Tuesday, July 22, 2025

Humankind: A hopeful history


Өчигдөр ажлын хамтрагчтайгаа  буу халж байтал мань хүн надад та Рутгер Брегманы номнуудыг уншаач гэдэг юм байна. Нэрийг нь ч сонсоогүй хүн болохоор гүүглдээд хартал 3 бестселлер бичсэн Скандинав хавийн залуухан, түүхч байна. За тэгээд нэг их айхтар хүлээлтгүй Humankind: A hopeful history  буюу Хүн төрөлхтөн: Гэгээлэг түүх гэх номыг эхлүүлээд дуусгалаа. Ном эхлэхдээ л нийгмийн мораль, хүний мөн чанарыг хөндөөд эхэлсэн. Хүн төрөлхтөн бид чинь ер нь соёл иргэншлийн арьсан дор нуугдсан махчин араатан юм уу эсвэл бие биедээ итгэж найддаг, хамтардаг, нөхөрсөг амьтад юм уу гэсэн асуултаар эхлээд явчихаж байна лээ. Маний үеийнхэн чинь манайхан ба дайсныхан гэдэг кино, зохиол уншиж өссөн, Чингисийн байлдан дагуулалтаар омогшдог, амьдрал бол алаан, өрсөлдөөн гэж өссөн болохоор тэр үү  хүн бол шууд л соёл иргэншлийн ачаар нэг нэгнээ алчихгүй яваа араатан гэдэг талд нь эхэндээ баахан зогслоо. Гэхдээ номыг унших бүрт бидний уншиж өссөн түүх, ном зохиолууд улс төрийн өнцгөөр бичигдсэн, сонгодог сэтгэлзүйн туршилтууд жш нь статус, ажлын орчин хүний зан үйлд нөлөөлдөг гэх Стэнфордын шоронгийн туршилт, хөндлөнгийн хүмүүс хүнд тусалдаггүй гэх Жиновийз синдром, хязгаарлагдмал нөөцийн төлөө өрсөлдөж буй бүлгийн зөрчилдөөний талаарх Робберсийн агуйн туршилт, эрх мэдэлтний үгэнд автаад юу ч хийж магадгүй гэх Милграмын туршилтын дүгнэлтэнд ч олон алдаа байгааг тодорхой фактуудаар гаргаж ирсэн байна. Зохиогч номоо бичихдээ 6 жил зарцуулсан гэдэг нь номонд дурдагдаж байгаа олон судалгааны ажил, факт, датанаас шууд харагдахаар юм билээ. Зөвхөн түүхэн талаас биш биологи, соёлын антпрологи, сэтгэлзүй, нийгмийн сэтгэлзүй, улстөр, философи  гээд хичнээн ч олон шинжлэх ухааны аргуудаар энэ номыг бичсэн юм бэ гэж шууд бодогдсон. Олон шинжлэх ухааны зааг дээрээс бичигдсэн бас хүний мөн чанарыг хөндөж байгаа болоод ч тэр үү яахын аргагүй орчин үеийн сэтгэгчдийн нэг юм байна гэж үнэлсэн. Ном эхлэхдээ нацист Германы Лондон руу дайрсан агаарын дайралтын кейсээр эхэлсэн. Германчууд довтлоод эхлэхээр юу болох гэдэг дээр эрх баригчид тухайн үеийн эрдэмтэн Gustave Le Bon гэх хүний Массын сэтгэлзүй гэх онолоор (ном) төсөөлж байсан бололтой. Нийгмийн мораль унаж хүмүүс амь амиа бодон зугтаж, дүрвэж, бие биенээ дээрэмдэж айхтар зүйл болох байх гэсэн хүлээлттэй байсан боловч Лондонгийн тэр их бөмбөгдөлтөнд хүмүүс нэгдэж нягтарч, тайван, бие биедээ тусалж байсан нь их сонин үзэгдэл байлаа Канад сэтгэлзүйч тэмдэглэсэн юм байна. Яг ижилхэн кейс ч Нью Орлеаны Катерина шуурганы үеэр гарсныг дийлэнх медиа эсрэгээр нь мэдээлж байсныг факттай тавьсан байна лээ. Ингээд харахад бид чинь тийм ч айхтар хувиа хичээсэн, бие биесээ хядчихдаг  биш гэдгийг хүний олон төрөл зүйл дундаас яагаад хомо сапиенс ганцаар үлдсэнтэй холбоно лээ.  Үүнийгээ бид  бие биетэйгээ хамтардаг, итгэдэг, нийгмээс суралцдаг чадвараар тайлбарласан байна лээ. Эртний хүмүүсийн нийгмийн байгуулал анчин түүгчдийн нийгэм гэхээр л шууд л эсрэг овгоо алж хядаад хүнсэндээ төхөөрөөд байдаг бишээ гэдгийг Easter аралын жишээ, Тонгад төөрсөн 6 хүүхдийн жишээгээр ч их сайхан тайлбарлана лээ. Миний хувьд номыг уншиж байхдаа мэдсэн нэг шинэ сэтгэлзүйн эффект нь пласибо эффектийн эсрэг эффект буюу nocebo эффект байлаа. Бид аливаа зүйлийн талаар сөрөг хүлээлттэй  байвал үзүүлэх нөлөө  улам сөрөг байдаг тухай нөлөө байлаа. Хүн ер нь бие биенээ алж хядахдаа ч тийм ч таатай биш ханддагыг  ДД2 ны үеэр хийсэн хурандаа Маршалл гэх хүний судалгаагаар тайлбарлана ээ. Нийт цэргүүдийн ердөө 15-25 хувь нь буугаа хүн руу чиглүүлж бууддаг болохыг мэдээд цэргийн сургалтандаа өөрчлөлт оруулж Вьетнамын дайны үеэр энэ хувийг нэмэгдүүлсэн нь PTSD-г нэмэгдүүлсэн гэх судалгаа. Зохиогч бол хүн төрөлхтөн бид бие биеээ алчих чадалтай ч ижил төрөлтнөө алахдаа сэтгэлзүйн хувьд  таатай биш гэдгийг цохож хэлнэ лээ. Иймэрхүү жишээг хэлэхээр тэгвэл хүмүүс яагаад ДД2-ны үеэр системтэйгээр алж хядаад байсан нь олон жилийн манипуляци түүнийг хийсэн хүмүүс моралийн хувьд зөв талдаа байгаа гэсэн итгэл үнэмшилтэй холбоотойг ч тайлбарлана лээ. Бас нэг сонирхолтой жишээ нь шоронгийн хоригдлуудад хатуу биш таатай шорон байгуулсан Норвегийн жишээ байлаа. Харьцангуй тухтай шоронд, хатуу харгис хандахгүй тохиолдолд дахин гэмт хэрэг үйлдэх магадлал 40 хувь хүртлээ буурдаг болохыг дата харуулж байна лээ. Хичнээн гэм буруутай ч хүнд хатуу харгис хандвал араатан болдог хүнлэг хандвал буцаад хүн болох магадлалтай гэсэн Норвегийн шоронгийн даргын дүгнэлт ч бас ортой. За тэгээд мэдсэн хэтрээд алга болж байна ямартай ч нийгэмд психопатууд байдаг ч нийтээрээ тийм бишээ хүний мөн чанар хатуу харгис гэхээсээ илүү хүнлэг, сайхан гэдгийг л зохиогч нотолж байна лээ. Хүний мөн чанарыг хөндсөн болохоор олон л салбар луу дүгнэлтээ татаад зарим нь жаахан улс төрийн зүүний үзэл баримтлал руу хөтлөөд байгаа харагдсан. Гэхдээ хүний уг мөн чанар хатуу харгис гэхээс хүнлэг, нөхөрсөг, тусч  гэдэгтэй бүрэн санал нийлсэн дээ.