөртөө тулгамдаж буй тодорхой асуудлыг (дайсныг) шийдвэрлүүлэх л гэж сонгож байгаа. Тодорхой асуудал, түүнд саад болж буй дайсныг зөв тодорхойлох нь залуу улстөрчийн карьерт хамгийн чухал зүйл. Жишээ нь Ц.Элбэгдорж авилгал гэдэг асуудлыг хөндөж тавьсаар байгаад л Ерөнхийлөгч болсныг санаарай. Асуудал буюу дайсан нь сонгогч нарт хамгийн тулгамдаж буй зүйл байх ёстойг мэдээж анхаарна биз. Гэхдээ олон асуудлыг барьж авах нь сонгогч нарыг төөрөгдүүлэх аюултай. 
Зөвлөгөө 4: Бүх хүнд таалагдах албагүй 
Улстөрч болно гэдэг нь чи нийт сонгогчийнхоо тал хэсэгт хайрлагдаж тал хэсэгт нь үзэн ядагдах замыг сонгосон гэсэн үг. Тиймээс эмзэг дэлбээ царайлаад л шүүмжилсэн хүн болгонтой хэрүүл уруул хийгээд байх огт шаардлагагүй. Чи ямар ч зөв зүйл ярьсан бай тэрийг эсэргүүцэх хүн дандаа байна. Гэхдээ өөрийн тойргын сонгогч нарынхаа дийлэнх хэсэгт нь таалагддаг байх нь мэдээж их чухал Жишээ нь Архангайн Батбаяр, Сэлэнгийн Баярцогт, Баянхонгорын Баттулга 
Зөвлөгөө 5: Хүчирхэг холбоотнуудыг бий болго 
Сонгогч нар дан ганц чиний имиж эсвэл мөрийн хөтөлбөрт тулгуурлан шийдвэр гаргадаггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Дэвшиж буй намын фон, чамайг дэмжиж буй нөлөө бүхий хүмүүс зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шийдвэр гаргана гэсэн үг. Тиймээс "би" гэж биш бид гэж хэлж болохуйц бусад холбоотнууд чамд хэрэгтэй болно гэсэн үг. Тухайлбал Бат Үүл Нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд бусад нэр дэвшигч нартаа ямар их тус болсныг нь санаарай 
Зөвлөгөө 6: Кампанит ажлаа энгийн, ойлгомжтой байлга 
Хэрэгжүүлж буй улстөрийн кампанит ажил чинь энгийн ойлгомжтой байх хэрэгтэй. Учир нь сонгогч бүр дээд боловсролтой, эдийн засаг улс төрийн мэдлэгтэй биш. Жишээ нь Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө л "Change" буюу Өөрчлөлт гэсэн ганцхан мессежтэйгээр оролцсоныг санаарай 
Эцэст нь хэлэхэд улс төр хэдий бохир ч хэн нэгэн Монгол нь энэ ажлыг хийх хэрэгтэй л болно. Тиймээс бүгдэд нь амжилт хүсье !!!