AI болон Machine learning Маркетингд хэрхэн ашиглаж болох талаар хэдэн артикль уншсанаас цаашгүй явж байгаад Жим Стэрн-ий энэ номыг электрон хэлбэрээр аваад талд нь хүргээд хаячихсан байсан юм. Өчигдөр нэг оюутан маань энэ талаар илтгэл тавиад хорхой гозолзуулаад хаячихсан биш өнөөдөр шудраад дуусгачихлаа. Номыг нь ерөнхийдөө 3 хэсэгт хувааж болохоор: AI технологийн талаас тайлбарласан, AI маркетингд хэрхэн ашиглаж болох хэлбэр болон жишээнүүд болон AI хэрэглэхэд анхаарах хэсэг . Эхний хэсэг нь технологийн бус уншигч нарт зориулсан юм уу гэмээр энгийн тайлбартай гэхдээ академик суурь сайтай санагдсан. AI гол ашиглаж болох үндсэн 3 функцийг Detect (Дата дээр суурилан асуудлыг олж илрүүлэх) Decide (Тухайн асуудлыг шийдвэрлэх шийдлийн хувилбар боловсруулах) Develop (шинэ нөхцөл байдалд өөрчлөгдөн хөгжих) томьёолсон нь их ойлгомжтой санагдлаа. Хоёрдахь хэсэгт AI маркетингийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар маш олон жишээнүүдээр гаргаж ирсэн байна лээ. Скандалд ороод байгаа Кембридж Аналитикийн Трампын кампанит ажлын жишээнээс авахуулаад MIT-ийн хийсэн туршлагтай маркетер болон AI хоёрын боломжит хэрэглэгчийг таних туршилтын үр дүнгийн кейсийг хүртэл багтаасан байна. Ямартай ч маркетерууд бидэнд AI, Machine learning гэдэг маш том багаж, зэвсэг бэлэн байгаа түүнийг авч ашиглах нь цаг хугацааны л асуудал бололтой. Сүүлийн хэсэгтээ зохиогч AI сул талууд хийгээд цаашдын хөгжил, хэрэглээний ёсзүйн асуудлыг тайлбарласан байна. Хэдийгээр одоогийн AI хөгжил маркетингийн стратеги боловсруулах түвшинд хүрчихсэн ч гэсэн маркетерууд ажлаа AI булаалгана гэсэн үг биш бололтой учир нь All models are wrong, but some are just useful. (George Box, 1987) үгээр тайлбарлачихаж болмоор ч юм шиг.