Кино урлагт дуртай болохоор интертэйнмент салбарын маркетинг тэр дундаа кино бизнесийн маркетингийн талаар ном, материал унших их дуртай. Сүүлийн үед манай киноны салбар хөгжиж байгаа болохоор кино бизнесийн маркетингийн талаар хэдэн үг хэлхмээр санагдлаа. Rentrak компаний (2014) судалгаагаар дэлхийн киноны салбарын орлого (бокс оффис) 36.4 тэрбум долларт хүрч, 1.27 тэрбум тасалбар зарагдаж, 142 мянга гаруй театруудаар сүүдэр ший гуайг хүн төрөлхтөн үзэж байгаа юм байна. Мэдээж энэ зах зээлийг Холливуд базсан хэвээрээ тэр дундаа их 6 конгломерат (Viacom, News Corp, Time Warner, Comcast, Sony, Walt Disney) бидний үзэх кинонуудыг шийддэг гээд хэлэхэд нэг их буруудахгүй. Дээрхи 6 аваргын хийж буй нэг киноны төсөв 100 сая доллар давж маркетинг сурталчилгааны дундаж зардал нь 2005 онд 35 сая байсан бол 2012 онд 50 сая доллар хүрсэн гэж байгаа (PWC, 2012). Гэхдээ өндөр төсвөөс шалтгаалаад нэг жилд үйлдвэрлэх киноны багц дээр нилээн сайн шинжилгээ хийж шигшдэг нь жижиг продакшнуудын кино (инди кино) хийх зах зээлийн орон зайг бий болгодог юм байна. Манай киночид сайн судлаад аятайхан инди кино хийчихвэл уг нь орон зай харагдаад л байгаа юм даа. Жишээ нь 65 мянган доллараар бүтсэн инди кино Blair Witch Project нийтдээ 140 саяыг, 15 саяар бүтсэн Ядуусын хорооллын саятан олон улсын бок оффисоос 365 саяыг шүүрсэн гэж байгаа. Эсрэгээрээ Warner Bros-ийн Green Lantern (2011) 325 саяар бүтээд ердөө 220-ийг олж шатаасан гэж байгаа. Бусад бизнестэй харьцуулахад киноны маркетинг өвөрмөц хэдэн онцлогтой юм байна. Нэгт: Үнийн өрсөлдөөн гэж огт байхгүй (За манайд театруудад Монгол, Гадаад эсвэл 3D энгийн гэж л багахан зөрүү) Ингэхээр бүтээлээ гаргахын зэрэгцээ төсвөө сайн хэмнэсэн нь эрсдэл бага үүрдэг. Хоёрт. Зорилтот үзэгчээ сонгох нь маш чухал байдаг. Жш нь Pixar хүүхэлдэйн киног зөвхөн хүүхэд биш гэр бүл үзэх болгож өөрчилсөн. Гуравт. Киноны маркетингийн хамгийн чухал нь "Wannasee" "Mustsee" буюу "Үзмээр байна" "Үзэх ёстой" гэсэн хандлагыг хэрэглэгчдэд төрүүлэх ёстой байдаг юм байна. Өөрөөр хэлбэл үзэгчээс үзэгчид хүрч буй ам дамжсан яриа л ийм нөлөөг бий болгодог юм байна Дөрөвт. Зөвхөн тасалбарын орлого биш өөр бусад орлого олох эх үүсвэр зөндөө байдаг. Тухайлбал кино дотроо бараа бүтээгдэхүүн байршуулах, мерчандайзинг Жишээ нь Жеймс Бондын Skyfall 150 саяар бүтсэн хэрнээ 50 сая долларыг бүтээгдэхүүн (Хайнекен, Астон Мартин г.м) байршуулсныхаа төлөө олчихсон гэж байгаа. Star Wars цувралын найруулагч Жорж Лукас 1973 онд цалин болох 350 мянган долларын оронд FOX студиэс уг киноны мерчандайзингийн эрхийг аваад одоо тоглоом, хувцас зарсан шигээ 40 гаруй жилийн хугацаанд 7 тэрбумын ашиг олсон гэж байгаа. За тэгээд эрхэм киночиддоо амжилт Дэлхийн зах зээлийг доргиосон янзын кино хийгээд өгөөч
Эх үүсвэр:
1. http://www.mpaa.org/…/MPAA-Theatrical-Market-Statistics-201…
2. http://www.celebritynetworth.com/…/how-one-genius-decision…/
3. The definitive guide to Entertainment Marketing
Tuesday, September 29, 2015
Monday, July 20, 2015
Monday, June 15, 2015
“Ар хударга”
“Ар хударга” киног бүр
зорин байж өчигдөр орой үзлээ. Эхлүүлээд
л унтах эсвэл ичээд зугтмаар санагддаг зарим нэг орчин үеийн Монгол киног
бодвол нэг шат илүү бүтээл юм. Ерөнхий плотын хувьд уул урхайн лизенцтэй Алдар
гэх залууг мафийн толгойлогч Канжи, сайн найз хоёр нь нийлэн өмнө нь бие үнэлэгч
байсан Маралаа гэх хүүхнээр өгөөш хийн хэрэгт
хутгаад лизенцийг нь булаан авна. Харин азаар Маралаа нь овоо сэтгэлтэй хүн
байж таараад эргээд Алдарт туслан өшөөгөө авч амар сайхандаа жаргана...
Кино эхлэхдээ л ямар нэгэн оршилгүйгээр өрнөөд л цус нөжиндөө хутгалдчихсан
Маралааг Алдар эмнэлэгт хүргэхээс эхлэх юм. Эхлэл хэсгээс буцаад тэр хоёрын танилцсан
хэсэг очиж хроник биш байдлаар хийгдсэн нь үзэхэд сонирхолтой болгох юм. Эхлэл хэсэг дээр нэг ойлгомжгүй зүйл нь баранд
танилцаж, ганцхан шөнийг хамт өнгөрүүлсэн Маралаад Алдар яагаад тэгж их итгээд
байгаа нь л сонирхолтой байлаа. Бүүр өөрийг нь хүчиндсэн гээд өргөдөл гаргачихаад
байхад л Алдар маань хэзээний найзууд шиг Маралаа тийм хүн биш гэж ирээд л гайхаад
байгаа нь жаахан үнэмшилгүй. Бас Канжигийн туслах, өндөр царайлаг хүүхэн яг л
Тарантиногийн “Биллийг устга”
киноны сцени шиг эмнэлэгт өндөр өсгийт дээр тог тог хийн алхан Марлаагаар
гарын үсэг зуруулж байгаа нь арай л Холливиуд маягтай харагдсан.
Шоронд хоригдож буй хэсэг бол сошл медиагаар тархсан шигээ үнэхээр оргил
хэсэг нь л байна лээ. Бодвол киноны зөвлөх нь үнэмшилтэй бодитой байлгахад тус
болсон юм шиг. Шоронгийн хэсгийн крантай, 180 градус, дээрээс нь авсан нь зураг
авалтууд үнэхээр янзын харагдаж байна лээ. Бас үйл явдлууд нь бодитой, юм
бодогдуулахаар санагдсан. Энэ хэсгийг чимсэн хүн бол яахын аргагүй Ах хүү буюу
жүжигчин Цэрэнболд. Ямар ч жүжиглэлтгүйгээр жинхэнэ хал үзсэн эр хүний дүрийг баргил
хоолойныхоо тусламжтайгаар ёстой сийлэх шиг болсон. Бас нэг таалагдсан зүйл нь
аргагүй л атаман маягын цав цагаан биеийн тамирын хувцастай шоронд нь орж
байгаа нь янзтай. Алдарыг шоронд оруулсан Маралаа маань харин энэ хооронд
сэтгэлээ ариусган машинаа угаалгасан шиг явж байгаа нь жаахан тиймхэн. Хотод
өсвөр насны охин шиг хувцаслан давгүй машин унаад зугаалж явсан Маралаа маань
Алдарыг Дарханд очоод уулзахад өвчтэй охиноо эмчлүүлэх мөнгө хайсан зовлонт
эхийн дүртэй болчих нь жаахан зөрчилтэй санагдсан. Зөрчилтэй ч гэх үү хийсвэр ч гэх үү бас
нэг дүр бол Канжигийн туслах эмэгтэйн дүр. Царайлаг, өндөр, залуухан эмэгтэй
боссынхоо баруун гар нь төдийгүй хамтдаа хар тамхи татаад л, амраглачихдаг
тэгсэн хэрнээ Кадастрын алба ороод ажил хөөцөлчихдөг ёстой “универсаль” туслах байна лээ.
Өшөө авалтын хэсэг дээр өнөөх атаман Аххүү маань цагдаа болж таараад ямар ч
гэсэн сайн тал дандаа ялах нь тодорхой болоод явчихна. Энэ хэсэг дээр өнөөх
найзуудаасаа өөр дотны хүнгүй Алдарын маань урваагүй найз нь (загвар өмсөгч нэг залуу тоглосон) машинаа зээлүүлэхээс өөр ямар ч
үүрэг рольгүй байгаа нь жаахан тиймхэн. Энэ хэсгийг нь үзэж суухдаа зодооны
хэсгийн найруулга манайд жаахан тааруу юм даа гэж бодож суулаа. Уг нь гол
баатар маань мотоциклийн дуулгаа бариад ирэхээр нь тэрүүгээрээ балбаж өгөх нь гэж бодож байсан чинь шидчихээд улаан гараараа
болон Old Boy кинон дээрхи шиг алх ч юм уу сүх ч юм уу бариад
үзэлцээд л байна лээ.
Эцэст нь хэлэхэд манай зах зээл жижиг ч гэсэн киночид маань улам л сайжраад
байна. Жүжигчид маань тогтсон дүрээ эвдээд, зохиолчид маань логик холбоос сайтай
өрнөлтэй зохиолоо бичээд явчихвал ер нь
л хөгжих гээд байна шүү
8/10
Tuesday, May 19, 2015
“Зүйлсийн Интернэт” ба Маркетинг
Маркетерууд бид шинэ трендийг соргогоор олж харж дасан зохицохгүй бол хатуу ширүүн өрсөлдөөн, “хаврын тэнгэр” шиг ааштай хэрэглэгчийн зан төлвөөс хамаараад хаягдах аюултай. Зүйлсийн интернэтийн талаар Гүүглийн ахлах инженер Баттулгын блогоос анх уншаад сонирхолтой санагдаж маркетингид яаж нөлөөлөх талаар нь сонирхож үзлээ. Internet of Things буюу Зүйлсийн интернэт гэдэг нь энгийнээр хэлбэл бидний эдэлж хэрэглэдэг бүх зүйлс хоорондоо интернэтээр холбогдож илүү ухаалаг болох трендийг хэлж байгаа юм байна. CMO.com дээр Жизель Абромовичийн бичсэнээс дүгнэхэд дараагийн 5-10 жилийн дотор нилээн их зүйл өөрчлөгдөх төлөвтэй байна. Хамгийн сонирхолтой санагдсан таамаглалуудыг нь түүвэрлэвэл
• 2020 он гэхэд интернэтэд холбогдсон зүйлсийн тоо 50 тэрбумд хүрч нийтдээ 19 триллион долларын ашгийн болон зардлын хэмнэлтийг бий болгоно.
• Гэр ахуйн электрон хэрэгслүүд зүйлсийн интернэтийн хамгийн гол хэсэг болох төлөвтэй бөгөөд 2019 он гэхэд нийтдээ 490 тэрбумын потенциал бүхий зах зээл болно.
• Зүйлсийн интернэтийн технологийн зах зээл 2025 он гэхэд 6,2 триллион долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ өсөлтийн 2,5 триллион эрүүл мэндийн салбараас 2,3 триллион нь үйлдвэрлэлээс орж ирэх байх гэж таамаглаж байна.
• 2020 он гэхэд нийт автомашины 90% нь интернэтэд холбогдсон байна.
• Женерал Электрикийн таамагласнаар интернэтэд холбогдсон зүйлсийн дата, өгөгдлийн шинжилгээний зах зээл дараагийн 3 жилд 200 тэрбумд хүрнэ.
Энэ таамаглалуудаас харахад биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүд ч дараагийн хэдэн жилд айхтар хувьсаж өөрчлөгдөх төлөвтэй байна. Интернэтэд холбогдсон зүйлстэй болсон хэрэглэгчдийн зан төлөв ч гэсэн бас дагаад өөрчлөгдөх биз. Бараг л хөргөгч нь эзнийхээ өмнөөс хэрэгцээтэй зүйлсийн худалдан авах шийдвэрийг гаргалцаад явчих юм байна. Нөгөө талаас датанд суурилсан маркетинг нилээн хөгжих төлөвтэй юм байна. Интернэтэд холбогдсон зүйлс эзнийхээ хэрэглээний зан төлвийг яг таг маркетеруудад хэлээд өгчих учраас шийдвэр гаргалт улам нарийн болох нь ээ.
Эх үүсвэр:
http://www.cmo.com/
Sunday, May 17, 2015
Үнэ цэнэтэй брэндийн жагсаалт
#Forbes сэтгүүлийн 2015 оны хамгийн үнэ цэнэтэй глобаль брэндийн жагсаалт сая 05.13 нд вэб дээр тавигдаж. Эхний 5 байрны 4-ийг нь технологийн компаниуд эзэлсэн байх юм. Эппл өмнөх жилтэй харьцуулахад 17% өсөлттэй байх нь ч аргагүй биз харин хуучин бууны хугархай Майкрософт тийм ч хурдан байраа тавьж өгөхгүй нь гэхдээ брэндийн үнэ цэнэ нь Apple -аас 1 дахин бага байгаа тэднийг илүү ажиллах хэрэгтэйг нь харуулж байна.
Форбесийн 2015 оны жагсаалтын эхний 5 брэнд
1. #Apple 145.3 тэрбум
2. #Microsoft 69,3 тэрбум
3. #Google 65.6 тэрбум
4. #Coca_Cola 56 тэрбум
5. #IBM 49.6 тэрбум
Дашрамд хэлэхэд брэндийн үнэ цэнийг тооцох аргачлал нь янз бүр байдаг. Зах зээлийн судалгаа, санхүүгийн гүйцэтгэл, брэндэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд суурилан г.м ялгаатай байдлаар тооцдог. Тийм ч учраас боловсруулсан байгууллагын аргачлалаас хамааран үнэлгээний хэмжээ, жагсаалтанд эзлэх байр өөр өөр байдаг. Үнэ цэнэтэй брэндийн жагсаалтыг боловсруулж гаргадаг байгууллагуудаас Interbrand болон Brand Z жагсаалт их нэр хүндтэй. Brand Z -ийн 2015 оны жагсаалт энэ сард зарлагдах юм байна.
http://www.forbes.com/powerful-brands/list/#tab:rank
Форбесийн 2015 оны жагсаалтын эхний 5 брэнд
1. #Apple 145.3 тэрбум
2. #Microsoft 69,3 тэрбум
3. #Google 65.6 тэрбум
4. #Coca_Cola 56 тэрбум
5. #IBM 49.6 тэрбум
Дашрамд хэлэхэд брэндийн үнэ цэнийг тооцох аргачлал нь янз бүр байдаг. Зах зээлийн судалгаа, санхүүгийн гүйцэтгэл, брэндэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд суурилан г.м ялгаатай байдлаар тооцдог. Тийм ч учраас боловсруулсан байгууллагын аргачлалаас хамааран үнэлгээний хэмжээ, жагсаалтанд эзлэх байр өөр өөр байдаг. Үнэ цэнэтэй брэндийн жагсаалтыг боловсруулж гаргадаг байгууллагуудаас Interbrand болон Brand Z жагсаалт их нэр хүндтэй. Brand Z -ийн 2015 оны жагсаалт энэ сард зарлагдах юм байна.
http://www.forbes.com/powerful-brands/list/#tab:rank
Thursday, May 14, 2015
Youtube дээр видер хичээлүүд, FB дээр Маркетер Нандиа
2008 онд саваагүйтэж маркетингийн мультимедиа сурах бичиг гаргаж билээ. Оюутнуудад дахин дахин тайлбарлахаас өөр аргагүй байдаг үндсэн ойлголтуудаа видео болгочихвол амар юм байна гэж залхуурсан ухаантай. Тухайн үедээ өөрийн заадаг байсан Маркетингийн Удирдлага, Маркетингийн судалгаа, Борлуулалтын удирдлага гээд 3 хичээлийн нийт 38 бүлэг хичээлийн слайдаа гүйлгээд өөрийн хоолойтой цуг биччихээд зөндөө их зүйл их хийчихлээ гэж баахан онгирсон. Саяхан нэг PC-гээ ухаж байгаад дахин өнөөх видео хичээлүүдээ үзлээ. Хэдийгээр олон жилийн өмнө гаргасан ч хэрэгтэй хүн нь үзвэл бас юм авахаар юм байна. Ингээд л өнөө баахан видео хичээлүүдээ өөрийнхөө Youtube суваг дээрээ байрлуулчихлаа. Youtube сувгийнх нь хаяг нь энэ https://www.youtube.com/user/nandinerdeneb Ерөнхийдөө видео хичээлийг үзэхдээ бүгдийг нь нэг дор биш аль болох нэг нэгээр нь, зав зайгаараа үзвэл илүү үр дүнтэй санагдсан. Ном уншихаас залхуу тань хүрдэг бас богино хугацаанд ерөнхий ойлголт авах сонирхолтой хүнд видео хичээл маш тохиромжтой. Жишээ болгоод Маркетингийн Удирдлага хичээлийнхээ 1-р бүлгийг энд тавьчихлаа.
Нэгэнт л видео хичээлүүдээ нээлттэй болгочихсон юм чинь FB дээр хуудастай болмоор санагдаад https://www.facebook.com/marketerNandia гээд хуудас нээчихлээ. Маркетинг, менежментийн талаар өөрийн уншсан, сонссон бага ч гэсэн зүйлээ бусадтай хуваалцая гэж санагдсаныг нуух юун. Ер нь зорилтот сонсогчоо зөвхөн ангид суугаа 30 хүүхэд эсвэл СЭЗДС-ийн оюутнууд гэж төсөөлөх нь буруу юм байна. Аль болох жаахан ч гэсэн уншиж судалсан зүйлээ хуваалцаж, бусдаас суралцахад FB сайхан тохирох санагдлаа. За тэгээд хэрэг нь гарвал Youtube -ээр орж видео хичээлүүд үзээд хажуугаар нь FB дээрхи Marketer Nandia хуудсаар зочилж хэрэгтэй пост байвал лайк дарчихна бизээ :-)